Монголын төмөрлөг, арматур, барилгын салбарт өөрийн гэсэн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн гэж өөрсдийгөө тодотгодог “Бэрэн” групп сүүлийн үед хэвлэлийн хуудсаас салахаа больжээ. Тухайлбал, тус компани газраа байраар солихгүй гэсэн иргэн Ж.Туулыг хэрэгтэн болгож түүнийг хохирсон дээр нь улам хохироож өдгөө шүүхийн хаалга татуулах дээр нь тулгачихаад буй юм.
Тэгвэл жирийн нэгэн иргэн газраа байраар солихгүй гэснийхээ төлөө өдгөө гэмт хэрэгтэн болж байгаа бол тус компани “Түмэн Амгалан” цогцолбор хорооллын төслийн ажлыг төсөлд шалгарсан гэх “Грандлайн” компанитай нь цуг худалдаж авчихаад байхад энэ талаар ам нээж хариуцлага тооцох эрх мэдэлтэн нэг ч байхгүй байгаа нь хачирхалтай.
Тодруулбал, 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Грандлайн” ХХК, БНТУ-ын “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтран Баянзүрх дүүргийн ХII хороо буюу бидний нэрлж заншснаар Жанжин клубын орчимд 3300 айлын “Түмэн Амгалан” цогцолбор хорооллын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байсан юм. Гэтэл дээрх компанийг төслийн ажлынх нь хамтаар “Бэрэн” групп худалдаж авсан нь ч өнөөг хүртэл бүтээн байгуулалтын ажил нэг алхмаар ч урагшлаагүй байна.
Уг нь тус компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад хөрөнгө мөнгө нь аль хэдийнэ шийдэгдчихсэн бэлэн төсөл авсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ингэж хэлэхийн учир нь “Грандлайн” ХХК-ийн төслийн ажлыг гүйцэтгэхдээ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас таван тэрбум төгрөгийг дэд бүтцийн гүйцэтгэлийн төлбөр хэмээн авч байсан нь өдгөө баримт болон үлдсэн юм. Тиймээс л “Бэрэн” группийг хүний бэлэн зэлэн байсан төслийг компанитай нь цуг худалдаж авчихаад яагаад барилгын ажлыг эхлэхгүй байна вэ гэдэг нь асуулт урган гарч ирсэн хэрэг. Хэрвээ “Грандлайн” ХХК-ийг дааж давшгүй өртэй байсан бол “Бэрэн”-гийнхэн өөрсдийнхөө толгой дээр лай нэмж өр ширтэй компанийг худалдаж авахгүй байсан нь ойлгомжтой. Угтаа бол тус компани гэр хорооллын дахин төлөвлөлтөөр тендерт шалгарч 3300 айлын орорн сууц барих том эрхийг авсан, энэхүү том хэмжээний төслийг дагаад асар их хэмжээний мөнгө даган орж ирэх учраас тус групп алсын хараатайгаар “Грандлайн” компанийг өөрийн салбар охин компаниа болгон авсан хэрэг. Ямартай ч ихээхэн төслийн мөнгөн дээр хэсэг сандайлан суусан “Грандлайн” ХХК, үлдсэн мөнгийг нь олз хэмээн харсан “Бэрэн” группээс болж өдгөө тус хорооны 100 орчим өрхийн 500 орчим иргэн газраа хулхидуулж орох оронгүй оочих аягагүй өдөр хоногийг өнгөрөөж явна. Энэ бүхнийг мэдсэн хотын удирдлагууд яаралтай арга хэмжээ авах нь бүү хэл асуудлаа хурднаар шийдэхийг хүссэн иргэдийг сайхан үгээр хуурч “Удахгүй та бүхнийг орох оронтой болгоно” хэмээн молги үмхүүлсээр удахгүй болох УИХ-ын сонгуультай золгуулж байна. Тэгэхээр даам гарсан “Бэрэн” групп хотын даргын хүүгийн төслийг компанитай нь худалдаж авсан болохоор ардаа асаалттай тактай юм чинь барилгын ажлыг хэзээ ч эхэлсэн яадаг юм хэмээн хүнийрхүү загнаж иргэдийг хохироож байгаа нь лавтай гэж хэлэх хүн захаас аван таарна. Юутай ч иргэдийг энэ мэтээр хохироохгүйн тулд тендерт шалгарсан компаниар өөрөөр нь батлан даалт гаргуулдаг жишгийг нэн түрүүнд бий болгохгүй бол ихээхэн хэмжээний мөнгөний төслийг гартаа орулчихаад дараа нь өөрсдийн дураар бусдад шилжүүлээд байвал дунд нь олон мянган иргэд хохирч буй дүр зураг өдрөөс өдөрт нэмэгдэх болчихоод байна.
Тиймээс л тендерт шалгарсан, гадны компанитай хамтран хувьцаагаа эзэмшиж байсан бусдын өндөр үнэтэй төслийг компанитай нь худалдаж авсан “Бэрэн” групп яагаад өнөөг хүртэл барилгын ажлаа эхлүүлэхгүй байгаа талаарх мэдээллийг хотын удирдлагууд өгөх нь зөв байх. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн зарчмаар амьдарч л байгаа юм бол төслийн ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй хэмээн хариуцлага тооцож татвар төлөгчдийн мөнгийг тухайн буруутай компаниар төлүүлж төслийг хийж чадах компанид нь шилжүүлэн өгвөл энэ нь шударга зарчим болох байх даа. Эцэст нь хэлэхэд Үүл даргын хүүгийн үлгэрийн төсөл болсон “Түмэн Амгалан” хорооллын лай ланчигийг “Бэрэн” групп үүрэх нөхцөл байдал бий болчихлоо.

Эх сурвалж: