УИХ-ын сонгууль албан ёсоор хөшгөө нээгээгүй ч ээлжит бус өрсөлдөөн эхэллээ. Гэхдээ энэ өрсөлдөөн парламентыг бүрдүүлэгч АН, МАН, МАХН, МҮАН, ХҮН-ын хооронд биш. Харин нам доторх горьлогчид түрүүчээсээ өөр хоорондоо чулуу шидэлцэхэд хүргээд байна.

Эхнийх нь Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН-ыг дурдаж болно. Саяхныг хүртэл бусдаасаа харьцангуй нэр цэвэр хүмүүсийн нэгдэл хэмээн олон нийтийн дунд рейтинг өндөртэй

 

явсан тус нам доторх сонгууль угтсан зодоон анхаарлын төвд ороод байна. Яг л “Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутлаа тайлах” гэгчийн үлгэр ХҮН д өрнөөд удах болов.

 

Шалтгаан нь Сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 5-нд болсон ХҮН-ын Удирдах зөвлөлийн хурлаас ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Одонгуаг томилох шийдвэрийг гаргасантай холбоотой.
Удирдах зөвлөлийн найман гишүүнээс тав нь Т.Доржхандын удирдах арга барилд дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэнээс намын даргадаа хүсэлт гаргасныг С.Ганбаатар гишүүн ёсоор болгожээ. Гэвч генсек асан Т.Доржханд УЗ-ийнхөө шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй ХҮН-ын гишүүд намын даргаа огцрохыг шаардсан хурал хийж, Жамухтай зүйрлэсэн нь саяхны үйл явдал. Бүр “ХҮН-ын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн тул” гэх зарыг хэвлэлд байршуулж амжив. Хачирхалтай нь, энэ мэдээлэл түгэхтэй зэрэгцэн ХҮН-ын нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат гээгдсэн гээд байгаа тамга нь байгаа. Уламжлалт улс төрийн аргаа болимоор байна даа, С.Ганбаатар” хэмээн цахим хуудастаа зурагтай нь байршуулснаар ХҮН доторх маргааны хөлд ассан гал дээр тос нэмж орхилоо. Үүгээр зогсохгүй ХҮН-ын жагсаалтын гуравт бичигдэх бол таван тэрбумын үнэ хүрсэн тухай нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргил мэдэгдсэн нь асуудлыг улам хүндрүүлж мэдэхээр байна. Ийнхүү ээлжит бус Их хурлын шийдвэрээр намын дарга болсон даруйдаа УИХ-ын сонгуулиар парламентад олонх болох дараах жил нь Ерөнхийлөгч болохоо мздэгдсэн С.Ганбаатар гишүүний амбийцад нам доторх зодоон цэг тавьж мэдэх нь. Энэ байдал нь цаашид үргэлжилсээр даамжирвал ХҮН-ынхан сонгогчдын дундах рейтингээ шороотой хутгах нь тодорхой.

Тэдгээрийн араас Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой. Түүнийг дүүргийн Гэр бүлийн хөгжил төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ гэх жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудыг нэг биш удаа чимэв. Араас нь, эрх мэдэлдээ бярдсан гэх Засаг даргыг үзэн ядсан, хараан зүхсэн олон зуун сэтгэгдэл хөврөх нь тэр. Угаас эмэгтэй хүнд гар хүрсэн эрэгтэй хүнийг үзэн ядах сэдэл монголчуудын яс, маханд шингэсэн болохоор саяхныг хүртэл дүүрэгтээ нэр хүндтэй явсан залуухан Засаг даргын рейтинг навс унах нь ойлгомжтой.

Харин тус мэдээлэлд няцаалт өгөхөөр зарласан хэвлэлийн хурлын үеэр тухайн үед буюу өнгөрсөн сарын 28-ний өдөр хонгилд өрнөсөн үйл явдлын талаарх хяналтын камерын бичлэгийг Засаг даргын Тамгын газраас олон нийтэд дэлгэж асуудлыг бага ч болов намжаалаа.

Хяналтын камерт үлдсэн бичлэгээс харахад Засаг дарга Д.Пүрэвдаваа Н.Эрдэнийг заамдаж, боомилж, зодоогүй нь илт. Харин Засаг даргыг орж ирэхээс өрөө рүү ортол нь зууралдсаар яваа Н.Эрдэнийн бичлэг тод үлджээ.

Засаг даргын Тамгын газраас өгсөн тайлбараар Д.Пүрэвдаваад зодуулсан гэсэн мэдээлэл өгсөн эмэгтэй бусадтай нийлж, зохион байгуулалттайгаар нэр хүндэд нь халдсан бололтой. Эх сурвалжийн хэлж буйгаар сонгууль дөхсөнтэй холбогдуулж, Баянзүрх дүүргээс мандат өвөртлөсөн УИХ-ын нэр бүхий гишүүд болон горьлогчид энэхүү мэдээллийг зориуд тараажээ. 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан нар сонгогдсон. Үлдсэн нэг мандатыг МАН-аас нэр дэвшсэн Д.Арвин гишүүн өвөртлөсөн ч парламентын босго даваад удалгүй АН-д элссэн байдаг. Бүгдээрээ УИХ-ын даргын тэргуүлдэг “Шонхор” фракцид харьяалалтай. Гурвуулаа ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой эрхмүүд. Харин хоёр нам мандатын хуваарилалтыг 2012 оны жишгийг хэвээр үлдээсэн нь Баянзүрх дүүрэгт дахин горьлох сэдлийг улам дэвэргэж, Засаг дарга Д.Пүрэвдавааг байгаа болгож эхэлсэн сурагтай. Д.Пүрзвдаваагийн тухайд МҮДН-ын квотоор хогын дарга Э.Бат-Үүлийн орлогчоор ажиллаж байгаад 2012 оны сүүлчээр Баянзүрх дүүргайн Засаг дарга болсон нэгэн. Харин ирэх сонгуүлиар УИХ-д нэр дэвших чимээгээр Шонхор фракцын эрхмүүд гүүнийг замаасаа холдуулахаар ийн “шонхордож” эхэлжээ.

УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын 25 жилийн ойн баярын хурлын үеэр Ардчилсан нам фракцгүй болж буйг тодотгоод “Өнөөдрөөс эхлэн фракцгүй Ардчилсан намыг манай нам доторхи фракцийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол Улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракци”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна” хэмээж байв. Гэвч АН-ын даргын энэ үг нэг насныхаа ойтой золгож амжаагүй байхад “МоАН санаачилга” буюу “Монголын Ардчилсан нэгдэл” нэртэй шинэ фракц нам дотор нь албан ёсоор мэндэлж анхдугаар хурлаа хийв. Улмаар АН доторх хүчтэй фракц болох “Алтангадас”, “МоАХ”-ноос өрх тусгаарласан С.Баярцогт, Г.Батхүү, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар “Зүүн өмнөд Ази”-ийн Л.Болдыг нэгдлийнхээ Ерөнхийлөгч, фракцынхаа тэргүүнээр сонголоо. Тэдэнтэй Ерөнхий сайдын зөвлөх, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Б.Батбаатар, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нар нэгдзж сонгууль угтсан анхны улс төрөө “МоАН санаачилга”-ын тунхагаа зарлаж эхлүүлэв. “МоАН” фракцынхан өөрсдийгөө ашгийн төлөө бус ТББ хэмээн тодотгож байгаа ч сонгуулиар намын жагсаалтад орох эс бөгөөс тойрогт гор дэвших эрх олж авах өрсөлдөөн АН-д хүчээ авсны илрэл юм. Нэг үгээр хэлбэл, тоглоомын тойрогт хэдийнэ орсон гишүүд нь фракц байгуулах замаар намын даргадаа үзүүлэх улс төрийн тоглолтоо эхлүүлсний жишээ нь отгон фракц “МоАН” болж байна. Магадгүй АН ялбал энэ нэгдэл албан тушаалын хуваарилалтад орох гүүр, нам дотроо наймаа ярих хэрэгсэл болох нь тодорхой билээ.

Нам доторх сонгуулийн өрсөлдөөн зөвхөн АН, ХҮН-аар үргэлжилсэнгүй. Сөрөг хүчин МАН дотоод уур амьсгал ч хэдийнэ өрсөлдөөний байдалд шилжжээ. Ид тодоор гаргахгүй байгаа ч ирэх сонгуульд горьлогсод нь түрүүчээсээ өөр хоорондоо өрсөлдөөд эхэлсэн нь үүний жишээ. Жишээ нь, Булган аймгийг дурдаж болно. 2012 оны сонгуулиар тус аймагт Боловсролын сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин энэ удаад аймгийн намын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ болон “UFC” группын О.Амартүвшин нэр дэвших мэдээлэл бий. О.Амартүвшинг олон нийтэд танигдаж эхэлсэн чадварлаг боловсон хүчин гэж харж болох ч нэг намаас гурван хүн нэр дэвших нь аймгийн намын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэд хохиролтой тусч мэдэх л асуудал. Учир нь, өнгөрсөн гурван хугацаанд аймгийн намын хороог удирдсан мөртлөө цаг нь болохоор намынхаа хоёр эрхэмтэй өрсөлдөж сонгогдох эрхээ олж авна гэдэг нь мэдээж эрсдэлтэй алхам.

Завхан аймагт гэхэд УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу дүү Ш.Батсамбуугийн хамт өрсөлдөх мэдээлэл бий.

Тус аймгаас хоёронтоо сонгогдсон Д.Оюунхорол гишүүн гэхэд намын жагсаалтад орох бэлтгэлээ базааж, НАМЭХ-ны тэргүүний сэнтийд санаархаж эхэлсэн сурагтай. Уг нь тэрбээр намын жагсаалтад орохгүйгээр тойрогт өрсөлдөхөө илэрхийлж сайдын сэнтийд суусан ч НАМЭХ-ны тэргүүнийг авахаар улс төр хийж эхэлснээс харахад жагсаалтад орохоор зэхэж буй нь үнэний ортой байж мэдэх. Үүний араас Хэнтий аймгийг дурдаж болно. Гурван мандаттай явж ирсээр 2012 оны сонгууль нэгээр багассан тус тойрогт МАН-аас горилогч олон. Л.Оюун-Эрдэго, Н.Учрал нараас гадна аймгийн намын хорооны дарга Н.Ганбямба нэмэгдэнэ. МАН-ынхан залуустаа харьцангуй дэмжлэг хүлээлгэдэг ч гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож төр түшилцсэн аймгийн хорооны дарга нь энэ удаад дахин нэр дэвшихээ илэрхийлж эхлээд байгаа юм. Албан ёсоор баталгаажаагүй байгаа ч Шадар сайд асан У.Хүрэлсүх нэр дэвших мэдээлэл бас бий. Энэ мэтчилэнгээр ирэх сонгуулийн өрсөлдөөн намууд хооронд бус нам дотроо хэдийнээ эхлээд байна. Намууд хэнийгээ жагсаалтад оруулах, тойрогт өрсөлдүүлэхээ хараахан эцэслээгүй байгаа ч одоо өрнөж эхэлсэн өрсөлдөөнөөс харахад ирэх сонгуулийн зураглал нэлээд ширүүхэн гарах бололтой. Тэр үед намын Бага хурлаасаа нэр дэвших эрхээ өвөртлөөд гарч ирсэн даруйдаа өрсөлдөгчийнхөө матаасаар хуулийнханд саатуулагдаж шороотой хоцордог, зохиомол хэрэгт холбогдуулж нэр хүндийг нь унагаадаг бохир улс төр улам хүчээ авч мэдэх юм.

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/