Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өргөх механизмын /лифт, эскалатор, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж/ өнөөгийн байдлыг шалгажээ.

Манай улсын хэмжээнд 4172 лифт байдаг. Эдгээрийн 56 хувь нь тав хүртэл, 27 хувь нь 5-10, 10 гаруй хувь нь 10-20, 6.5 хувь нь 20 ба түүнээс дээш жил ашиглагдсан гэсэн судалгаа гарчээ.

195 байгууллагын 511 лифтийг шалган 2288 зөрчил илрүүлсний 150 нь зураг төсөл, барилга угсралттай, 2138 нь лифтийн угсралттай холбоотой байлаа. Тухайлбал барилгын зураг төсөлд тусгаснаас бага даац, хурдтай лифт суурилуулдаг, лифтний машины өрөө, хонгилыг айлын ханатай хамтатган төлөвлөсөн зөрчил нийт зөрчлийн 30 хувийг эзэлжээ.

Мөн нэг хонгилд хэд хэдэн лифт угсрахаар төлөвлөхдөө лифтийн бүхээгийн зам төмрийг бэхлэх хэсгийн металл хийцийн байрлал, ачаалал даах тооцоог зураг төсөлд бүрэн тусгалгүйгээр суурилуулдаг байна. Энэ нь нийт зөрчлийн 14 хувийг эзэлж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй гэсэн үг юм. Тухайн лифт паспортгүй, ашиглагч, хариуцагчгүй, лифтний бүхээгний хаалганы тохиргоо алдагдсан, мэргэжлийн лифтчингүй зэрэг зөрчил ч цөөнгүй илэрсэн байна.

Лифт ашиглагч 132, угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагын 257 лифтийг хяналтын хуудсаар шалгахад 45 нь бага, 194 нь дунд, 18 нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтын хэсэг 1114 зөрчил илрүүлсний 510-ыг газар дээр нь арилгуулж, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж, зааварчилга өгч, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт тавьсан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд шинэчлэх шаардлагатай 273 лифтийг солих тухай албан тоотыг Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвд хүргүүлэхээр болжээ.

Улсын хэмжээнд ашиглалтын хугацаа дууссан 140 байгууллагын 922 лифтний 649-ийг нь шинэчилсэн бол 273-ыг шинэчилж чадаагүй байна.