Монгол төрийн наадам удахгүй болж монгол түмэн баярын магнай тэнийнэ. Энэ жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлэг “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д өчигдөр өрнөв. Хэлэлцүүлэгт МҮБХ-ны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Довдонгийн Данзан, Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар, улсын начин, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, улсын ахлах засуул Р.Сампилдондов, “Бөх” сонины сэтгүүлч, бөх судлаач Ш.Мягмар, бөх тайлбарлагч С.Гантөр, бөх сонирхогч Т.Түмэндэмбэрэл, О.Наранбаатар нар оролцож өөрсдийн таамгийг дэвшүүлэн, өнөө жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэлээ. Хэлэлцүүлэг өрнөхөөс өмнө Төв аймгийн Баянбараат сумын уугуул Л.Сосорбарам арслан цагаан чулуун хөөрөг гарган хүн бүртэй тамхилж “Сүрэг мал тарган уу, сүү сааль арвин уу” хэмээн мэндийн үг урсгахад дэд тэргүүн Д.Данзан “Баянбараат мэндчилгээ гэж ийм юм байдаг байх нь. Сүйт хүүхэн царайлаг уу гэж үргэлжлүүлээд явж өгнө биз” хэмээн хөөрхөн цаашлуулах нь цаанаа л нэг монголжуу. Монгол бөхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан, зориулж яваа эл эрхмүүд харин сэтгүүлчид бидэнтэй “Дотуур дэгээ ороосон, нохой мордсон асуулт тавихгүй юм байгаа биз дээ” гэсхийн хөөрөлдөцгөөлөө. Хэлэлцүүлэгт “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун, Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, “dnn.mn” сайтын гүйцэтгэх захирал Ц.Баяржаргал нар оролцлоо.

-Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана. Одоогоос таван жилийн өмнө 1024 бөх барилдаж, улсын харцага Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, улсын аварга цол хүртэж байсан. Содномдорж тэргүүтэй харцага цолтон, Санжаадамба нарын заан цолтнууд түрүүлбэл улсын аварга болох уу. Арслан цолтон түрүүлэхэд даян аварга болох болзол байгаа юу. Данзан тэргүүн та олон жил наадмын бөхийн салбар комисст ажилласан хүний хувьд энэ жилийн наадам ямаршуухан болно гэж таамаглаж байна?

Д.Данзан:-Жил жилийн наадам сайхан болдог. Монголчууд “Наадам сайхан боллоо” гэж ярьдаг. Тэр нь үндсэндээ “Бөхийн барилдаан сайхан боллоо” гэж байгаатай адил. Наадмын хамгийн үзүүштэй сайхан зүйл нь бөхийн барилдаан байдаг. Ардын уран зохиолч С.Дашдооров “Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна” гэж бичиж байсан. Би нэгэнтээ “Хүлээлгэж хясавч хүрээд л ирдэг наадам минь” гэж бичиж байсан дэлхийд ганцхан наадам дөхөж байна. Улс төрийн сонгууль хэмээх халуун өдрүүдийн хажуугаар баяр наадмын уур амьсгал оруулж өгч байгаа “Өдрийн сонин”-ы хамт олонд баярлаж байна. Наадамд 1024 бөх барилдуулах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарчихсан байгаа. Урьд өмнөх уламжлалаа харахад таван жил тутамд өдий тооны бөх барилдах наадам энэ жил тохиож байна. АСЕМ-тай холбогдуулаад аймгуудын наадмыг долдугаар сарын 11-12-ноос хойш зохион байгуулах шийдвэр гарсан. Аймгуудын наадамд зодоглодог сумын заан цолтой тав зургаан зуугаад залуучууд байдаг. Аймгийн арслан цолтой олон бөх байгаа. Энэ жилийн тухайд тэр бөхчүүд улсынхаа наадамд зодоглох байх. Тэгэхээр өмнөх наадмуудаас дутахгүй чанартай наадам болно. Монгол Улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн долоогийн нэгд “Улсын баяр наадамд тав давсан бөхөд начин, зургаа давсан бөхөд харцага, долоо давсан бөхөд улсын заан, найм давсан бөхөд улсын гарьд, ес давсан бөхөд улсын арслан цол олгоно. Улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга цол олгоно” гэж тодорхой заачихсан байгаа. Энэ бүхэн 512 бөх барилдахад зориулсан заалтууд. “Улсын аварга түрүүлбэл улсын далай аварга” гэж байсныг 2014 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчилж далай аварга гэдэг цол үгүй болсон. Улсын даян аварга болох заалттай болж найруулагдсан. Үүний дараа онцолсон заалт байдаг нь долоогийн хоёр. “Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтон ес давсан бол үзүүр, түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын аварга цол олгоно” гээд заачихсан байгаа. Энэ заалт бол 2006, 2011 онд хэрэгжээд явсан. Улсын арслан түрүүлбэл яах вэ, улсын аварга түрүүлбэл яах вэ гэсэн асуулт эндээс урган гарч ирнэ. Уг хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, аварга цолтон түрүүлбэл даян аварга цол олгоно гэсэн зүйл байж байгаа. Энэ бол төдийлөн шударга биш юм гэсэн үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ сарын 3-ны өдөр тодорхой санал бичиг хүргүүлсэн. Бидний санаа бол УИХ хуралдаад энэ заалтыг өөрчлөөд өгөөсэй гэсэн санал. УИХ мөд хуралдах юм уу, үгүй юу бүү мэд. Хуралдлаа ч энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг мэдэхгүй байна. 2006 оны наадмаар улсын арслан цолтноос доош бөх түрүүлбэл аварга цол олгоно гэсэн заалтыг наадмаас хойш нөхөж оруулсан. Энэ жилийн наадмын хувьд практикаар тийм заалт л нөхөн оруулах байх гэсэн байдал ажиглагдаж байна. Бөхийн мэргэжлийн байгууллага биш Монгол Улсын хуулиар цол олгодог болохоор энэ бүхэн бидний эрх мэдлээс давчихсан асуудал. Ямар хувилбар санал болгосон бэ гэдгийг Цогтбаатар дэлгэрүүлж ярих байх.

Б.Цогтбаатар: -Хуулийн заалтыг сая Данзан тэргүүн ярилаа. Энэ бол 512, 1024 хэдэн ч бөх барилдсан хамаарахгүйгээр улсын наадамд найм давсан бөхөд улсын гарьд, ес давсан бөхөд улсын арслан, арав давж түрүүлбэл улсын аварга цол олгоно гэж даваа болгон цолтой болсонтой холбоотойгоор баталсан хууль. Гэхдээ энэ долоогийн хоёрт “Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтон ес давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө арслан цол олгож, арав давбал аварга цол олгоно” гээд заачихсан байгаа. Үүнийг “Улсын баяр наадамд шинээр ес давж үзүүрлэсэн бөхөд улсын арслан цол, арав давж түрүүлсэн бөхөд улсын аварга цол олгоно” гэж шууд заачих ёстой юм байна. “Үзүүр түрүүний барилдааны өмнө арслан цол олгоно” гэсэн өгүүлбэрийг хасах саналтай байна. “Улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтой хүн ес давж үзүүрлэвэл улсын аварга цол, улсын аварга цолтой бөх үзүүрлэвэл улсын даян аварга цол, улсын даян аварга цолтой бөх үзүүрлэвэл улсын дархан аварга цол, улсын арслан цолтой бөх арав давж түрүүлбэл улсын даян аварга цол, улсын даян аварга цолтой бөх түрүүлбэл улсын дархан аварга цол олгоно” гэж өөрчлөн найруулъя гэсэн саналаа холбогдох газруудад хүргүүлээд байгаа. Сонгуулийн дараа УИХ-ын чуулган хуралдах байх гэж найдаж байна. Хаалтын чуулганы үеэр тулгамдаж буй асуудлыг УИХ-ын гишүүд маань ойлгоод, бөхдөө хайртай нийт ард түмний хүсэлт учраас авч хэлэлцээд хуульд өөрчлөлт оруулж өгөх байх аа. Б.Бат-Эрдэнэ аваргаар дамжуулаад УИХ-д өргөн барьсан. Үндэсний бөхийн салбар хороогоор дамжуулаад Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагаанд албан бичиг хүргүүлсэн. Улсын наадамд түрүүлээгүй бөх ес юм уу арав давсан тохиолдолд аварга цол олгох асуудал яригдахгүй. Өмнөх туршлагаас харахад улсын наадамд түрүүлж үзээгүй бөх улсын аварга байж болохгүй гэдэг дээр бөхчүүд болоод бөхийн хүрээнийхэн санал нэгтэй байгаа. Тийм учраас улсын наадамд түрүүлсэн арслан, аварга цолтой бөхчүүд ес давж үзүүрлэхэд дараагийн цолоо авах боломжтой юм гэж үзэж байна. Өмнө нь ес давж үзүүрлэсэн бөх ес давж үзүүрлэвэл Үндэсний их баяр наадмын хуулийнхаа дагуу чимгээ аваад явна гэсэн заалт оруулсан байгаа. Дархан аварга цолтой бөх түрүүлбэл чимгээ аваад явна гэсэн үг шүү дээ. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж буй өнөөгийн нөхцөлд энэ бүхэн маргаан дагуулахгүй гэж үзэж байгаа юм.

-Өмнө түрүүлээгүй арслан цолтон үзүүрлэвэл аварга цол өгөхгүй гэсэн үг үү?

Б.Цогтбаатар:-Түрүүлээгүй, үзүүрлээд улсын арслан цол авчихсан бөх байж болно. Бодит жишээ нь, улсын арслан Азжаргал байна. 1024 бөх барилдахад ес давж үзүүрлэсэн бөх. Магадгүй, Азжаргал арслан ахиад ес давж үзүүрлэвэл аварга цол олгохгүй гэсэн үг. Яагаад гэвэл түрүүлж үзээгүй хүнд улсын аварга цол олгохгүй гээд байна шүү дээ. Угаасаа улсын арслан цолыг чинь түрүүлж авдаг.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас хариу өгөв үү?

Б.Цогтбаатар: -Одоогоор хариу өгөөгүй байгаа. Ерөнхийлөгчид найдахаас илүү УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж Үндэсний их баяр наадмын хуульд өөрчлөлт оруулж байж дээрх заалтууд хүчин төгөлдөр болно.

-Сосорбарам арслан та Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын ард түмэнд домог болсон аваргуудтай нэгэн үед барилдаж байсан хүчтэн. Тантай хууль ярихаас илүү одоо ид барилдаж буй бөхчүүдээс хэн нь энэ жилийн наадамд өнгөлөх бол гэдгийг асуух нь сонирхолтой байна?

Л.Сосорбарам: -Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн дүрэм гэж гарсан. Үүнийгээ л сайн баримталж байхгүй бол үе үе өөрчлөөд байх нь үндэсний хэлбэр, агуулга нь алдагдах аюултай. Жишээлбэл, “Далай даян дархан аварга” гэдгийн “Далай аварга” гэдгийг яагаад хасав гэж би хувьдаа харамсаж явдаг. Далай гэдэг чинь их гоё үг шүү дээ. Сайхан ч цол. Төрийн хуулиар энэ цолыг үгүй болгосон нь их л эвгүй санагддаг. Өнөө жилийн наадам их сайхан болно. Цаг агаар сайхан байна. Ногоо цагаа сайхан гарлаа. Барилдааны хувьд яривал хүн таахад бэрхтэй болчихсон. Тийм бөх үзүүрлэж, түрүүлнэ гэх нь байтугай шөвгийн 16, 32-т үлдэх хүнийг ч таахад хэцүү болсон. Залуу бөхчүүдээс хэн нь ч, хэнийг ч гурав дөрвийн даваанд хаях боломжтой. Зүгээр багцаалахад Э.Оюунболд, П.Бүрэнтөгс хоёр арсланг л үзүүр түрүүнд үлдэх болов уу гэж бодож байна. Тэр жил 1024 бөх барилдахад Бямбажав, Жаргалсайхан нарыг аймгийн арслан цолтой байхад найдвартай улсын цол хүртэнэ гэж таамаг дэвшүүлсэн ч байндаа оноогүй. Таадаггүй юм байна лээ. Тэр өдрийн цаг агаар, тухайн бөхийн сэтгэл санааны байдал гээд олон зүйл нөлөөлдөг болохоор аргагүй юм. “Хүсэлтэй бүхэн баян болдоггүй. Хүчтэй бүхэн түрүүлдэггүй” гэдэг үг үнэн.

-Хайдав арслангийн хувьд хэн хэн үзүүр түрүүнд үлдэнэ гэж бодож байна?

Ж.Хайдав: -Наадмын тухай бөхийн зүтгэлтнүүд болоод ахмад арслан маань тодорхой ярилаа. Улсын цол авчих болов уу, гайгүй барилдах байх гэж найдлага хүлээлгэсэн бөхчүүд зөндөө байна. Аймаг, цэргийн цолтнууд байтугай сумын цолтой бөхчүүд хүртэл цахиур хагалж мэднэ. Хааяа зурагтаар бөх харж байхад Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ховдын аймгийн арслан Бат-Өлзий, Тайван, Хангай, Архангайн Ганзориг, Баянхонгорын Заг сумын уугуул цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох, Увсын Ганзориг, Гантулга, Жаргалбаяр гээд залуучууд сайн барилдаж байна. Тэдний хэн нь ч улсын ямар ч цолонд хүрч мэднэ. Энэ бол зөвхөн миний харж байгаа өнцгөөс шүү дээ. Цолоо ахиулж магадгүй бөхчүүд гэвэл улсын гарьд Гончигдамба, улсын заан Санжаадамба, Батмөнх, улсын харцага Содномдорж, Бат-Орших нар байна. Түрүүлэх хүний хувьд таахад хэцүү. Гэхдээ Э.Оюунболд, П.Бүрэнтөгс хоёрыг үзүүр түрүүнд хүрчих байх гэсэн итгэл найдвар байгаа. Эднээс гадна гал цогтой барилдсан аймгийн арслан түрүүлчихийг хэн ч байг гэхгүй. Аварга Мөнхбат, Баянмөнхийн үед бол “Тэр нь түрүүлж, үзүүрлэнэ” гэж шууд таамаглаж болдог байлаа. Аварга Бат-Эрдэнийн үед түрүү бөхийг баталгаатай нэрлэдэг байлаа. Тэр улс үнэхээр тасраад явчихсан байлаа. Одоо нэгнээсээ тасрах боломж маш хомс болчихлоо шүү дээ. Түрүү бөхийг нэрлэхэд яагаад хэцүү болчихов гэхээр аймаг аймгаараа гал болж бэлтгэлд гараад, зохион байгуулалтад орж, мэргэжлийн дасгалжуулагчид цалин цуух аваад маш сайн зөвлөж хичээллүүлж байна шүү дээ. Оюунболд арслангийн хувьд залуу, биетэй залуу юм. Өөрийгөө зөв авч яваад, бэлтгэл сургуулилт сайн хийвэл вариант тодорхой байна. Санжаадамбыг хэдэн жил горьдож нэрлэсэн ч итгэл найдвараа алдчихсан. Уг нь Санжаадамбад вариант аль эрт л байсан. Тэр сайхан боломжуудыг хэдэн жил алдсан. Одоо бүр суларчихсан байгаа.

Ш.Мягмар: -Жил жилийн наадмаар “Тэр тэр улсын цолонд хүрнэ” гэж таавар дэвшүүлдэг. Улсын цолтон төрөхөөр “Тэгж ч найраа хийлээ, ингэж ч дэмжлэг авлаа” гээд шуугьцгаадаг. Энэ жилийн наадмаар тийм зүйл яригдахгүй байх. МҮБХ-ноос дээш нь өргөн барьсан хуулийн санал дэмжигдэх байх. Хэн түрүүлэх вэ гэдэг асуултад “Оюунболд арслан гарцаагүй түрүүлнэ” гээд хэлчихвэл буруудахгүй байх. Энэ бол бэлгэдэл төдий биш биелэгдэх ёстой зүйл.

-Улсын арслан Оюунболд түрүүлэх талаар та бүхэн хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна. Түүнд бөхийн ямар нэг онцгой чанар ажиглагдаж байна уу?

Г.Пүрэв-Очир: -Сүүлийн үеийн бөхчүүдийн бэлтгэл бидний үеийнхээс шал ондоо болсон. Дээр үед уртдаа л сар гаруйн өмнөөс наадмын бэлтгэлд гардаг байсан бол одоо бүх бөх жилийн турш бэлтгэлтэй болсон. Оюунболд бага наснаасаа барилдсан, улсын начин Адьяахүүгийн гарын шавь, бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл энэ жилийн наадмын түрүү их л ойрхон доо. Байгалиас заяасан бие махбодоос гадна өөрт нь хуралдсан маш их энергитэй, удамтай бөх. Улсын наадамд нагац аав Александрынх нь Гоё халиун гэдэг соёолон морь түрүүлсэн. Аав нь “Манай удмаас улсын наадамд морь, бөх хоёр түрүү авах учиртай байжээ” гэсэн нь ч учиртай. Бөхийн мэргэжилтнүүд бөхийн тааврыг таахаа байсан. Хамгийн гол шимтэн үзэгчид л наадмын бөхийн тааврыг их дөхүүлнэ дээ.

-Улсын наадамд Увсын Ганбат, Мөнхбат, Бүрэнтөгс нар гурван жил дараалан түрүүлж шуугиулсан. Увсынхан хоороороо “Увс нуур” дуугаа дуулаад сүйд болсон доо?

Ж.Хайдав: -Нэгэн үе Х.Баянмөнх бид хоёрыг зааланд барилдахаас өмнө Увсаар овоглосон нэг ч бөх байгаагүй юм. Сүүлд нэмэгдсээр гуч дөчөөд улсын цолтон төрөв үү дээ. Увсын бөхчүүд сайн байгаа нь зохион байгуулалт сайтай, тусгай дасгалжуулагчтай, байнгын дөрвөн улиралд бэлтгэл хийдгийнх. Тэрнээс тодорхой нэг нууц ерөөс байхгүй. “Увс нуур” гэдэг дуу увсчуудын бахархал болсон сайхан дуу. Түрүүлсэн хүнийхээ төлөө баярлаж бахархаад дуулж байгаа л дуу юм. Увсынхан “Увс нуур” дуугаа дууллаа гээд шүүмжлээд байсан. Баярласан сэтгэлийн илэрхийллээр л дуулсан болохоос нутгархсан өөр үзэл санаа байхгүй.

-Бөхчүүд бэлтгэл хийж байхдаа бүсгүй хүнээс бузартчихна гэж их сэжиглэдэг юм шиг байдаг. “Зүлэг ногоон дэвжээ рүү эмэгтэй зурагчин орууллаа” гэж бөөнөөрөө эсэргүүцэж байсан ч удаатай. Бүсгүй хүнээс цээрлэж цэрвэхийн учир юунд байдаг юм бол?

Л.Сосорбарам:- Эмэгтэйчүүдийг хайрлаж хамгаалдаг учраас л бөхчүүд тусдаа бэлтгэлд гардаг байх. Тэрнээс сэжиглэж тээршаасандаа биш. Эмэгтэй хүнтэй бэлтгэл хийхдээ хамт байвал байгалиасаа заяасан хайрлаж хамгаалах сэтгэл төрнө. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг харж, ярихад сэтгэл нь гэгэлздэг гэж ярьдаг. Бямбажав хамба “Харьцахад сэтгэлийн ханамж бий болдоггүй. Бурхны ухаанд харснаар, ярьснаар сэтгэл ханамж бий болдог” гэсэн байдаг. Үүнээс л үндэслэж эмэгтэй хүнтэй хамт байхад сэтгэл алдрахаас сэргийлж бэлтгэл хийхдээ тусдаа байдаг байх.

-Бөхчүүдийн зүлэг ногоон дэвжээнд ярилцаж байгаа яриаг засуулууд сайн мэддэг гэсэн яриа байдаг. Наадмын дараа үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа гардаг. Та хажууд нь байдаг хүний хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Р.Сампилдондов: - Би 1996 оноос хойш засуул хийгээд 20 жил болж байна. Засуул гэдэг бол бөхийн амьсгал, хөдөлгөөн бүрийг яг дэргэдээс нь ажигладаг нандин мэргэжил. Хүмүүс засуулыг “малгай барьсан мануухай” гэж үзээд маргаан гарахад бурууг нь чихээд үлдээдэгт сэтгэл гонсгор байдаг. Бид наадмын дэг журмыг баримталж бөхийн барилдааныг авч явдаг. Дээд мэргэжилтэй хүнийг засуул хийлгэнэ гээд байдаг. Дээд мэргэжилтэй хүмүүс ирээд хоёр жил засуул хийчихээд л явчихдаг. Бид хариуцлагатай ажил хийдэг учраас үүнд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Талбай дээрх бөхчүүдийн яриаг илүү сонсдог гэдэг нь ойлгомжтой. Миний хувьд барилдааны тухай “зөв юм сонсъё гэвэл засуулаас асуу. Зөрүү юм сонсъё гэвэл дараагийн хүнээс асуу” гэж хэлдэг. Барилдааны үед болж байгаа үйл явдал дунд засуул зогсож байгаа ч шийдвэрийг хөлийн цэц гаргадаг. Энэ хоёр наадмын барилдааны хамгийн гол үүргийг гүйцэтгэж, ачааллыг авч гардаг юм. Би засуулын ахлах болоод арав гаруй жил ажиллаж байна. Хоёр засуулыг эхлээд шийдвэрт хүрээрэй гэж захидаг. Маргаантай барилдаан гарлаа гэхэд хоёр засуул эхлээд шийддэг. Хоёр засуул хоёр талд шийдвэр гаргачихвал маргаан эцэслэхгүй. Маргаантай наадам болоод өнгөрсөн тохиолдол олон бий. Өнгөрсөн жилийн наадмаар маргаан гараагүй сайхан болж өнгөрсөн. Энэ жил 1024 бөх зодоглож маргаангүй сайхан барилдах эсэх нь бидний зохион байгуулалтаас шалтгаална. Хурц хараа, хурдан шуурхай ажиллагаатай байх ёстой. Шаардлагыг дүрмийн дагуу тавьж ажиллах үүрэгтэй. Маргаан гарсныг харахад маргалдаад шийдвэрт хүрэхгүй удаж хүмүүсийг чилээдэг. Бөхчүүд бүтэн нэг жилийн бэлтгэл хийчихсэн байгаа шүү дээ. Бөхийн нас, худгийн ус хоёр хэмжээтэй гэж хэлсэн байдаг юм. Гэтэл бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үнэлүүлж байгаа тэр өдөр буруу шийдвэр гаргачихвал насаараа тэнд зүтгэж явсан хүмүүсийн зүтгэл хоосон хоцрох гээд байна. Тиймээс засуул хүн их чухал гэсэн бодолтой байдаг. Харин хэн түрүүлэх вэ гэдэг асуултад өөрийнхөө дүгнэлтийг хэлье. Би өнгөрсөн жил улсын арслан Э.Оюунболдыг наймын даваа хүртэл зассан юм. Э.Оюунболд их сайхан барилдсан. Наймын даваа хүртэл малгайгаа шүүрч аваад гүйгээд байсан. Найм давчихаар нь “За дүү минь зогсоорой” гэж хэлээд зогсоож байгаад малгайг нь тавихдаа “Чи одоо хариуцлагатай даваанд ирлээ. Түрүүлчихвэл арслан болно. Үгүй бол гарьд болох сонголт байна. Сайн барилдаарай” гэж хэлээд явуулсан. Энэ засуул хүний л үүрэг дээ. Иртэй байгаа залуу хүүхдийг жаахан тогтоогоод гаргасан хэрэг. Увсын бөхчүүд зохион байгуулалт сайтай. Увсын бөх дотроо одоогийн бөхчүүдийн цол, өнгийг тодорхойлсон олон сайхан бөхчүүд бий. Манай Өвөрхангайн Сайнбаяр, Санчир, Ганхуягийн нас хэд хүрч байгаа билээ. Гэтэл их шөвөгт увсынхан гараад ирэх магадлал өндөр. Өнгөрсөн жил унасан юм чинь төлөвлөсөн хариу мэх байгаа байх гэж бодож байна.

-2006 оны наадмаар Баяржавхлан, Пүрэвсүрэн хоёр муудсанаас болоод цэнгэлдэх нэг л чимээгүй болчихсон. Танд тийм хэцүү асуудал тохиолдож байв уу?

Р.Сампилдондов: -Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлдэг жил тавын даваан дээр Б.Соронзонболдыг амласан юм. Б.Соронзонболд тавын даваанаас цааш барилдах байсан ч тасалчихлаа гэж байсан. Г.Эрхэмбаяр өөрөө аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг албаар цолонд хүрэг гэж дэмжээд орхисон байх. Тэгэхэд шанаадсан гээд юм юм болсон. Би тухайн үед Г.Эрхэмбаярын засуул байлаа. Г.Эрхэмбаяр нэлээд тэвчиж байгаад “Би одоо яах ёстой юм бэ” гэж асуулаа. Тэгэхэд нь “Чи

зүгээр байж бай. Бид хорино” гэж хэлж байсан. Ингээд наадам болдгоороо болж дууссан. Бөхчүүдийн муудах нь талбайн дунд байдаг учраас засуулууд бидэнд мэдэгддэг юм. Гончигдамба, Ч.Санжаадамба хоёрын долоогийн даваан дээр таарсан барилдаан байдаг. Ч.Санжаадамба тэр наадам дээр нэг л тогтож чадахгүй байсан. Хажууд барилдаж байгаа бөх рүүгээ хялалзаж хараад л. Тэгэхээр нь би “Чи наад барилдаандаа тогтож төвлөрч барилд” гэсэн. Тэгсэн Гончигдамбын хажууд нь гараад арагш нь дарсан мэхийг Ч.Санжаадамба эсэргүүцсэн юм. Гэтэл нөгөө талын засуул Завханы хүн байсан. Шийдвэр гаргахад давсан, хайнцсан, дахиж барилдуулна гэж гурван өөр юм хэлж нутаг усны үзэл гаргаж байсан. Тиймээс талбай дээр нутгийн засуул авч гарах шаардлага байхгүй гэж үздэг.

-Талбай дээр гарахын өмнө бөхийн ааш араншинд тааруулж харьцаарай гэх захиас байдаг болов уу?

Д.Данзан: -Манай зохион байгуулах комиссоос үндэсний бөхийн барилдааны талбайг найман хэсэгт хуваагаад цэц хариуцаад авчихдаг. Хэний өмнө очиж барилдах вэ гэдэг нь тухайн бөхийн барилдаанаас л болно шүү дээ. Яг тэгж оноодог зүйл байхгүй.

-Бөхийн жудаг, хариуцлагыг энэ жилийн улсын баяр наадмаар яаж зохицуулж ажиллах гэж байна?

Д.Данзан: -Энэ жилийн хувьд сум, аймаг руугаа явчихдаг бөхчүүд нийслэлд барилдана. Тэгэхээр энэ жилийн барилдаан чанартай, ихээхэн сонирхолтой болох юм. Улсын наадам цэргийн наадмаас үүссэн түүхтэй учраас тодорхой тооны цэргийг барилдуулахаар бэлддэг. Гэхдээ 512 бөхийн барилдаанд гардагаас илүү гарахгүй болов уу гэж бодож байгаа. Бөхийн салбар хороо гурван удаа хуралдаад төлөвлөгөөт засвар хийх ажлаа батлуулан ажиллаж байна. Одоо долдугаар сарын 3-4-ний үед хуралдаад сүүлчийн ажлын байдлыг үзэж, зохион байгуулах багийнхаа нэрсийг гарган ажилд оруулж батална. Энэ жил наадамд холбогч хийдэг хүнийг олон болгохоор зохицуулж байгаа. Мөн талбай дээрх тайлбарлагчийн нэрийг цохож өгөөч гэх хүсэлт их гаргаж байна. Жишээлбэл, манай Б.Цогтбаатар, С.Гантөр нарыг бөхөө сайн таних учраас талбайд тайлбарлуулахыг хүсдэг. Гэтэл энэ хоёрыг маань телевиз, радио булаацалдаад аваад явчихдаг. Ховор мундаг хүмүүс үнэ цэнтэй байх нь зүйн хэрэг. Энэ жил талбай дээр сайн тайлбарлагч тавих бодолтой байна. Бусад зүйл нь хэвийн, зохион байгуулагддаг журмаараа явна. Өмнөх жилүүдэд О.Батмөнх, Х.Батмэнд нар тайлбарладаг байсан юм. Тэд сүүлийн үед бөхөөс хол байгаа учраас зарим залуу бөхөө таних нь бага болчихсон.

-Ш.Чанрав, А.Ганбаатар гээд тайлбарлагч нарыг хүмүүс ихээхэн дурсан ярьдаг. Ш.Чанравыг хийх мэхийг нь урьдчилаад хэлдэг их зөнч тайлбарлагч гэдэг. Сүүлийн үеийн тайлбарлагч нар харин зүгээр л анкет уншаад байна гэсэн шүүмж гараад байгаа даа?

Ц.Цогтбаатар: -Монгол бөхийн тайлбар гэдэг өөрөө өв соёлын нэг салбар болтлоо хөгжчихсөн. Одоо сум, аймаг, нийслэлийн телевиз бүрт бөхийн тайлбарлагч хэрэгтэй болчихсон цаг үе. Тэгэхээр бөх тайлбарлагч хүн зөвхөн барилдаанаа тайлбарлахгүйгээр наадмыг шуурхай явуулахыг шийддэг. Ямар нэгэн барилдааны хувьд ч тэр танхимд тайлбарлаж байгаа хүн барилдааныг бүхэлд нь авч явдаг. Мэдрэмж их чухал. А.Ганбаатар багш монгол бөхийн тайлбарыг соёлын түвшинд аваачсан хүн. Бөх тайлбарлагчийг үзэгчдийг байлдан дагуулж, бөхтэй нь холбож өгдөг гүүр гэж хэлж болно. Тэр үүргийг маш сайн гүйцэтгэсэн хүн гэж үздэг. Тэр утгаараа үндэсний бөхийг есөн жил тайлбарлаад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гэх цолыг авсан байдаг. Тэрийг би өөрийнх нь билиг танхай байдал, говийнхны цэцэн мэргэнтэй холбож ярих дуртай. Ц.Бадамсэрээжид гуай бол гучаад жил улсын баяр наадам, бусад томоохон барилдааныг тайлбарлаж байсан. Араасаа Ш.Чанрав гэдэг хүнийг бэлдэж гаргаж ирсэн. Ш.Чанрав багш телевизийн тайлбарт гаршсан, телевиз үүссэн цагаас эхлээд бөх тайлбарлаж ирсэн учраас тодорхой хэмийг тогтоож ирсэн хүн. Ер нь бүгд барилддаг улсын цолтой хүмүүс учраас мэдрэмж сайтай. Ц.Бадамсэрээжид гуай яагаад шүүмжлүүлж байсан бэ гэхээр бөхчүүдэд мэх хэлж, барилдааныг нь зааж өгөөд байсан гэдэг. Жишээ нь, 1976 оны улсын баяр наадмаар П.Дагвасүрэн арслан, Д.Хадбаатар аварга хоёрыг үзүүр, түрүүнд үлдчихсэн байхад дүүгүүрдээд хаях мэхийг зааж өгсөн гэдэг. Тийм учраас бөхчүүдээс гомдол гарч хорьсон юм. Одоогийн бидний тайлбарын хувьд телевиз үзэж байгаа хүн л тэр тайлбарыг үзнэ талбай дээр барилдаж байгаа хүнд ямар ч хамааралгүй болчихож байгаа юм. Тэгэхээр Ш.Чанрав багш энэ барьцнаас ингэх ёстой гэх мэхийг хэлдэг байсан. Тэр нь телевиз үзэж байгаа хүмүүст таашаалтай болж эхэлсэн. Радио, танхимтайгаа нэг тайлбартай байсан бол одоо салчихсан. Тийм учраас цэнгэлдэх хүрээлэнд тайлбарлаж байгаа тайлбар нэг өөр. Радио, телевиз мөн өөр байх ёстой. Радиогоор тайлбарлахдаа ийм өнгийн зодог шуудагтай, ийм монгол гуталтай бөх талбайн тэр хэсэгт барилдаж байна. Ийм барьцтай, ийм мэх хийлээ гээд хүний нүдэнд харагдтал тайлбарлах ёстой. Танхимд тайлбарлаж байгаа тохиолдолд бүгд бөхөө нүдээрээ харж байгаа учраас бөхчүүдийг нь илүү хүмүүст таниулж өгөх үүднээс анкет уншина гэдэг шиг бөхөө тайлбарлах тал дээр ажиллах хэрэгтэй. Телевизээр гарч байгаа дүрсэн дээр юу ярих боломжтой байгаа бүгдийг ярих бололцоотой. .

-Гантөр тайлбарлагчийн хувьд энэ жилийн түрүү бөхийн тухай таамаглал гаргасан байгаа байх?

С.Гантөр: -Би таахгүй байх. Надад 2015, 2016 онуудад намрын нээлтийн барилдаанаас хойш сорилго барилдаан хүртэлх Монгол бөхийн өргөөнд болсон улсын цолтой бөхчүүдийн барилдааны түрүү, үзүүр, их шөвгийн бөхчүүдийн нэр байна. Үүнээс харахад өнгөрсөн жилийн наадмын үзүүр, түрүүгийн хоёр арслан энэ жил яалт ч үгүй таамаглагдаж байгаа. П.Бүрэнтөгс тав түрүүлж, тав үзүүрлэсэн байгаа юм. Э.Оюунболд дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Ц.Содномдорж энэ жилийн наадамд мөн горьдлого тавьж яригдаж байгаа бөхчүүдийн нэг. П.Содномдорж гурав түрүүлж, нэг үзүүрлэсэн. Ч.Санжаадамба хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн. Энэ жилийн үзүүлэлтийг харахаар П.Бүрэнтөгс дөрөв түрүүлж, зургаа үзүүрлэчихээд байна. Э.Оюунболд дөрөв түрүүлж, нэг үзүүрлэсэн. Ц.Содномдорж тав түрүүлсэн үзүүлэлтүүд байна. Хоёр залуу аваргын хувьд аль аль нь цөөхөн барилдсан. Л.Эрхэмбаяр өнгөрсөн жил гурав түрүүлж, хоёр шөвөгт үлдэж байж. Энэ жил хоёр үзүүрлэж, хоёр шөвгөрсөн байна. Энэ үзүүлэлтүүдийг харж болно. Оноолт яаж таарахаас бас их шалтгаалах гээд байна. Түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд хоёр залуу аварга, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд нар яригдаж байна. Хэн нь хэнтэйгээ яаж тунах вэ гэдэг сонин. Магадгүй хоёрын даваан дээр энэ бөхчүүдээс нэг нь уначихвал барилдаан тэр чигтээ өөрчлөгдөнө. Энэ жилийн наадам үнэхээр үзүүштэй сонирхолтой болно. Том цолтой бөхчүүд доогуур даваанд унахыг үгүйсгэх газаргүй. Зааланд барилдаж байгаа барилдааныг харахад аймгийн арслан, харцага гээд шижигнэсэн залуучууд бий. Тэд өмнөх таван жил улсад барилдаагүй. Аймагтаа цолоо ахиулах гээд явчихдаг байсан. Одоогоос хоёр жилийн өмнө улсын наадмын гурвын даваанд ам авахад дөнгөж аймгийнхаа наадамд түрүүлээд улсын наадамд барилдахаар ирсэн хүмүүс байсан. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Золбоо, Говьсүмбэрийн Гончигтавхай нарыг ид ирэн дээр байхад хэн ч амлалгүй хоёр аймгийн арслан маань хоорондоо тунаж байсан. Тэгэхээр өнөө жил улсын цолтой бөхчүүд нэгнийгээ амлаж авах магадлал их. Үнэхээр л жинтэй наадам болно доо.

-2001 онд 17 начин төрсөн байдаг. Энэ жил хэдэн начин төрөх вэ?

С.Гантөр:-Хэлэхэд хэцүү л байна. Өнгөрсөн жилийн наадмыг харахад миний хувьд начин төрөхөөргүй наадам харагдаж байсан. Тавын даваанд яригдаж байсан Пүрэвсайхан, Пүрэвдагва нар тунаад л начин төрөхгүй юм байна гэж харж байлаа. Гэтэл түрүүлнэ гэж яригдаж байсан. Г.Эрхэмбаяр аварга дөрвийн даваанд уначихаж байгаа юм. Юм өөр болоод явчихдаг учраас урьдчилаад хэлэхэд хэцүү.

Д.Данзан: -Болзлууд гаргачихсан учраас түүнээс хойш начин олноор төрөхгүй байгаа. Начин болно гээд таамаг дэвшүүлж ярьж байсан хүмүүсээс цөөхөн хэд нь л начин цолны болзол хангадаг. Энэ жилийн барилдаанд 32 бөх шөвгөрнө. Тэндээс хорь гаруй нь хуучин цолтой бөхчүүд байх байлгүй.

Ц.Цогтбаатар: -Монголын үндэсний бөхийн холбоо шинжлэх ухаанжсан байдлаар ажиллаж байгаа. Бид судалгаан дээр тулгуурлаж ажиллая. Таамаглаж, санаан зоргоор ярихаас илүү бодит байдал ямар байна. Судалгаа хийхэд ямар байна гэдэг талаар ярья гэж байгаа. Жишээлбэл, өчигдөр (уржигдар) “Зууны мэдээ” сонины “Бөхийн мэдээ” буланд Болд гэдэг нөхөр “Даваа болгоныг цолтой болгосон нь буруу. Энэ бол Үндэсний бөхийн холбооноос гаргадаг дүрэмтэй холбоотой. Дүрмийн оноолтыг өөрчилж сугалаагаар олгоё” гээд дур зоргын юм бичиж. Цол олгох заалт Үндэсний их баяр наадмын хуулиар явдаг. Чимэг олгох заалт Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр явна. Цол, чимэг олгох асуудал болоод баяр наадмын барилдаантай холбоотой асуудлыг ийм хоёр эрхзүйн актаар шийдвэрлэдэг. Үүнийг хольж хутгаад Үндэсний бөхийн холбоо түүнийг нь олгоод шийдээд байгаа юм шиг яриад байдаг. Допингийн шинжилгээнд хариуцлага тооцдог чинь Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо цаашилбал Засгийн газар, Ерөнхийлөгч хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай. Гэтэл үүнийг “Үндэсний бөхийн холбоо хариуцлага тооцсонгүй, алаг үзлээ” гээд яриад байдаг. Тэгэхээр шинжлэх ухаанчаар хандаасай гэж бид хүсч байгаа. Бид наадмаас наадмын хооронд болох барилдааны хуваарь гаргаж ажиллаж байна. Үүнд, улсын цолтой бөхийн 20 барилдаан, аймаг, цэргийн цолтой бөхийн 10 барилдаан, сумын цолтой залуу бөхчүүд ахалсан 10 барилдаан, нийтийн монгол бөхийн шандастны барилдааныг таван удаа, өсвөр үеийн барилдааныг таван удаа хийнэ гэсэн хуваарьтай ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн наадмаас өнөө жилийн наадам хүртэл МҮБХ наадам, уяачдын наадмыг оролцуулаад Монгол бөхийн өргөөнд улсын цолтой бөхчүүдийн хувьд 25 барилдаан зохион байгуулж байна. Сүүлийн барилдаан энэ сарын 26-ны өдөр Наадмын сорилго барилдаанаар өндөрлөх ёстой. Тухайн жилдээ өнгөтэй сайхан барилдаж байгаа бөхчүүд ялангуяа цагаан сарын барилдаанаар сайн барилдсан бөх тэр жилийн наадамд илүү өнгөтэй барилдах магадлалтай. Түүнээс гадна МҮБХ-ноос чансаа гаргаж байгаа. Үүнийг цагаан сараас цагаан сарын барилдааны хоорондох барилдаанаар дүгнэж гаргасан. 2016 оны цагаан сараас эхлээд сүүлд барилдсан Чингэлтэй хайрхны хишиг барилдаан хүртэл найман барилдаан зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ барилдаан чансаанд орж байгаа. Улсын харцага Ц.Содномдорж 8460 чансаа оноогоор бөхчүүдийг тэргүүлж байгаа. Г.Эрхэмбаяр аварга 7024 чансаа оноогоор аман хүзүүлсэн байна. Т.Баасанхүү начин чансаагаар гуравт, Ө.Бат-Орших харцага дөрөвт, Б.Гончигдамба гарьд тавд, Э.Оюунболд арслан зургаа, П.Бүрэнтөгс арслан долоо, аймгийн арслан О.Хангай наймдугаар байрт тус тус орсон байна. Миний энэ нэрлэсэн шилдэг найман бөх дотроос энэ жилийн түрүү, үзүүр гарах магадлалтай гэж харагдаж байна. Тайлбарлагч, засуул, гарын даа, хөлийн цэцээр ажилладаг хүмүүс ямар нэгэн таавар яриа, таамаг дэвшүүлэх нь таатай биш. Бөхчүүдээ ялгаварласан эсвэл хэн нэгнийг дэмжсэн гэх асуудалд ордог учраас наадмын өмнөх таавар асуухад хариулах би дургүй.

Т.Түмэндэмбэрэл: -Би өнөө жилийн 21 аймгийн наадамд түрүүлэх боломжтой залуучуудыг нэрлэсэн жижиг ном гаргасан. Улсын наадамд түрүүлэх 32 бөхийг мөн нэрлэсэн байгаа. Бөхийн орчинд байдаг хүмүүст энэ тэр гэж тааварлах хэлэх муухай байдаг ч миний бодлоор энэ жилийн хоёрын даваа их зүйлийг өөрчлөх байх. Зааланд сайн барилддаг байнгын бэлтгэлтэй байгаа сумын заанууд улсад анх удаа барилдаж байгаа. Тэд нэг давчихлаа гэхэд дээшээ улсын том цолтой бөхчүүдтэй таарах магадлал өдөр. Улсын цолтой гарьд, заанууд дээшээ барилдах гээд жаахан бэмбэгнэчихсэн байгаа учраас сумын цолтой бөхчүүдэд боломж бий. Иртэй байгаа сумын заан гэвэл Өвөрхангайн Наранбаатар, Бямбадоньд гээд залуус бий. Ер нь өмнөх жилийн наадмуудыг харахад аль ч барилдаанд шударга барилдаж байсан бөхчүүд дээшээ барилдах тохиолдол харагддаг. Миний бодлоор Ховд аймгийн Хангай, Архангайн Бадарч хоёр энэ жил начин болоод түүнээс дээш цол авах болов уу гэж харж байгаа. Бас нэг ажиглалтаар түрүүлэх бөхийн өнгө өөр гэж ярьдаг. Бүх цэргийн наадмын барилдаанаар Цэрэнтогтох гэдэг залуу надтай хоёр өдрийн өмнө таарахад “Найз нь түрүүлчих юм шиг санагдаад байгаа” гэсэн. Өнгөрсөн жил Э.Оюунболдыг харж байхад өөртөө их итгэлтэй байсан. Тэгэхээр тухайн хүний сэтгэл зүй ямар байхаас их шалтгаалдаг юм билээ. Э.Оюунболд, П.Бүрэнтөгс хоёр сайн барилдаж, Хангай, Бадарч хоёр харцага түүнээс цааш цол руу барилдах байх гэж бодож байна. Энэ жил өмнөх 1024 бөхөөс оноолт өөр болохоос гадна хөдөөнөөс бөхчүүд ирэх учраас юм өөр болно гэх яриа бөхийн хүрээнийхэнд байгаа. Зөрлөө, зөрлөө гэхэд Хангай, Бадарч нар начингуудтай таарах магадлалтай байна. Тэгэхээр дөрвийн даваа хамгийн шийдвэрлэх үе.

Ц.Цогтбаатар: -Бөхийн холбооноос сумын цолтой бөхчүүдийн барилдааныг сар бүр хийж байгаа. Тэр давааны тоогоор мөн эрэмбэлчихсэн. Үүгээр Наранбаатар, Ширчинхүү, Бямбадоньд, Очирбат гээд залуус эрэмбэлэгдчихсэн. Аймгийн цолны төлөө барилдах залуус долдугаар сарын 9, 10-нд ямар ч барилдаангүй учраас улсын наадамдаа барилдана. Хоёрт, аймгийн наадамд барилдах аймгийн арслангууд олноор ирнэ. Тэр дунд улсын наадамд анх удаа барилдаж байгаа арслангууд ч бий. Тэдний сэтгэлзүй бэмбэгнэх юмгүй байгаа. Тиймээс хоёр, дөрвийн давааны оноолт их зүйл өөрчлөх байх. 1024 бөх барилдахад 32 бөх шөвгөрнө. Тэгэхээр улсын өндөр цолтой бөх дээшээ гарч ирэх магадлал өндөр. 512 бөхөд доогуур даваанд чихэлдсээр байгаад доогуур үлдэх үе бий. Тэгэхээр 1024 бөх барилдахад дөрөв, тавын даваанд маш олон улсын цолтой бөхчүүд гарч ирэх магадлалтай. Тэр нь бие биенийгээ яаж амлаж авахаас бүх зүйл шалтгаална. 512 бөх болон 1024 бөхийн барилдаан эрс өөр болно гэж харж байгаа.

О.Наранбаатар: -Бөх таана гэдэг амаргүй эд л дээ. Миний хувьд бараг боломжгүй гэж боддог. Олон жил бөхчүүдийн талаар сонирхож явахад яг бөхтэй ойр хүмүүс тэр энэ гэж нэрлэх нь ховор байдаг. Хоёр түрүүлэх бөх дөрвийн даваан дээр тунах магадлалтай. Мөн дөрвийн даваан дээр таарах магадлал ч байгаа учраас түрүү бөхийн нэрийг зарлах хэцүү.

Ц.Цогтбаатар: -Бид дөрөвдүгээр сарын сүүлээр 12 бөхийн халз барилдааныг хийсэн. Тэр барилдааныг зүгээр нэг бөхчүүд цуглуулаад хийчихээгүй. Ер нь хүмүүсийн нэрлээд байгаа түрүүлэх магадлалтай 12 бөхийг цуглуулсан. Хоорондоо таарахгүй зөрөөд байсан тохиолдол их байдаг. Энэ хоёр бөх л хоорондоо таарчихвал барилдаан гарна даа гээд хүсэн хүлээгээд байсан юм. Тэгж хоорондоо таарахгүй байсан бөхчүүд тойргоор барилдчихаар сонирхолтой болсон. Энэ багийн барилдаан боловч үүнд Э.Оюунболд түрүүлсэн.

-Хуучин аваргууд маань улсын баяр наадамдаа барилдах болов уу?

Д.Данзан: -Ахмад бөхчүүдийг барилдуулна гэж албан ёсоор зохион байгуулсан юм байхгүй. Тааллаараа л болох байх. Б.Бат-Эрдэнэ аварга сонгуулийн бэлтгэл ажилтай, амжихгүй байх. А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болчихоороо зүүний жигүүрээ булаацалдах нь гайгүй болчих байлгүй дээ (инээв). Аваргууд бүгд ирээд барилдах боломжтой. Эрх нь нээлттэй байгаа.

-Энэ жилийн түрүү бөх яг хэн байх бол?

Ц.Цогтбаатар: -Таамаг дэвшүүлэх таатай бус гээд байгаа ч хоёр арсландаа найдаж байна. Ам авах эрэмбэ гэдэг тунаанаас хол дээшээ явна гэсэн үг. Доод тунаа аюултай учраас хэцүү. Гэхдээ Ц.Содномдорж чансаа өнгөлчихсөн. Энэ жил олон түрүүлчихсэн байгаа. Сүүлийн жилүүдэд харцага цолтнууд түрүүлсэн буухиа яваад байна. Тиймээс Ө.Бат-Орших харцага, Ц.Содномдорж харцага хоёр бас түрүүлэхийг үгүйсгэхгүй. Наадмын барилдаан ихэвчлэн шуудагны барьцнаас шийдэгддэг. Тиймээс шуудагнаас сайн барилддаг. Тэрэнд сайн бэлтгэл хийсэн. Өрсөлдөгчөө зөв тооцоолсон тэр л хүн түрүүлнэ дээ.

С.Гантөр: -П.Бүрэнтөгс арсланг түрүүлнэ гэж ярьж байгаа. П.Бүрэнтөгс арслан боломжтой бөх. Том цолтой бөхчүүд ам авахдаа нэр сонсоод байдаг юм. Гарын даатай ярилцаад л зөвлөгөө авна. П.Бүрэнтөгс бол хэзээ ч нэр сонсохгүй. Ирээд л шууд тэр гэж нэрлэчихээд явдаг. П.Бүрэнтөгс “Хэн ямар барилдаантай байна. Хэн өмнөх даваандаа цуцав. Одоо надтай барилдахад амар нь хэн бэ” гэдгийг маш сайн ажигладаг онцлогтой бөх. Хүн цохож нэрлэмээргүй байна. Магадгүй сонгуульд бага явж байгаа, ядаргаа багатай бөх л түрүүлэх байх.

Р.Сампилдондов: -Би улсын наадамд түрүүлж, үзүүрлэж үзсэн бөхчүүд их тайван барилдана гэж үзэж байгаа. Хоёр арсланг горьдож байна. Гол нь П.Бүрэнтөгсийг л түрүүлчих болов уу гэж харж байгаа.

Тэмдэглэсэн Л.Батцэнгэл

С.Ариунжаргал

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАдОРЖ