ОХУ-ын Байгал нуур 30 мянга гаруй шоо дөрвөлжин километр талбайтай, дэлхийн хамгийн том цэнгэг нууранд тооцогддог. Тус нуур дэлхийн цэнгэг усны нийт нөөцийн 5-ны нэгийг агуулдаг байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Байгал нууранд үйлдвэрийн хаягдал ус цутгаж, үүнээс үүдэлтэйгээр хортой замаг ургах нь ихэсчээ. Улмаар энэ нь Байгал нууран дахь амьтан, ургамлын төрөл зүйлүүдэд аюул учруулж эхэлсэн байна.

Иркутскийн нуур судлалын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар, Байгал нуурын ихэнх хэсэгт Спирогира гэх ногоон замаг тархсныг илрүүлсэн байна. Мөн германы судлаачид нуурын гүнээс авсан усны дээжинд хийсэн шинжилгээгээр далайн хөвөн гэх ус цэвэрлэдэг амьтны тоо толгой эрс цөөрснийг тогтоожээ. Далайн хөвөн өдөрт дунджаар 20 литр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, иймээс нуурын усыг цэнгэг байлгахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Экологийн дахин давтагдашгүй тогтоц бүхий Байгал нуурыг Шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой гэж үзэн, Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Иймээс Байгал нуурын цэнгэг байдлыг хамгаалж, биологийн төрөл зүйлүүд устан үгүй болохоос сэргийлэх яаралтай арга хэмжээ шаардлагатай байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Эх сурвалж: mnb.mn