Монгол түмэн цагаан сарын золголтоо хийхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Баярын гол хүндэтгэл болох ууц, хэвийн боов, буузыг энэ жил хэдэн төгрөгөөр худалдаалж буй талаар сурвалжиллаа. “Хүчит шонхор” захыг зүглэх машины тоо ч нэмэгдэж, замын түгжрэл тэр хэрээр нэмэгдсэн байв.

Бид 40 минут замын түгжрэлд зогсч, зах дээр очиход хөл хөдөлгөөн нэлээд их байлаа. Учир нь зарим хүн цагаан сарын бэлтгэлээ аль хэдийнэ базааж эхэлсэн нь тэр. Зүүн, баруун аймгийн бүх л сумаас ирсэн ууц, хонь ямааны гулууз махыг “портер” машин дээр эгнүүлэн тавьжээ. “Та аль аймгийн ууц сонирхож байна. Наашаа хүрээд ир. Дундговь аймгаас ирсэн том сүүлтэй ууц байна. Сайн яриад хямдхан аваарай” гээд хүмүүсийг явуулахгүй, бие биенээсээ өрсөн хоргоох нь орлого багатай байгааг илтгэж байх шиг. Энэ жилийн хувьд махны үнэ өмнөх жилтэй харьцуулахад нэлээд хямд байна. Тийм болохоор ууц ч мөн адил тэр хэрээр боломжийн үнэтэй байх болов уу гэсэн иргэдийн таамаглал нэг их хол зөрсөнгүй. Тодруулбал, цагаан сарын хүндэтгэлийн зоог болох ууц “Хүчит шонхор” зах дээр хэмжээ, өнгө үзэмжээсээ хамааран 90-280 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус захын махны ченж Б.Билэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

Б.Билэгээ: ТҮРЭЭС БАГА БОЛ УУЦ ҮҮНЭЭС Ч ИЛҮҮ ХЯМД БАЙХ БОЛОМЖТОЙ

 

-Таны зарж буй ууц аль аймгийнх вэ. Хэдээс хэдэн төгрөгийн хооронд байна вэ?

 

-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас авчирсан. Ерөнхийдөө, 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

-Энэ жилийн хувьд мах маш хямд байгаа. Гэтэл ууц арай л үнэтэй байх шиг санагдлаа. Нэг ууцыг малчдаас хэдэн төгрөгөөр авдаг вэ?

 

-Тиймээ. Арай л үнэтэй байгаатай санал нэг байна. Ууц үнэтэй байгаад олон зүйл нөлөөлж байна. Малчдаас хонины нэг кг махыг 2800 төгрөгөөр авдаг. Харин ууц хэмжээнээс хамаараад харилцан адилгүй үнэтэй. Бид малчдаас авсан үнэн дээрээ 20-50 мянган төгрөг л нэмдэг.

 

-Та ууц үнэтэй байгаа нь олон шалтгаантай гэлээ. Жишээлбэл, юу нөлөөлж байна вэ?

 

-Түрээс, олон янзын татвар татаас их байна. Жишээлбэл, захын хаалгаар ороход 1000 төгрөг, зогсоолын түрээс өдрийн 30 мянга, ариун цэврийн гэрчилгээний 3000 төгрөг төлдөг. Өдөрт барагцаагаар 40 мянган төгрөг төлж байна. Үүнийг ченжүүд махныхаа үнэнд шингээдэг. Хэрэв зогсоолын түрээс ядаж 10-15 мянган төгрөг байвал тодорхой хэмжээгээр ууцны үнэ буурна. Ариун цэврийн шаардлага хангахгүй, гадаа талбайд нэг машины зогсоол өдрийн 30 мянган төгрөг байна гэдэг арай л үнэтэй санагдаж байна. Махны гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээтэй махыг орон нутгаас оруулж ирдэг. Гэтэл энд ирээд дахиад ийм гэрчилгээ авдаг. Үндсэндээ орон нутгийн шинжилгээг үгүйсгэж байгаа юм. Олон дахин мөнгө төлөхгүйгээр нэг л удаа авдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Цаг, мөнгөнд хэмнэлттэй. Аль ч талдаа ашигтай.

 

ИРГЭД ДУНДАЖ УУЦ СОНИРХОЖ БАЙВ

Ченжүүд өглөө 05.00 цагт зах дээр ирэхгүй бол зогсоол олддоггүй гэнэ. Тэд ууцыг хэмжээ, өнгө үзэмжээс нь шалтгаалан харилцан адилгүй үнэтэй худалдаалж байна. Тухайлбал, 40-50 килограммтай ууц 250-280 мянга, 20-25 килограммтай нь 100- 120 мянган төгрөгийн үнэтэй. Эдийн засгийн хямралтай, цалин, тэтгэвэр, тэтгэмж тогтмол хугацаандаа буухгүй байгаа болохоор 280 мянган төгрөг бэлэн тоолж өгөөд ууц авах хүн ховор байгаа талаар ченжүүд ярьлаа. Хүмүүс ихэвчлэн дунд зэргийн ууц буюу 90-150 төгрөгийн ханштай ууцыг сонирхдог байна. Гэхдээ өнгөрсөн жилийнхээс 100-200 мянган төгрөгөөр хямд байгаа гэдгийг тэд онцолж байв.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭН О.ААЯА: БОЛОМЖИЙН УУЦ АВАХАД 150 МЯНГАН ТӨГРӨГ ХАНГАЛТТАЙ

-Би ууцаа 120 мянган төгрөгөөр авлаа. Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас ирсэн юм байна. Зүүн зүгийн таана, хөмүүлтэй нутгийн мах арай амттай санагддаг. Цагаан сар дөхөх тусам үнэ нь нэмэгдэх байх гэж бодоод эртхэн авчихлаа. Янз бүрийн л үнэтэй байна. Боломжийн хэмжээтэй ууц авахад 150 мянган төгрөгтэй байхад хангалттай. Өнгөрсөн жил ууц маш үнэтэй байсан болохоор авч чадаагүй. Энэ жил ууц боломжийн үнэтэй байна шүү.

 

ИРГЭД ХЭВИЙН БООВНЫ ҮНИЙГ БИШ АМТЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

Цагаан сарын шинийн 1-ний өнгө төрхийг илтгэх бас нэгэн зүйл бол айл бүрийн хойморт залрах тавгийн идээ юм. Залуу гэр бүл эсвэл мөнгөний боломжгүй айл зарим тохиолдолд цагаан сарын баярын ширээн дээрээ ууц тавихгүй байж болдог. Харин цагаан сарын өглөө хоймортоо идээгүй айл нэг ч байдаггүй. Тиймээс хэвийн боов, ааруул зэргээр идээ засдаг уламжлалтай. Бид “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Тус төвийн талх, нарийн боов борлуулдаг лангуун дээр жижиг, том үйлдвэрийн хэвийн боов өрөөстэй байв. Аль ч үйлдвэрийн боовыг амталж үзээд сонгох боломжтой. Тиймээс хүмүүс үйлдвэр, үнийг бус зөвхөн амтыг чухалчилж сонголтоо хийдэг талаар худалдагч ярилаа. Уг худалдааны төвд хэвийн боов үйлдвэрийнхээ үнээр буюу нэг ширхэг нь 1300-2000 төгрөгийн үнэтэй байв. Харин хүнсний дэлгүүр болон орон нутагт үйлдвэрийн үнэ дээр 200-500 төгрөг нэмж зардаг гэнэ. Нэг үйлдвэрийн хэвийн боов хоёр өөр үнэтэй байгаа нь бидний сонирхолыг татлаа. Энэ талаар нэгэн худалдагчаас асуухад “Орцноосоо шалтгаалан өөр үнэтэй. Өөрөөр хэлбэл, цэвэр шар тостой нь арай илүү үнэтэй, самар ч юм уу, өөр төрлийн тостой хэвийн боов 100-200 төгрөгийн татуу байдаг. Жишээлбэл, “Ам-Дэ” компанийн хэвийн боов 2000, 2200 төгрөг, Гандангийнх 1800, 1900 гэсэн хоёр өөр үнэтэй худалдаалж байна” гэв. “Өгөөж-Өрнөх” компанийн хэвийн боов хамгийн хямд буюу 1300, “Бамбууш” болон “Русская Зима” ХХК-ийнх 2000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин “Өгөөж” ХХК-ийн хэвийн боов энэ сарын 24-нийг дуустал 2500-1950 төгрөг болж хямдарчээ. Томоохон үйлдвэрүүд 15 болон 21 ширхэг боов тутамд суурь еэвэн бэлэглэж байгаа гэнэ. Еэвэнгийн үнийн хувьд жижиг нь 6500, дунд зэрэг нь 7500, хамгийн том нь 11000 төгрөгийн үнэтэй байв. Олон үйлдвэрийн янз бүрийн амттай хэвийн боов худалдаанд гарах нь нэг талаараа иргэдэд олон давуу талыг бий болгодог байна. Тухайлбал, өрхийнхээ төсөвт тааруулан сонголтоо хийх боломж бүрддэг гэнэ. Харин нөгөө талаараа сөрөг зүйлийг ч дагуулдаг аж. Учир нь ашиг харсан компаниуд амт чанаргүй хэвийн боов үйлдвэрлэж, орцыг нь худлаа бичиж зардаг байна. Ингэснээр цагаан сарын дараа амтгүй хэвийн боов хогийн цэг рүү ачигддаг үзэгдэл сүүлийн жилд харагдах болсон. Тиймээс л иргэд цагаан сарын хүндэтгэлийн идээний хэвийн боовны орц буюу амтанд анхаарлаа хандуулах болжээ. Сүүлийн үед зарим айл тавгийн идээгээ ааруулаар чимдэг болсон. Тиймээс бид цагаан идээний үнийг ч сонирхолоо. Тухайлбал, идээний гол чимэг болох хорхой ааруул 7000-9000 төгрөгийн үнэтэй байна.

 

БУУЗ, БАНШ 4500-5700 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙВ

Бидний уламжлалт баяр болох цагаан сарын гол зоог бол бууз, банш. Гараар татсан хонины махтай бууз, банш 200-500 төгрөгөөр илүү үнэтэй гэдгийг худалдагчид онцоллоо. Тухайлбал, “Нүнжиг” бууз, банш кг нь 5700, “Хүрээ” бууз 4500, “Зочин”, “Улаанбаатар” бууз 5000 төгрөг байна. Иргэд сонголтоо хийхдээ “Ямар махтай вэ. Гараар татсан уу” гэсэн асуултыг их асуудаг байна. Энэ жилийн хувьд бууз, банш өмнөх жилтэй харьцуулахад хямд байгаа гэнэ. Энэ нь махны үнэ буурсантай холбоотой. Харин баярын өдөр ойртох тусам ууц, хэвийн боов, тэр дундаа бууз, банш, цагаан идээний үнэ эрс нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс иргэд эртнээс бэлтгэлээ базаах нь өрхийн санхүүд хэмнэлттэй юм.

 

С.ЮМСҮРЭН