Х.Болорчулуун: Монголчуудад бүсээ чангалах үе ирээд байна
2013/08/20
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг хүндхэн байдалд ороод байна. Энэ хүнд байдлаас гарах гарц байна уу?
-Ганцхан манай улс хямралд ороогүй. Уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай дэлхийн бүхий орон эдийн засгийн хувьд хямралд ороод байна. Бид энэхүү эдийн засгийн хүнд байдлыг даван туулаад гарах ёстой. Гадаад дотоодын хэн нэгний ятгалагт орж, Монголд ашиггүйгээр томоохон хууль тогтоомж гарган гэрээ хэлэлцээрийг заавраар хийх ёсгүй. Энэ цаг үеийг монголчууд бүсээ чангалаад даван туулах ёстой гэж бодож байна. Жишээлбэл, 1960-аад онд ОХУ болон БНХАУ-ын харилцаа эдийн засгаас болж муудсан. ЗХУ-аас БНХАУ-д их хэмжээний зээл туслалцаа өгч байсан. Машины үйлдвэр ч хүртэл барьж өгсөн. Харин ЗХУ нэг социализмын нийгмээ тулгаж бидний замналаар яв гэсэн. Энэ байдлаас үүдэн “муур ямар ч өнгөтэй байж болно. Хулгана барьж чаддаг байх ёстой. Тэгвэл тэр сайн муур” гэсэн Дэн Сяопины хэлсэн үг байдаг. Оросууд эдийн засаг, өрөөр дарамтлаад эхлэхэд хятадын төрийн эрхийг барьж байсан удирдлагууд бүсээ чангалж, гурав жилийн дотор өрийг нь төлж чадсан. Албан бус мэдээллээр тухайн үед үед БНХАУ-ын 1.5 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдсан гэх яриа гарч байсан. Гэхдээ Mонголчууд бүсээ чангалсан ч өлсгөланд нэрвэгдэх ард түмэн биш ээ.Тэгээд ч бүсээ чангалах гэдэг нь аливаа бэрхшээлийн өмнө зоригтой байх ёстойг хэлж байгаа юм.
Ингэж бүсээ чангалсны үр дүнд өөрийн онцлог бүхий социалист нийгэм байгуулан хөгжиж, өнөөдрийн энэ их амжилтанд хүрээд байна. Монгол Улс эдийн засгийн хувьд гадаадын хараат байж болохгүй.
Өөрсдийн нөөц бололцоондоо суурилан хөгжих ёстой. Гадаадын заавраар ажиллаж эдийн засаг хараат байна гэдэг нь тусгаар тогтнолоо алдахын шинж юм. Энэ мэтчилэн улс орны удирдах хүмүүс өөрийн бодолтой байж бүсээ чангалан хүндрэлийг даван туулах ёстой.
-Эдийн засгийн энэ хүнд байдалд Засгийн газар буруутай хэмээн үзэж байгаа нийгмийн нэг хэсгийнхэн байна. Үүнийг та юу гэж бодож байна. Энэ байдалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
- Засгийн газрыг гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засгийг хямрааж буй мэтээр олон нийтэд ойлгуулахыг хичээж байна. Миний бодлоор Засгийн газар Монгол улсынхаа ирээдүй, хөгжлийн төлөө ажиллаж байна гэж бодож байгаа. Засгийн газар Оюутолгойн ашиггүй гэрээнд өөрчлөлт оруулах саналыг тавьсан. Тэрчлэн Рио Тинтог хөрөнгө оруулалтаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлж Монголын талын ашгийг бууруулах оролдлогыг зөвшөөрөхгүй байгаа. Рио Тинтогоос дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Бид Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа учир 1700 ажилтнаа халлаа” хэмээн мэдээллэсэн. Гэтэл 1700 ажилтнаас 63 нь Оюутолгойн үндсэн ажилтан. Бусад нь гэрээт туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд. Магадгүй уг компаниуд хийвэл зохих гэрээт ажлаа үндсэндээ хийчихсэн, Оюутолгойн уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх талтай. Гэтэл үүнийг ашиглаж манай Засгийн газрыг шантаажилж байна. Иймд монголчууд байр сууриндаа бат зогсож, шантаажны өмнө бууж өгч, ирээдүй хойчдоо ашиггүй гэрээ хэлэлцээрийн зарим заалтуудыг зөвшөөрч болохгүй.
-Бондын хүү нэхэгдэж байгаа сурагтай. Энэ үнэн үү?
-Эдийн засгийн хямралын үед Чингис бонд хэрэг болсон. Гэхдээ алдаа байгаа. Учир нь бондын мөнгөө авахад төслөө шууд хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл бүтээн байгуулалтын бус өвлийн унтаа үед таарсан учир бид цаг хугацаа алдаж, хүү илүү төлөх аргагүй байдалд хүрсэн. Хавраас, зунаас л ажлууд эхэлж байна шүү дээ.
-Намрын чуулганаар үлдэгдэл 3.5 тэрбум ам.долларыг авах асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед цагаа олсон шийдэл мөн үү?
-Энэ мөнгийг энэ жилдээ авна гэсэн шийдвэр гараагүй. Манайх шиг баялагтай оронд таван миллиард ам.доллар их мөнгө биш. Ганцхан том ордын л хөрөнгө. Оюутолгойн хувьд гэхэд л 200-аад миллиард ам.долларын үнэ цэнэ байна. Иймд эдийн засгийн хямралтай үед шаардлага байгаад авч ашиглахад юу нь болохгүй гэж. Гэхдээ авахаасаа өмнө хүү илүү төлөхгүйгээр төсөл хөтөлбөрүүдээ бэлэн байлгах ёстой. Цаг хугацаа алдаж илүү зарлага гаргаж болохгүй гэсэн үг.
-Оюутолгойн гэрээг алдаатай хийгдсэн зарим ярьж байна. Таны хувьд энэхүү гэрээнээс ямар алдааг олж харав?
-Монголын олон хуулиудыг зөрчиж гаргасан гэрээ. Үндсэн хуулиас эхлүүлээд монгол улсын олон хуулийг зөрчин байгуулагдсан. Анх гэрээ хийхээс өмнө ТЭЗҮ нь бүрэн гарсан байх ёстой. Гэтэл ТЭЗҮ нь гараагүй буюу засвартайгаар оруулав хэмээн баталласан. Оюутолгой дээр монголын талаас хөнгөлж болох бүхий л татвараас хөнгөлсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварыг алтнаас бусад дээр төлөхгүйгээр оруулсан байдаг. Гадагшаа гаргалаа гэхэд экспортын татвар байхгүй. Нөөц ашиглалтын татварыг 30 жилдээ таван хувиас хэтрүүлэхгүйгээр төлөхөөс тусгасан байгаа. Гэтэл одоо “Эрдэнэт” үйлдвэр 10 гаруй хувиар төлж байна. Үүнээс гадна Оюутолгойгоос гаргасан байгалийн баялагийн мөнгийг гадаадад тооцно хэмээн заасан байдаг. Монголын банкуудаар дамжихгүй гэсэн үг. Үүнээс харахад Оюутолгой гэдэг чинь монголд хөрөнгө оруулагч юм уу, монголын хөрөнгийн гаргагч юм уу гэдэг сонин асуулт үлдээд байгаа юм.
Мөн Оюутолгойн гэрээ байгуулагдахаас 40 хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн татварын тухай хуулинд өөрчлөлт оруулан тааламжтай байдал буюу найман жил татвараас чөлөөлөх заалт хүртэл орсон байдаг. Гэнэтийн ашгийн 68%-ын татварыг хүртэл цуцалсан шүү дээ. 34 хувиа авахаас илүүтэйгээр татвараа зөв тавих хэрэгтэй байсан. Гэтэл 34 хувиа урьдчилж өндөр хүүтэйгээр авсан. Европын орнуудад газрын доод баялагаа үнэлээд, газрын дээр гарсан зардлаа нэмээд үнэ тогтоодог. Гэтэл манайх газрын доод баялагаа үнэлээгүй.
Одоогийн байдлаар Оюутолгой монголын эдийн засагт ашгаа өгөхгүй байна. Үүнээс гадна 31 дэх жилээс эхлэн 51 хувиа эзэмшин хэмээн заасан байдаг. Тэр үед өрөм биш хусам л үлдэнэ. Оюутолгойн гэрээ байгуулахаас өмнө УИХ-ын 57 дугаар тогтоол баталсан. Хууль эрхзүйн орчноо бүрдүүлсний дараа монголын талыг 51 хувьд хүргэ хэмээн заасан байдаг. Үүнийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Оюутолгойн гэрээн дээр нэлээд олон но байна. Энэхүү гэрээг хийсэн хүмүүс монголын эрх ашгаа умартжээ гэж бодогдох юм.
-Оюутолгойн гэрээний нэг анхаарал татаж байгаа асуудал бол усны асуудал?
-Говьд ус бол алтнаас үнэтэй. Эргэн хэзээ ч нөхөгдөхгүй усаа үнэлж чадаагүй гэхэд болно. Гэрээнд Оюутолгойн хөрөнгөөр олсон ус хэмээн зааж, үндсэндээ тэдний өмч эзэмшил болгон өгсөн. Энэ усаа бусад аж ахуй нэгжид мөнгөөр худалдаж болохыг тусгасан байсан. Оюутолгойгоос Монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ байгуулан, томоохон улстөрчдөөр иргэдийн толгойг нь угаалгаж байна. Нийслэл Улаанбаатарт зурагт самбар өлгөж, 71 хувь нь монголчуудын ашиг, үлдсэн 29 хувь тэдний ашиг мэт ойлгуулж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар шүүхэд хандахад бүх самбараа буулгасан. Энэ бол наад захын хуурмаг үйл ажиллагаа.
-Миний уншиж байснаар Рио Тинто дэлхийн бусад орнуудад олборлолт явуулж, “алтыг нь аваад авдрыг хаяна” гэдэг шиг л зүйл болсон хэмээн бичсэн байсан. Та энэ компанийн талаар судалж байсан уу?
-Рио Тинто бол уул уурхайн дэлхийн томоохон компани. Гадаадын компани амар олз олж, ашиг их авахыг л бодно. Энэ Рио Тинтогийн буруу биш. Харин төрийн эрхийг барьж, Монгол Улсын бодлогыг тогтоож байгаа эрхмүүд аливаа гэрээ хэлэлцээр байгуулахдаа монголынхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Ингэж байж л улс орон хөгжин дэвжинэ шүү дээ.
Монгол Улсыг хууль эрхзүйн орчин тогтворгүй гэдэг. Гадаадын аль нэг компани орж ирээд хуулийг нь өөрт ашигтай байдлаар өөрчилж чадаж байсан. Гэхдээ тэд өөрсдийн гараар өөрчлөөгүй. Тухайн үед төрийн эрхийг атгаж байсан улсаа гэхээс илүү хувиа бодсон эрхмүүдээр хийлгэсэн.
А.Баярмаа
Зочин · 2013/09/06
өөөөөөөөөөөөө
Зочин · 2013/08/26
ih zov yarij bna a. busee changaltsgaaya a mongolchuudaa!!! ireeduin ur huuhdiinhee sain saihnii toloo. gazar nutgaa hariinhand tsolmuulj duusah ni bna shuu!
Зочин · 2013/08/25
zuvuu zuv. shine ueiin devshiltet uzeltei zaluusiin neg gej bodoj yavdag shu. gishuund amjilt husie.
Зочин · 2013/08/22
mash zow yarij bna busee changaktsgaay mongolchuudaa
Зочин · 2013/08/21
Бэрхшээ ба боломж Монголчуудаа
Зочин · 2013/08/21
UNEN SH UU . ZOV HELJ BN.
Зочин · 2013/08/21
thumbs up
Зочин · 2013/08/21
odoogiin tur zasagtaa l naidaj suuhaas bolohgui bol temtsiide