Монголчууд Улаан-Үүдийн "стриптиз клуб"-ийг зорьдог
2016/06/17
Саяхан "Оросуудын секс жуулчлалын диваажин нь Монгол” гэсэн нийтлэл ОХУ-д гарч, үүнийг сонссон монголчуудын чих нь сортойж, нүд нь бүлтийж байв. Тэгвэл энэ удаад оросуудыг биш монголчуудыг чиглэсэн нэгэн нийтлэл Оросын сайтад тавигджээ. Товчхондоо, Монголчуудын секс жуулчлалын "диваажин” нь Улаан-Үд болж байгаа аж. "Улаан-Үд дэх монголчууд оройдоо шар үстнүүдийн стриптиз клуб зорьдог” хэмээх нэлээд сонин содон гарчигтай энэхүү мэдээлэл болон өнгөрсөн хугацаанд монголчуудтай холбоотой Буриадын хил дээр гарсан явдлын талаар багцлан хүргэе.
Энэ оны эхнээс хойш Оросоос Монгол, Монголоос Оросын хилийг нийтдээ 427 мянга гаруй хүн давсан бөгөөд үүний 383 мянга нь хоёр орны хилийн гол гарц болох Хиагт /МАПП/-аар нэвтэрсэн байна. Орос, Монгол Улсууд хоорондоо визгүй зорчдог болоод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнгөрөгч оны 5 дугаар сард өдөрт дунджаар 1953 хүн хил давдаг байсан бол энэ оны 5 дугаар сард 2513 болж өсчээ.
Харин оргил үедээ 4199-д хүрч байжээ. Гэхдээ хилийн боомтын хүчин чадал буюу өдөрт нэвтрүүлэх хүний тоог 1500 гэж Буриадын гаалийн газраас мэдээлжээ. Орос-Монголын хил дээр үүсэж буй урт дарааллыг Буриадыг зорьж буй Монголчууд бүрдүүлдэг байна. Оросын хилийг монголчууд 30 минутаас хэдэн өдрөөр оочерлон давж байгаа бөгөөд ихэвчлэн Буриадын нийслэл Улаан-Үд хотод очдог байна.
ОХУ-ын хилийг давж буй монголчууд ихэвчлэн Улаан-Үдээс бараа татах, Итгэлт хамбад мөргөх болон Байгаль нуурт амрах зорилгоор ирдэг. Мөн хямд үнэтэй ч чанар сайтай бүтээгдэхүүн худалдан авахыг чухалчилдаг байна. Тэгвэл Улаан-Үдэд очсон монголчуудад гол төлөв худалдааны төв, баар ресторан болон стриптиз клубуудаар зочилдог байна. Ялангуяа оройдоо монгол залуус шар үстнүүд тайчдаг клубыг ихээр зорьдог гэнэ. Монгол бүсгүйчүүд хар үстэй болохоор шар үстэй эмэгтэйчүүд сонин байдаг бололтой гэжээ.
Сонирхуулахад, 8 сарын 17-ноос Буриадын шалган нэвтрүүлэх цахим үйл ажиллагаатай болох гэж байгаа аж. Ингэснээр шалган нэвтрүүлэх дээр саатдаг, хэдэн өдрөөр оочерлодог байдал үгйү болж, монголчуудад учирдаг төвөг бэрхшээл багасах бололтой. Нөгөө талаас Буриадын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн оруулах, гаргах үйлдэл арилах юм.
Эцэст нь, Монголд аюулгүй гэж орж ирсэн, басхүү мэргэжлийн байгууллагуудаас хэмжилт, шалгалт хийгдсэн япон автомашинууд Буриадын хил дээр очоод цацраг идэвхт бодисын бохирдолтой байна гэсэн тохиолдол нэлээд хэд гарсан юм. Тиймээс Буриадын гаалийнхан Монголоос Оросын хил давах гэж буй автомашинуудын цацрагийн хэмжээг шалгадаг тоног төхөөрөмжөө сайжруулахад нэлээд анхаарч эхэлсэн нь магадгүй нь 8 сарын 17-ноос цахимжихад бага ч болов нөлөөлсөн нь дамжиггүй биз.
Төгс