УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудалд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай оржээ. Уг хуулийн төслийн Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нар санаачилжээ. Гишүүдийн хувьд сурын харвааг хөгжүүлэхийн тулд Монгол үндэсний сурын цол чимэгийг агууламжийн хувьд сайжруулах хэрэгтэй гэж үзсэн байна.

Тухайлбал Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3-р байр эзэлсэн харваачид “Гоц харваач” цол, 2-р байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэн, улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор хуульчилах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Мөн Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэн, улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгох гэнэ. Хэрвээ ингэж өөрчлөхгүй бол Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд 6 удаа түрүүлж Дархан мэргэн цол хүртсэн харваач 94 жилийн түүхэнд 1 эмэгтэй харваач байна. /эмэгтэй харваач 65 м, эрэгтэй харваач 75 метрээс харвадаг /. Энэ нь сур харвааны хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй ажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол үндэсний сурын цол чимэгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд өсөхийн сацуу Монгол түмний соёлын өв болсон үндэсний сурын харвааг сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед төр засгаас дэмжсэн төрийн бодлого байна гэдгийг төсөл санаачлагчид мэдэгдэж байгаа.

Төсөлтэй холбогдсон төсвийн ямар нэг зардал гарахгүй ажээ.

Харин харваачид Дархан мэргэн, даяар дуурсах мэргэн, гарамгай харваач, гоц харваач цолтнууд нэмэгдэх ажээ. Тодруулбал энэхүү хууль батлагдсанаар Дархан мэргэн цолыг 4 / 2 эрэгтэй,2 эмэгтэй /, Даяар дуурсах мэргэн 3 / 2 эрэгтэй, 1 эмэгтэй /, Гарамгай харваач цолоор 20/10 эрэгтэй, 10 эмэгтэй /, Гоц харваач цолоор 21/12 эрэгтэй, 9 эмэгтэй / тус тус нөхөж олгодох ажээ.

Уг хуулийн төслийг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх юм. Улмаар асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа