Ц.Баярсайхан: Орон сууцны үнийг бууруулах 5-6 ажил хийж байгаа
2013/09/15
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гарагт та “Буянт-Ухаа” хорооллын дэд бүтцийн ажилтай танилцсан. Ажлын явц ямар төвшинд байна вэ, дэд бүтцийн ажлууд хугацаандаа хийгдэж дуусахаар байна уу?
-Засгийн газрын 118 дугаар тогтоолоор нийтдээ 417 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил хийхээр болсон. Энэ жилийн хувьд 203 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил хийх юм. Энэ ажлын нэг томоохон шийдэл нь Буянт-Ухаа хорооллын ажил юм. Энэ ажилтай танилцсан. Ер нь бол Буянт-Ухаа хороолол, Баянголын амны орчимд нийтдээ дэд бүтцийн 15 ажил хийгдэх юм. Эдгээр ажил маань 10-60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тухайлбал, Буянт-Ухаа хороололд цэвэр усны кольцоо, бохирын шугам, ЦТП-үүд болон техникийн бусад ажил хийгдэнэ. Үндэсний компаниудын барьж буй “Буянт-Ухаа-1” хороололд 1705 айлын орон сууц баригдах юм. Үүнээс энэ жил 500 айлын орон сууц ашиглалтад орно. Энэ ажилтай танилцсан. Дулааны шугамыг шилжүүлэх ажил бий. Тодруулбал, 700 гаруй метр дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлж, хонгилын системд оруулах ёстой. Энэ ажил үргэлжилж байна. Буянт-Ухаа хорооллын цэвэр усны хэрэглээг хангахын тулд шинэ эх үүсвэр барьж байгаа. Нийтдээ 20 гүний худаг гаргаад тэндээсээ цэвэр усын кольцоогоо хангах ёстой. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн хувьд энэ жил зураг төсөл нь батлагдаад, гүйцэтгэгч компани нь шалгарч байгаа. Хоногт 20 мянган метр куб ус цэвэрлэх чадалтай шинэ цэвэрлэх байгууламж баригдана. Тэр болтол МИАТ-ийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөж ажиллах юм. Дээр нь цэвэр усны дамжуулах нийтдээ 5800 метр кубын багтаамжтай хоёр том усан сан барьж байна. Энэ ажлын явц хэвийн үргэлжилж байна. Энэ ашиглалтад орсноор Буянт-Ухаа хорооллын 30-аад мянган айлын орон сууц, сургууль, эмнэлгийг инженерийн дэд бүтцээр хангах бололцоотой юм.
-Дулааны ЦТП-ийн шугам төлөвлөснөөс өөр газарт шилжүүлж, барих шаардлага гарсантай холбоотойгоор төсөв, мөнгөний асуудал тулгарч байгаа гэсэн. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад газар олголт, техникийн нөхцлүүдтэй холбоотойгоор хүндрэлүүд үүсч байгаа. Түүнчлэн трасс шугамын хувьд газар олголт замбараагүй хийгдэж байсан шалтгаанаар бэрхшээлүүд гарч байна. Гэхдээ аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдтэй зохицож, ажлаа үргэлжлүүлж байгаа. Газрын трассаас гадна эрчим хүчний дэд бүтэц бас хүндрэлтэй байгаа. Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах төсөл бас хэрэгжиж байгаа. Бид энэ төсөлтэй бас хамтран ажиллах ёстой. Ер нь эдгээр нөхцлүүд, хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг цаг үргэлж хооронд зохицуулах шаардлага тулгарч байгаа юм.
-Буянт-Ухаа хороололд маш олон компани ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор компаниуд хоорондоо үл ойлголцож, бие биенийхээ ажлыг уяж, саатуулж байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр уялдаа, холбоог сайжруулахад салбарын яам хэрхэн ажиллах вэ?
-Буянт-Ухаа хорооллын барилгын ажлын явцтай ЦТП болон дулааны шугам сүлжээний ажил зэрэгцээд хийгдэж байна. Түүнчлэн урд талаар нь замын ажил хийгдэж байгаа. Энэ мэтээр маш том ажил зэрэг явж байгаа учраас хоорондоо зохицож ажиллахад төвөгтэй тал бий. Үүнийг зохицуулах шаардлагатай. Тийм учраас бид өнгөрсөн даваа гарагт компаниудын захирлуудтай уулзаж, чиглэл өгсөн. Мөн манай яамны албаны хүмүүс тухайн газарт ажиллаж, зохицуулалт хийж өгсөн. Цаашдаа компаниуд бие биенээ дэмжиж, тусалж, уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Зарим ажлууд төлөвлөгөөт хугацаанаас хоцрох гэх зэрэг асуудал гарч байгаа. Тийм учраас тодорхой зохицуулалтуудыг хийх, хамтрах, уулзах чиглэлийн ажлуудыг хийнэ.
-Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ өслөө гэх гомдлыг иргэд гаргаж байгаа. Цаашдаа орон сууцны үнийг бууруулах чиглэлээр ямар нэгэн ажил хийх үү, үнийг хэрхэн бууруулах вэ?
-Ер нь орон сууцны үнийг хямдруулахын тулд эхний ээлжинд нийтийн орон сууц барих газрыг үнэгүй олгох ёстой. Орон сууц барьж байсан ихэнх компани газрыг бусдаас авдаг, үүнтэй холбоотойгоор ямар дамын үнэ үүсэх зэрэг асуудал гардаг байсан. Тэгэхээр үүнийг шийдэх ёстой. Түүнчлэн дэд бүтцийн ажлыг компаниуд өөрсдөө хийж байгаа. Энэ зардлаа бас орон сууцны үнэ дээрээ нэмж таарна. Тийм учраас орон сууцны үнийг бууруулах бас нэг том нөхцөл нь орон сууц барих газарт үнэгүй дэд бүтцийг бий болгох, нийгмийн дэд бүтэц буюу сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн асуудлыг шийдэх юм. Ингэснээр орон сууцны үнийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Үүнээс гадна манай орон жилийн дөрвөн улиралтай учраас барилгын улирлын хугацаа богино байдаг. Тийм учраас бид аль болох тусгай зөвшөөрөл авах, барилгын ажил эхлүүлэхэд авдаг зөвшөөрлүүдэд шаардагдах хугацааг богиносгох, захиргаа, төрийн үйлчилгээ талаасаа хэмнэлт бий болгох шийдвэрүүдийг гаргаж өгсөн. Гуравдугаарт, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, импортыг орлох, барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Жишээлбэл, усны хоолойг дотооддоо үйлдвэрлээд явах бололцоотой болж байна. Хаалга, цонхыг мөн дотоодоосоо хангах бололцоотой. Дулаан, тусгаарлагч материалуудыг мөн дотоодоосоо хангах бололцоотой болж байгаа. Цаашдаа бид цемент, арматурыг дотоодоосоо хангах ёстой. Ингэж чадвал орон сууцны үнэ буурна. Түүнчлэн үндэсний компаниудын хүчин чадал, өрсөлдөх чадвар сайжирна. Үүнийг дагаад ажлын байр бий болно гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт, барилгын ажлыг угсармалжуулах. Энэ хүрээнд бид “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, ажиллуулахаар болж, Чингис бондоос санхүүжилт хийсэн. Угсармал барилга бариад эхэлбэл, бид сууриа зуны дулаан цагт хийгээд, өвөл нь барилгаа барих боломжтой болно. Үндсэндээ барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон сууцны үнийг хямдруулах чиглэлд 5-6 ажил хийж байна. Үүний үр дүн удахгүй гарах байх гэж найдаж байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Зочин · 2013/09/16
**** goojis mine vr udam chine ketcuu bolnodoo karaarai mungo xvvlegch mine
Зочин · 2013/09/16
hezee ch turuus gazar ded butsiig ni shiideed, teren deer ni kompanuud barilgaa bariad manuust hyamd ogoh yum bgaan...?hezee ch barilgiin materialiin uildver ni barigdaad ternees ni kompaniud avch barilgaa bariad manuust hyamd zarahiin...? shorgooljnii ulger shig l sonsogdoj bna...