Энэ оны улсын төсвийн 46 тэрбум төгрөгийг өмч хувьчлалаас олох шийдвэр гарсан билээ. Тодруулбал,өмч хувьчлалд хамрагдах 20 обьектын дотор Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн усан спорт сургалтын төв, Нийслэлийн гэр бүл хүүхдийн газар зэрэг багтсан аж.

Хувьчлах объектуудад ийнхүү хүүхдийн хөгжил, сурч боловсрох үйлсэд томоохон хувь нэмэр оруулж буй байгууллагууд багтсаныг хүүхдийн төлөөх ТББ-ууд эсэргүүцээр байгаа юм. Энэ дотроос Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах асуудалд олон хүн эсэргүүцлээ илэрхийлж, нийслэлийн ИТХ-д хувьчлах жагсаалтаас хасах шийдвэр гаргах өргөдлөө өгсөн юм. Тэгвэл өнөөдөр нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчлалын жагсаалтаас хасах эсэх талаар шийдэхээр болжээ.

Тус байгууллага хувьчлалын жагсаалтаас хасагдах юм бол Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд 160 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дээврийн засварын ажлыг гүйцэтгэх юм. Засварын төсөл гарын үсэг зурах ёслол өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд болох байсан ч өмч хувьчлалд хамрагдсан байгууллагад тусламж өгөх боломжгүй хуулийн заалт байхгүй учраас заавал өмч хувьчлалаас хасах шийдвэр гаргасны дараа Японы Засгийн газар туслахаар болсон юм. Энэ талаар Японы Элчин сайдын яамнаас тодруулахад “Өмч хувьчлалаас хасагдах шийдвэр гаргах юм бол бид Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төслийн гарын үсэг зурахад бэлэн байгаа” гэсэн юм.

Японы Засгийн газраас уг төслийг хэрэгжүүлснээр түүхэн үнэ цэнэтэй барилгыг хадгалахын зэрэгцээ, сурагч хүүхдүүдэд урлагийн боловсрол эзэмших таатай орчныг бүрдүүлнэ хэмээн үзэж байгаа ажээ.

Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нь 1958 онд баригдсан бөгөөд Азийн түүх, соёлын дурсгалт барилгуудын тоонд бүртгэгдсэн Монголын анхны архитекторуудын бүтээл билээ. Уг барилга нь ашиглалтанд орсноос хойш 1961, 1986 онд урсгал засвар хийгдсэн байдаг ч түүнээс хойш өнөөг хүртэл засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас барилга хэт хуучирч, элэгдсэн гэх шалтгаанаар их засвар хийх, хүчитгэх тухай дүгнэлт гарч байсан аж.

Т.Буянаа