Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах хэсэг 2012 оноос хойш дөрвөн удаа шинэчлэн байгуулагдаж байгаа юм.

Учир нь сайд нар нь байнга солигддог яамны хувьд харин ч бага ч солигдсон байж мэдэх юм. Барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус 14 байгууллага, НЗДЕГ, салбарын эрдэмтэн, судлаачдаас 168 санал ирүүлснээс 122 санал буюу 73.5 хувийг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуульд норм дүрэм, журмаар зохицуулагдах олон жижиг асуудлыг оруулсан нь хуулийг хэтэрхий нүсэр болгосон гэж шүүмжлэх хэсэг ч багагүй байгаа юм.

Барилгын тухай хууль анх 1998 онд батлагдаж байсан. Цаг үеэ даган хуулиа шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа ч арай л удаад байгаа юм биш үү. Барилгын салбар улирлалаасаа хамаарч удаан баригддагтай адил хууль нь мөн улирлалаа хараад байгаа юм болов уу. Одоогийн хууль долоон бүлэг 26 зүйлтэй, үүнийг есөн бүлэг 53 зүйлтэй болгон өөрчилж байгаа юм.

Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч, хэрэглэгч, иргэний эрх үүргийг тодорхой болгон бүхий л асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан. Түүнчлэн барилгын үйл ажиллагаа эхлэхээс дуусгах хүртэлх харилцааг зохицуулсан. Барилгын тусгай зөвшөөрөл авах шат дамжлагыг багасгасан хэмээн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэлсэн юм.

Хууль батлагдсанаар:

Барилгын салбарт, оролцогчдын үүрэг, хариуцлагын тогтолцоо тодорхой болгох,

Барилгын салбарын стандарт норматив баримт бичгийг дэвшилтэт теник, технологийн шинэчлэлтэй нийцүүлэх,

Барилга байгууламжийн төлөвлөлтийг газрын харилцааны асуудалтай нягт уялдуулан зохион байгуулах,

Бизнес эрхлэх таатай эрх зүйн орчин бүрдүүлэх,

Төрийн зарим чиг үүргийг ТББ гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Т.Буянаа