НАМЗХ-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ энэ сонгуульд МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшиж байгаа юм байна.Тэрбээр бараг иргэний үнэмлэх авав уу үгүй юу МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага МАСЗХ-нд гишүүнээр элссэн байдаг. Өөрөөр хэлбэл түүнд нам дагаснаас өөр мэдлэг, туршлага ховор. Л.Оюун-Эрдэнэ 21 настайдаа Бэрс гэх хувийн сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн юм билээ. Харин Бэрс сургууль нь боловсролын тогтолцооны цэвэрлэгээнд дампуурч алга болсон. Тэгээд л Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн халаасанд багтаж, цүнх барьж гүйсээр улстөрд орсон байдаг.

За тэрч яахав. Ямар нэгэн ажил мэргэжлээр тууштай ажиллаад, амжилтанд хүрэх магадлалгүй, сурсан эрдэм сулхан нөхдүүд хэтэрхий залуугаараа улстөрд орж, хэн нэгэн хүний цүнхийг барьж, халаасанд багтаж гүйдэг тогтолцоо манай улсад нэгэнт бий болсон. Яруу найрагч Ц.Хулангийн хэлснээр “Улстөрд донтож байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байх юм. Тэр залуучууд нийгэмд хэрэгтэй юм хийг. Дөнгөж хорин хэдтэй нусан жулдрайнууд том улстөр ярьж байхаар ажил хийж сураг” гэсэн нь үнэн.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэтэй нэг тойрогт эсрэг намаас нь УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нэр дэвшиж байгаа юм билээ. Түүний хувьд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургууль төгсөж, Улаанбаатар Төмөрзамын техникум Засвар үйлчилгээний техникч, механикч мэргэжлээр ажиллсан бөгөөд 1985 - 1990 онд Политехникийн дээд сургууль Механик инженер мэргэжлээр тус тус төгссөн, Удирдахуйн ухааны магистр зэгтэй улстөрч ажээ.

Мөн ШУА-ийн химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний туслах ажилтан, Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн дээд сургуулийн Авто тээврийн тэнхимд сургалтын мастер, засварын төв үйлдвэрт инженер зохион бүтээгч, Монгол шуудан банкинд менежер "Инч" ХХК-ий захирал "Эм Пи" ХХК-ий гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто замын газрын дэд дарга "Монроуд" ХХК-ий ерөнхий захирал, Авто Замын Үндэсний Асиоциацийн тэргүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2014 оноос УИХ дахь АН-ын бүлгийн дарга хийж ажлын туршлага арвинтай нэгэн юм байна. Тэрбээр мөн Монгол Улсын тэргүүний замчин, Алтангадас одон, Тусгаар тогтнолын одон, 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Энэ хоёр нөхрийн хэнийг нь сонгохоо Хэнтийчүүд мэдэж буй биз ээ. Сүүлийн үед улстөрд донтож буй залуус эх орныг удирдах ажил хийнэ гэхэд эргэлзэх хүн нэлээдгүй байна.

 

Н.Чимэг