Ногоон хайрцагны “олз”-той дуулиант нэгжлэг юу өгөв
2013/07/29
-Т.БИЛЭГТИЙН ХҮҮ Б.ПҮРЭВДАШ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЗАГДЖАВ НАРЫН ТҮНШЛЭЛ “АСУУДАЛТАЙ” ЮМ БИШ БИЗ-
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн гэрийг, гэргийтэй нь, худынхтай нь нэгжиж бүтэн өдөржин олон нийтийг түгшээж цочирдуулсан сүржин ажиллагаа одоогоос арав гаруй хоногийн өмнө болсон. Харин энэ ажиллагаа ямар үр дүн өгсөн, хэнд хэрэгтэй байсан нь тодорхойгүй. Үүгээр АТГ болон хамтран ажилласан байгууллагыг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ “түгшээхийн тулд л түгшээсэн” юм биш байгаа гэх хардлага төрүүлснийг нуух юун.
Нэгжлэгийн үр дүнд ногоон хайрцагтай бичиг баримт, Н.Энхбаярын эзэмшиж байсан компьютер, гар утас зэргийг авсан гэцгээж байсан. Энэ нь эдүгээ шалгагдаж буй хэргүүд болон сэжигтэн Т.Билэгт тэргүүтэнд ямар хамааралтай байсан нь одоогоор тодорхойгүй байна. НИТХ-ын дарга гэдгээс гадна Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан учраас Т.Билэгт бусдаас “арай илүү” мэдээлэлтэй байгаа нь ойлгомжтой.
Тиймээс ч “Интерполын эрлээ зогсоогооч, өөрөө гүйгээд ирье” хэмээсэн утгатай зурвас Хууль зүйн сайдад атгуулаад “эвтэйхэн” зохицуулахаар ирсэн. Түүнийг ирмэгц нь баривчилсан ч төд удалгүй батлан даалтад гаргасан билээ.
Сонирхолтой нь Т.Билэгт хуульд хүндэтгэлтэй хандсандаа, эсвэл нэр хүнддээ хайртайдаа ч Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоохыг хүссэн захиаг Хууль зүйн сайдад илгээгээгүй юм. Харин Интерполоор эрэн сурвалжлагдаж байх хугацаанд түүний визний хугацаа дуусах болж сунгуулах боломж олдохгүй, аргагүй байдалд орохын эрхэнд ийнхүү захиагаар хэл амаа ололцох аргыг сонгосон нь тэр байж. Гэвч Т.Билэгтэд бас нэг боломж байсан. Энэ нь АНУ-д цагаачлах явдал. Тэр улс төрийн албан тушаал хашиж байсан хийгээд Н.Энхбаярын хуучны түншүүдтэй холбогдох замаар цагаачлал хүсэж болно гэж бодож олсон аж.
Гэтэл одоо “Цагаачлал хүсээгүй. Энэ бол ташаа мэдээлэл” хэмээн тайлбарлаж байна. Баттай эх сурвалж нь Авлигатай тэмцэх газар. Бүр цаашилбал АНУ-ын Интерполын төв товчоо. Тус товчооноос АТГ-т ирүүлсэн албан бичигт Т.Билэгтийг цагаачлал хүссэн тухай мэдээлсэн, энэ талаарх мэдээллийг дэлхий нийтэд цацсан. Харин одоо “Манай улсын иргэн Т.Билэгт цагаачлал хүсээгүй байхад яагаад ингэж мэдээлсэн бэ. Уг мэдээлэл үнэн баттай эсэхийг хэрхэн нотолж байна вэ. Нотолж чадахгүй бол залруулна уу” гэсэн асуудлаар түүний өмгөөлөгч нь АНУ-ын Интерполын төв товчоонд хандаад байгаа аж.
Ер нь яагаад хоёр жилийн өмнө хэрэгсэхгүй болгосон хэрэг нь өнгөрсөн жил сөхөгдөж эдүгээ баривчлан хорив. Тухайлбал 2011 оны долоодугаар сард түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн оны арваннэгдүгээр сард “зүрхний шигдээс” гэдэг айхавтар оноштой хүн өндөр хөгжилтэй оронд өвчнөө эмчлүүлэхийг бодолгүй л яах вэ. Гэтэл тэр хооронд Н.Энхбаяр дарга нь хуучин намаасаа гарч шинэ нам байгуулаад, даргалаад, баригдаад, суллагдаад, шүүгдээд ял авчихаад байна. Үүнтэй нь ч холбоотойгоор Т.Билэгтийг шалгаж эхэлж. Ингээд удаа дараа гэрт нь очих замаар, эсвэл гэр бүлийнхэнтэй нь утсаар холбогдож дуудах гэсэн ч бүх боломж хаалттай байсан тул Интерполд хандахад хүрчээ. Дашрамд дурьдахад визний хугацаа дуусахаас өмнө бол Т.Билэгт ямар нэг байдлаар холбоо барихаас зайлсхийн зугтаад байсан талаар эх сурвалж мэдээлсэн байна билээ.
Ийнхүү байдал бишдэж нутгийнхаа зах руу орох боломжгүй, хил дээр тун эвгүй байдлаар баривчлагдах хоригдох нөхцөл угтаж буй нь эртнээс мэдэгдсэн аж. Тиймээс ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Т.Билэгтийн хүү нь өмгөөлөгч Д.Батсүхтэй уулзаж туслалцаа хүсчээ. Магадгүй тэр хүү нь хэвлэлд ганцхан удаа бичигдэж байсан Б.Пүрэвдаш нь байж ч мэдэх юм. Японд өндөр боловсрол эзэмшсэн ч одоо хүртэл тогтвортой ажил алба эрхэлж байгаагүй түүнийг УИХ-ын гишүүн асан Д.Загджавтай хамтран газрын наймаанд хөл тавьсан гэлцдэг. Тэр ч байтугай Богд уулын бэлд авсан газраа хамтран эзэмшихээр төлөвлөсөн ч эргэлтэд оруулалгүй хадгалсаар байгаа. Энхтайван найрамдлын ордныг наймаалахад мөн л гар нийлсэн гэдэг.
Тэгэхээр Т.Билэгтийг баривчлагдсаны дараа Н.Энхбаяр, түүний худ С.Төмөрийнд нэгжлэг хийж таарсан учраас л “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонин барилгын хувьчлал гэж төөрөлдөөд байгаа юм биш биз. Гол фокус нь Н.Энхбаярын ивээл дэх газрын наймаачин Д.Загджавын Т.Билэгтийн хүүтэй хамтран хийсэн гэх газрын наймааны хэрэг дээр чиглэж байсан бол яах вэ.
Өнөөдрийг хүртэл Н.Энхбаяр, С.Төмөр нарынд яагаад хувьчлал хийсэн талаар хэн ч дуугарсангүй. Ямар ч тохиолдолд ам нээхгүй байх үүрэг даалгавартай байгааг ч эх сурвалжууд нуухгүй байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр цахим хуудаснаа “Монгол Улс 27 Ерөнхий сайдтай. 11-ийг нь буудаж алсан. Одоо нэгийнх нь биеийн байдал муу байна” хэмээн намын даргынхаа талаар хатуухан үгсээр “жиргэв”. Тэгэхээр УИХ-ын гишүүд, тус намынхан ч тодорхой мэдээлэлгүй байгаа бололтой. Тэр ч байтугай Н.Энхбаярыг баривчлагдсаных нь дараа нэлээд цочирдсон гэмээр ярилцлагыг шөнө дунд гэлтгүй өгч, өширхөл гомдлоо нууж ядан байсан О.Цолмон ч өнөөдрийг хүртэл ганц үг ганхийсэнгүй.
“Том” хүний хэрэг том байх гэхээсээ илүү өргөн хүрээг хамарсан байдаг аж. Түүнээс биш Н.Энхбаярын шүүхээс сонссон хохирлын хэмжээнээс давсан хэрэг цөөнгүй буй. Иймд өргөн хүрээг хамарсан учраас асууж мэдүүлэг авах хүн олонтой байгаа хэрэг хэмээн олон нийт үзэж Т.Билэгтийг, өөр хэнийг ч дуудаж мэдүүлэг авсан тэгтлээ гайхахгүй бололтой. Гэтэл үүний цаана яагаад Т.Билэгт, өөр бусад хүн Н.Энхбаярын хэрэгт холбогдолгүйгээр, зөвхөн өөрийнх нь хашиж байсан албан тушаалтай хамаарах асуудлаар шалгагдаж болохгүй гэж. Энэ талаарх анхаарал тавих нь багасч, амралт, наадмаа илүүд үзчихээд хожим нь албан байгууллагуудын ажил цэгцэрч дээлээ тайлаад костьюмаа өмсөөд ирэхийн цагт хэнийг, яаж хомроглон баривчиллаа гэж улстөржүүлэн жүжиглэх бол.
Монголчууд аалзны шүлс шиг хэрсэн авлигын торноос хэн нэгэн шударга хүмүүн ирж салгахыг сүүлийн арав гаруй жил мөрөөдлөө. Харин одоо энэ ажлаа хийх гэхээр нь хийрхэж, улстөржүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал сайнсан. Нөгөөтэйгүүр хуулийн байгууллагууд ч ажлаа хийхдээ сүржигнэхээсээ илүү ил тод ажиллаж, олон нийтийг цочирдуулахгүй байх, учир битүүлэг санагдахуйц “жүжиг” тавихаа багасгавал зорилгодоо хүрэхэд хялбар болов уу.
У.Оргилмаа