-Монгол хэлний 700 үгийг журамласан тушаал хүчин төгөлдөр байгаа-

Аливаа улс үндэстэн өөрийн гэсэн хэл соёлтой байдаг. Үүнийгээ дагаад тухайн орны соёл, боловсролын үнэт зүйл оршдог хэмээн боддогсон. Тэгвэл манай улсын хэл соёл үнэт зүйлээ алдаад байна уу? Сүүлийн жилүүдэд монгол хэлээрээ зөв ярьж, бичдэг хүн ховор болсон гэх. Бидний багадаа сурсан зөв бичих дүрэм өөрчлөгдөж, цагаан толгой үсгийн дуудлага хүртэл өөрчлөгдсөн. Энэхүү өөрчлөлтийг Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд байхдаа хийж, тушаалыг баталжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн хэлний зөвлөлийн шийдвэрээр монгол хэлний 700 үгийг эмхэтгэж, журамлалсан байгаа юм. 2011 онд Ё.Отгонбаяр сайдын тушаалаар хийсэн ажил. Уг тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг одоогийн БСШУЯ-наас хариулт өглөө.

Гэтэл хоёрдугаар сарын 19-нд “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурлын үеэр монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй, хуучин дүрмээ баримтална гэдгийг эрдэмтэн судлаачид мэдэгдэх нь тэр. “Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн гэх яриа ташаа ойлголт бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан монгол хэлний зөв бичих дүрмийг баримтлан бичих хэрэгтэй” хэмээн онцлов.

Монгол хэлний шинэ дүрэм гэх ойлголт худлаа болж таарсан тул хуучин буюу Ц.Дамдинсүрэнгийн дүрмээ баримтлах нь зөв гэж үзэж байтал сайд асан Ё.Отгонбаярын цагаан дээр хараар бичсэн тодоос тод дурайх тушаалыг яах болж байна.

Тэрийг хэн ч хүчингүй болгоогүй. Өнөөг хүртэл сургуулийн багш, хэвлэл мэдээллийн хэрэгсэл даган мөрдөж байгаа. Төрийн зөвлөл гэх улс нь "энэхүү тушаалаа мартсан уу, эсвэл тэд сайд асаныхаа тушаалыг хүчингүй болгох эрхтэй" юм уу?

Ямартай ч өмнөх шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгоогүй цагт мянга Ц.Дамдинсүрэнгийн толийг ашиглан гээд ярих шаардлага алга. Эцэг, эхчүүд бага ангийн хүүхдээ зөв бичүүлж сургах гэж бөөн эргэлзээ дунд байгааг нуух юу байхав. Эртхэн энэ асуудлаа шийдэж, бага ангийн сурагчдын толгойг эргүүлэхгүй байвал бидний ирээдүйд сайн юмсан. Ажил хийсэн нэр зүүхийн тулд эх хэлээрээ тоглож олныг төөрөгдүүлэх хэрэг байсан юм болов уу даа.

2011 оны тушаалыг эргэн сөхвөл,

“Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг, ”Соёлын тухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг. Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн ТОГТООХ нь:

1. Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1,2 дугаар хавсралтын ёсоор,гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2. Бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном, сурах бичиг, мэдээлэл, хаяг, шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосугай.

3. Бичлэг болон орчуулгыг тогтоосон үгсийг товхимол болгон хэвлүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэг 6айгууллага,бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар.зар сурталчилгааны агентлагууд,төв болон орон нутгийн номын сангуудад зохих үнээр худалдан хүргэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг), Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт) -т даалгасугай.

4. Монгол хэлний дэлгэрэнгүй болон хураангуй тайлбар толиуд,олон хэлний толиудад байгаа үгсийн бичлэг,бүрэлдэхүүнийг тогтоосон стандартын дагуу хянаж, шаардлагатай өөрчлөлт хийж,хэвлэхийг толь зохиогчдод үүрэг болгосугай.

Дарга Ё.Отгонбаяр

МОНГОЛ ҮГСИЙГ ЖУРАМЛАСАН ЖАГСААЛТ