УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хэдийнэ эхэлчихжээ. Хэдийгээр хуульд сурталчилгаа 18 хоногт л хийнэ гэж тусгасан ч тойрог горилсон эрхмүүд аль эрт сурталчилгаагаа эхэлж, улс төрийн намууд ч унаж босохоо шийдэх тулаанд бэлтгээд эхэлж.

Гэвч энэ жилийн сонгууль тун ч өвөрмөц болох нь тодорхой байна. Тэр тусмаа улс төрийн хоёр том нам хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг МАН, АН-ын хувьд рейтинг нь унаж буй учраас алдагдсан нэр хүндээ олж авах аяныг зарлаад буй. Тэдний нэр хүндийг сэргээх цор ганц түлхүүр нь бусад нам эвслийг эгнээндээ нэгтгэх тухай асуудал юм. \Хэн хэнийх нь нэр хүнд 20 хувиас давахаа больж, ёстой л сүржин уриа дэвшүүлж буй энэ үед гайгүйхэн нэр хүндтэй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэж, үзэл бодлоороо нэг намууд эвлэлдэж буй тухай мессеж тараах нь чухал байгаа юм. Нийгэм хоёр том намын булхай луйвраас залхаж гуравдагч хүчний орон зайг үгүйлж эхэлсэн. Тэр ч утгаараа улс төрийн элдэв булхай луйварт тэр бүр хутгалдаад байдаггүй, төвийг сахисан намыг сонгох хүсэл давамгайлж, энэхүү шалгуурт нийцэж буй улс төрийн намуудын рейтинг өсч эхэлжээ. Тэдний манлайд яваа нь ИЗНН-ынхан гэх. Тиймдээ ч ИЗНН-ыг эгнээндээ нэгтэж, ирэх сонгуулиар санал авах гэсэн намууд эхнээсээ л дугаарлаж хадаг яндар барин гүйх болсон сурагтай. Тэр жимийг анх МАН эхлүүлж, улмаар АН, ХҮН гэх мэтээр цуварч эхэлсэн гэнэ. Гэвч эцсийн сонголт юу байх вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Юутай ч 16 жилийн хугацаанд нэр хүндээ цэвэр хадгалж үлдсэн ИЗНН-ынхан хэн нэгэнтэй эвсэх үү, эсвэл нэгдэх үү гэдгийг харах л үлдлээ. АН нэгдээч гэдэг саналаа тус намд тавиад удаж байгаа ч даргынх нь хэлснээр ийм зүйл болохгүй гэсэн. Тэгэхээр ИЗНН өөр ямар намтай эвсэж сонгуульд орж болох вэ. Тэд энэ үед улс төрийн хүрээнд их эрэлттэй байгаа бололтой.

Эх сурвалж: www.polit.mn