Таныг УИХ-ыг даргалахдаа гишүүдтэй ёс бус харьцдаг гэсэн асуудал нэг бус удаа яригддаг. Мөн УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барина гэсэн яриа байх юм. Үүнийг хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ гэсэн асуултад УИХ-ын эрхэм дарга З.Энхболд хариулахдаа “Огт үндэслэлгүй зүйл. Ерөнхий сайдыг огцруулдаг шиг 19 гишүүн гарын үсэг зураад УИХ-ын даргыг огцруулдаг юм биш. Би ийм л ааштай хүн. Өөрчлөх боломжгүй” гээд цааш нь “Микрофон таслах эрх ганцхан надад байдаг. Хэлэлцэж байгаа асуудлаас хадуураад байвал тасалж л таарна” гэж томронгуй аашилсан юм.

Энэ нь Зи гэдэг хүн УИХ-ын дарга болох үеэсээ л асуудалд “би” гэдэг үзэл бодлын айхтар “өвчлөлөөр” ханддаг болсны хамгийн сүүлчийн жишээ энэ.

УИХ-д алив асуудлыг шийдэхдээ туйлын үнэн зөвийг олохын оронд хүч түрэн шийддэг тийм хачин буруудлыг бараг хэвшил болгоод байгаа хүн.

Өөрөө УИХ-ын даргын сэнтийд суусан нь хууль бус гэж болохоор. Яагаад гэвэл 2012 онд УИХ анхдугаар чуулганаар өөрийг нь томилсон тогтоолыг хууль бус гэж үздэг юм билээ. Тодруулбал, УИХ-ын даргыг томилох хүртэл анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн удирдах ёстой гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг зөрчиж өөр хүнээр удирдуулсан хүч түрсэн байдлаар өөрөө УИХ-ын даргаар сонгогдсон шүү дээ. Эндээс л Зи даргын алив асуудалд хүч түрж, кноп худалдах байдлаар барьцаалж бүрэн боловсруулалтгүй түүхий хуулиуд баталж төрийн ажлыг завхруулж ирсэн нь харагдана.

Өнгөрсөн намар Ерөнхий сайдынхаа эрхэнд халдаж Н.Алтанхуягийг огцруулахдаа бас л хууль зөрчсөн. Намын даргын сонгуульт албыг ч булааж авч амжсан.

Уг нь олонхийг бүрдүүлж байгаа намын дарга нь Ерөнхий сайд байх байтал түүнийг хайхраагүй нь Зи-гийн нөгөө би гэдэг “өвчин” улам сэдэрсний харгай байв. УИХ-ын дарга хууль тогтоох, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Гэтэл түүнд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөндлөнгийн давхар үүрэг ногдсон. Тэгээд л төрийн албыг намын ажилтай хутгах болсон. Үүнд олон түмэн нэн дургүй байгаа. Өөрийнх нь намын зарим нөхөд ч таагүй ханддаг юм билээ.

Нэг тод жишээ нь намын дарга болсноосоо хойш Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа нэг бус удаа хийх гээд чадахгүй байгаа. Намын даргаа эсэргүүцэгчид цөөнгүйг энэ үйл харуулж байна.

Намын дарга нь гишүүдээсээ хүнийсч холдсон гэсэн үг л дээ. Нөгөө талаар Зи-г УИХ-ыг толгойлж буй үед түүний гаргасан захирамжийг түшээд нь үл тоодог. Түүний уршгаар төрийн ажлыг гацаадаг буруу жишиг тогтсон. Ер нь нийгэмд үлгэр үзүүлж байх учиртай төрийн том статус хариуцлагагүй, замбараагүйгээрээ хамгийн болхи заваан дүр төрхийг харуулсаар байгаа. З.Энхболд ч өөрөө хэлж байна лээ. “Бөхийн барилдаан яг 14 цагтаа эхэлдэг юм байна лээ. Тэгвэл манай Их хурлын чуулган өглөө есөн цагт эхэлж байсан түүх үгүй шүү дээ” гэж хээв нэг ярина билээ. Тэгвэл УИХ-ыг хэн ийм болгочихвоо. Тэр өөрөө л тиймд хүргэсэн. Чуулганы танхимд зарим нь согтуу орж ирчихээд дэмий балай үг чалчаад байхад нь “Чи согтуу байна. Дуугүй суу” гэхээс өөр юм хэлж чаддаггүй л юм билээ шүү дээ.

Уг нь тийм нөхдөд цаг алдалгүй арга хэмжээ авч зохих шийтгэл оноох эрх УИХ-ын даргад байх л учиртай. Гэтэл согтуураад, хариуцлага алдаад, хурал чуулганаа таслаад яваа нөхдийн толгойг илж үнэн хэрэг дээрээ алхаа цохихоос өөрийг хийж чадахгүй л явж иржээ. Тэгэхээр өмнөх Их Хурлуудаас долоон дор Монголын ард түмэнд муу үлгэр үзүүлж байгаа өнөөгийн хурлыг ийм болгосныхоо төлөө юм бүхэнд хүчин түрэмгийлдэг шигээ зориг гаргаад “Би энэ Их Хурлыг удирдаж чадахгүйгээ мэдлээ. Одоо огцроё” гэж хэлмээр юм даа. Тэгж чадвал З.Энхболд хувь хүнийхээ хувьд бүтэн харагдаж магадгүй.

УИХ-ын дарга хүн хууль зөрчиж болно гэсэн үг өгүүлбэр хаанаас ч эрээд олдохгүй шүү дээ. Тэгвэл тэр Үндсэн хуулийг удаа дараа зөрчиж ирсэн байх юм. Сая гэхэд ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргаж гүйцэлдүүлэхдээ зангараг муутайгаа сайн илчлээд авав. Гэвч угийн зальтай аргаараа Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаад амжсан.

Энэ нь цэцийн гишүүний хараат бус, бие даасан байдлыг хангах талаарх Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчлөө. Зи-гийн санаачилгаар хийсэн энэ үйл явц нь “Миний үгэнд орохгүй байгаа болохоор чамайг огцрууллаа” гэсэн агуулгатай юм болов. Академич Ж.Амарсанааг сандлаас нь буулгачихаад дараа нь “Бид одоо цэцэд төлөөлөгчөө томилно. Тэгээд тэд УИХ хууль зөрчсөн эсэх болон бусад асуудлаа шийднэ биз. Шийдвэрийг нь УИХ хүлээж аваад явна гэсэн нь “Цэцийнхэн та нар миний үгээр хөдлөхгүй, миний санаанд нийцэхгүй яваад үзээрэй” гэж басамжилсан үг мэт.

Ер нь ээлжит бус чуулган зарласан нь муу санаагаа гүйцэлдүүлэх заль л байж. Намрын чуулганаар 120 хоногт 20 гаруй асуудал шийдэж чадаагүй байж түүнийгээ ээлжит бус чуулганы 14 хоногт амжуулна гэсэн нь улс төрийн хар пи-ар заль байлаа. Хуралдааны ирцээ бас л хүч түрж гүйцээгээд цэцийн даргыг эгүүлэн татаад чуулганаа хаачихсан.

Эндээс УИХ-ын даргын байр сууриас биш З.Энхболд гэдэг хүний ааш араншингаар төрийн ажил явж байна гэсэн бодит дүр зураг харагдав. Бас түүний нэг хэлсэн үг анхаарал татаж байгаа. УИХ анх бүрэлдэхэд Ардчилсан нам 31 гишүүнтэй байсан. Одоо 35 болсон. Дөрвөн гишүүн дутуу. Тэглээ гээд бид аль нэг намыг, хэн нэгнийг гуйж олонхи болохгүй. Өнгөрсөн 26 жилд ард түмэн биднийг олонхи болгож өгсөнгүй. Одоо нэг олонхи болгоод өгөөч гэж зандрав. Энхболд ер нь хэн болоод гурван сая монголчуудыг загнах болов оо.

Ер нь З.Энхболд гэдэг нөхөр монгол төрийн түүхэнд хар хуудаснууд нэмэх дээ сайн. Өөрийн санааг гүйцэлдүүлэхийн тулд яахаас ч буцахгүй зан гаргадаг юм байна. Түүний мугуйд ааш араншинг өөрийнх нь гэр бүлийн хүрээнд ерөөс тийм юмдаа гээд эвлэрч зохицоод явж болох. Тэгвэл төрийн ажил албыг тэр өөрчилж засч болдоггүй зан авирт нь тааруулж яагаад ч боломгүй.

Монголын төр үнэхээр бохирдчихжээ гэж эрдэмтэд, сэхээтнүүд аргаа барж ядан хэлж байна. Үүний буруутан нь зүгээргүй ааштай Зи гэдэг дарга мөнөөс мөн. Тийм болохоор түүнийг хариуцлагагүйнх нь төлөө УИХ-ын даргаас нь огцруулахад ч багадах болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.ЖАРГАЛСҮРЭН