​Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид баривчилсан байдаг.

Тэрбээр “Rich Hill” зочид буудалд байрлан, бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж байгаад ийнхүү газар дээрээ баригдсан хэрэг. Бас болоогүй хохирогчийг нохойгоор уруулахыг завдаж, банкны картыг авсан, хүчээр мөнгө шилжүүлүүлсэн байгаа юм. Тодруулбал тэрбээр нэгэн телевизийн А гэх сэтгүүлч эмэгтэйн нөхөр болох Т-г тус зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодон, нохойгоор уруулахыг завдаж, 2 сая орчим юань шилжүүлэн аваад байсан юм.

Хэргийг нэхэн сануулбал өглөө гэрээсээ гарсан нөхөр Т нь гэнэт жирэмсэн эхнэр рүүгээ “Би чамаас саллаа. Чи намайг эрж хайх хэрэггүй” гэх мэтчилэн элдэв сонин үг бүхий мессэж бичиж эхэлжээ. Тиймээс түүний эхнэр цагдаад хандсан байна. Г.Нямдорж нь тухайн хэргийг хийхдээ С.Мөнхбат гэх мэт нэр бүхий нөхдүүдтэй бүлэглэн хохирогч залууг барьцаалж хорьсон байдаг юм. Түүнийг энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр цагдан хорьж мөрдөх хугацааг дахин сунгасан байна. Харин хэрэг хийхэд оролцсон хамсаатан болох С.Мөнхбатыг эрүүл мэндийн шалтгаанаар өчигдөр батлан даалтад гаргажээ.

Өмнө нь мунзуй Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас сая доллар нэхэн түүнийг хэрэгт холобгдуулан ярьж олны анхааралд орсон хүн байдаг. Тухайн үед түүний энэ “айдас”-ыг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого, эрүүгийн элементүүд эрээ цээрээ алдаж байгаагийн илрэл гэж дургүйцэж хүлээж авсан хүн олон байсан.
Мөн “Но­гоон” Мөнхбат гэдэг хүн Б.Дэлгэр­сайханы компанийг, биз­несийг юутай хүүтэй нь өөрийн болгох гэж рекет хийж байсан байна. Манай улсад энэ төрлийн хэрэг нэлэд гарч байгаад дарагдсан ч сүүлийн үед мөн дахин гарах болжээ. Тиймээс хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт онцгой анхаарч, удаа дараа хүн дарамталсан, өмнө нь ял авч байсан ч давтан хэрэг үйлдсэн Мунзуй Нямдоржийн асуудлыг хатуу шалгаж, шийдвэрлэх юм байна.

Г.Наран