Өнгөрсөн сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгохыг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжид даалгасан билээ.

Энэ оны I улирлын байдлаар НӨАТ-ын урамшууллын системд 352.1 мянган иргэн бүртгэгдэж, 6.2 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоолол гарсан байна. Буцаан олголтын ажлын талаар НӨАТУС-ийн захирал Р.Отгонтулгаас тодруулахад “ Энэ сардаа НӨАТ-ын буцаан олголт хийгдэхгүй” гэлээ.

НӨАТ-ын урамшууллын системд 352.1 мянган иргэн бүртгэгдэж, 6.2 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоолол гарсан байна

Учир нь НӨАТ-ын хуульд хоёр өөрчлөлт оруулах шаардлагатай ажээ. Тэр нь жилд нэг удаа НӨАТ-ын буцаан олголт хийгдэхээр байсныг улиралд нэг болгож өөрчлөх, Төсвийн хуульд буцаан олголтын тодотгол хийх гэнэ.

Дээрх өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тэгэхээр УИХ-аас шийдвэр гарсны дараа буцаан олголт хийх болж байгаа юм. УИХ-ын сонгууль болох учраас буцаан олголтын ажил энэ ондоо багтан бараг хийгдэх боломжгүй хэмээн Р.Отгонтулга нэмж тайлбарласан юм.

Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсны дараа иргэдийн буцаан олголтыг хийх боломжтой болох юм байна. Одоогийн байдлаар нийт есөн удаагийн сугалааны тохирол явагдаж, 94 мянга 689 иргэн 3.8 тэрбум төгрөгийн урамшуулал хожоод байгаа аж.

Эдгээрээс 27 мянга 102 иргэний 986 сая төгрөгийн урамшууллыг олгосон гэж Гааль, Татварын Мэдээллийн технологийн төвөөс мэдээлсэн. Мөн сарын өмнө болсон сугалааны тохирлоор 400 сая төгрөгийн супер шагнал хожсон азтан тодорсон юм. Улаанбаатар хотын иргэн Н.Цээпил энэ долоо хоногт баримтаа бүртгүүлэх үедээ өөрийгөө супер азтан болсноо мэдэж, ГТЕГ-т өргөдлөө өгсөн байна. ГТЕГ түүний баримтыг нягталж, шалгаж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсны дараа иргэдийн буцаан олголтыг хийх боломжтой болох юм

Супер шагналын азтанаас гадна 20 сая төгрөгийн урамшууллыг нийт зургаан азтан, дөрвөн сая төгрөгийн урамшууллыг 81 азтан хожоод байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийн 90 хувь нь 20 мянган төгрөгийн урамшуулал хожоод байгаа юм байна.

Т.Буянаа