Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

 

Ингээд байнгын хорооны гишүүдийн 62.5 хувь нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзээд дэмжив. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүхийн шинэчлэл хийх хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өөрчлөн аймаг, дүүрэг бүрт байсан давж заалдах шатны шүүхийг тойргийн хэлбэрт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, аймаг тус бүрт байсан давж заалдах шатны шүүхийг гурван аймгийн дунд нэг гэх мэт хэлбэрээр байгуулсан нь Үндсэн хуулийн зөрчил болжээ гэсэн шийдвэрийг Цэцээс гаргасан юм.

 

Харин Ерөнхийлөгч Цэцийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж хориг тавиад байгаа юм. Гэтэл энэ нь Монгол Улс Үндсэн хуультай болсон 23 жилийн хугацаанд төрийн тэргүүн Цэцийн шийдвэрт хориг тавьсан анхны тохиолдол болж буй. Ямартай ч хориг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлсэн болон Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэрхэн хариулсныг хүргэе.

 

Ц.Нямдорж: -Энэ ертөнцөд үнэн юм гэж байдаг бол Цэцийн дүгнэлт тэртэй тэргүй энэ байдлаараа гарна. Захиргааны хэргийн шүүхийг дахин дахин яриад байх юм. Үндсэн хуулийг батлахад энэ шүүх байгаагүй юм. Энэ бол захиргааны бүх зөрчил шийддэг шүүх биш. Харин захиргааны шийдвэр гаргадаг эрх бүхий субъектыг харьяалсан л шүүх.

 

Ийм шүүхийг Дээд шүүхийн хяналтаас гадуур байлгаж болохгүй гэж Үндсэн хуульд заачихсан юм. Үндсэн хуульд заасан эрүү, иргэний төрлөөр гэдэгт хүүхдийн, татварын гэх мэт шүүх багтдаг. Үндсэн хуулийг баталж байхад эрүү, иргэний шүүхийг салгах тухай хэн ч юу ч яриагүй. Тэнд ямар ч маргаан гараагүй. Үүнийг буруу ойлгож яриад будилаан хутгаад байх юм.

 

Эцэст нь яалт ч үгүй л Үндсэн хуулийн асуудал босч ирээд байна даа.Цэц бол маргаан шийддэг газар шүү дээ. Энэ маргаанд нэг талаас иргэн нөгөө талаас УИХ гэсэн субъект оролцож байгаа юм шүү. Эдний хооронд гарсан маргааныг Цэц Үндсэн хуулийн өнцгөөр харж, эцсийн шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авна, авахгүй гэж тогтоол гаргаж байгаа чинь нэг эцсийн шийдвэрээ гаргаж байгаа хэлбэр нь тэр. Цэцэд өрнөж байгаа иргэний маргаанд хөндлөнгөөс хэн ч оролцож болдоггүй. Үүнийг ойлгож байна уу үгүй юү.

 

Ерөнхийлөгч хориг тавиад хөндлөнгийн маргаанд оролцоод замаас нь тээг тавиад эхэллээ. Энэ чинь Үндсэн хуулийн зөрчил мөн. Мэдээж УИХ-ын гишүүн үүнийг шийддэггүйг би мэднэ л дээ. Гэхдээ наадах чинь асуудал үүсгэнэ шүү. Яагаад гэхээр шүүх эрх мэдлийн байгууллагад өрнөж байгаа маргаанд гүйцэтгэх засаглалынхан хөндлөнгөөс оролцлоо шүү. Үүнийгээ битгий мартаарай. Хамгийн сонирхолтой нь Ч.Өнөрбаяр тайлбар хийх замаар Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгөөд байгаа байхгүй юу.

 

Уг нь хүлээгээд авчихмаар байгаа юм, нэгдүгээрт, цаг хугацааны хувьд болохгүй байна. Хоёрдугаарт, мөнгө байхгүй байна гээд байгаа юм. Наадах чинь Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ярихад зөрчжээ гэдэг шийдвэр гаргахад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ шүү. УИХ дээр ярьсан юм чинь. Ч.Өнөрбаяр аа, сайн байна чи, амжилт хүсье, баяр хүргэе чамд, даргаа барьж өгсөнд чинь.

 

Ч.Өнөрбаяр: -Эрүү, иргэний хувьд Цэцийн дүгнэлт гарсан. Гэхдээ 2004 онд захиргааны хэргийн шүүхийг байгуулаад 2005 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн. Улсын хэмжээнд ганцхан давж заалдах шатны шүүх байсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ байдлыг нэг ч удаа Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц хэлээгүй. Эрүү, иргэнээр дагнаад ирэхээр Үндсэн хууль зөрчөөд байдаг ойлгомжгүй асуудал байна.

 

Гэтэл Үндсэн хуульд эрүү, иргэний дагнасан шүүх байгуулж болно гэдэг заалт байж байгаа. Дээрээс нь Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн зөрчөөгүйг УИХ-ын гишүүн тогтоохгүй гэж бодож байна. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхийн асуудал. Хоёрдугаарт, хоригийг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд тавиагүй, УИХ-ын тогтоолд тавьсан юм. УИХ-аар шүүхийн дүгнэлтийг баталсан учир эргэж хараач ээ гэдэг үндэслэлийг тавьж байгаа юм. Эцсийн шийдвэр та бүхэнд хадгалагдаж байгаа.

 

Ө.Энхтүвшин: -23 жилийн дотор анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч ийм хориг тавьж байна гэж танилцуулаад байна. Би ганцхан логик талаас нь гайхаж байна. УИХ хууль гаргаж түүнийг Үндсэн хуулийн Цэцээс дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн байна гээд шийдчихсэн байна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ авч хэлэлцээд тийм байна гээд хүлээгээд авсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьчихаж. Энэ логик талаасаа юу болоод байна вэ.

 

Ч.Өнөрбаяр: -Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа дүгнэлт гаргана, дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол их суудлаар эцсийн шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуулийн эцсийн шийдвэр гарсан бол түүнийг хэн ч хянах эрхгүй гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байдаг. Тиймээс энэ бол процессын дагуу явж байгаа хориг болохоос Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрийг хориод байгаа асуудал биш.

 

Х.Тэмүүжин: -Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй огт хамаагүй. УИХ- ын тогтоолтой холбоотой. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцээд Үндсэн хуулийн Цэц их суудлын хурлаараа асуудлыг авч хэлэлцэх боломж байна гэсэн санаатай, ийм хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ярих нь зохимжгүй юм.

 

Хоёрдугаарт шүүхийн зохион байгуулалттай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэж. Ийм зохион байгуулалтыг өргөн барьсан Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү. Тиймээс адилхан Үндсэн хуулийн маргаантай гэж ойлгож болно.

 

М.Өнөржаргал