УИХ-ын 33 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын туслах сонгогчид мөнгө амлаж, санал авах гэснээс болж нярай хүүхдийн амь эрсэдсэн гэх мэдээлэл гараад буй.

Увс аймгийн АН-ыг төлөөлж, өмгөөлөгч Г.Батбаяр, хүний эрхийн хуульч М.Ичинноров нар энэ асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тойрогт хүүхэд эндсэн. Хэрэгт та хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байгаа юм байна. Танд ямар мэдээллүүд байна вэ?

-26 хоногтой нярай хүүхдийн үхэлд гэм буруутай этгээдийг тодруулах, хуульзүйн дагуу түүнд хариуцлага ногдуулах үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл аймгийн АН-ыг төлөөлөн ажиллаж байгаа. Болсон үйл явдлын талаар та бүхэн өнгөрсөн хугацаанд мэдээлэл авсан байх. Өнгөрсөн сарын 29 буюу гэмт хэрэг гардаг өдөр хүүхдийг талдаа 150 км, ирж очихын 300 км газар амь насанд нь аюултай нөхцөл байдалд авч явсан. Тухайн гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг үүсгэсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас мултрах эрсдэлтэй болоод байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 9.1-д заагдсан гэмт этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хууль ёсны зарчмыг зөрчиж байгаа.

Холбогдох хүмүүс гомдол гаргаж өгсөн. Тэгэхэд хууль хяналтын байгууллага буюу Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Гансүх тухайн хүүхдийн үхэлд хэн нэгэн мөнгө тараасан этгээд ямар ч буруугүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Энэ нь хуулийн хэм хэмжээ бусад нотлох чадварыг алдсаныг харуулж байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын шадар туслах Б.Бат-Эрдэнэ гэх этгээд гэртээ байсан эмэгтэйд нөхөр та хоёр 50, 50 мянган төгрөг өгье. Очоод саналаа өг гэж хэлээд дагуулж явсан байгаа юм. Энэ нь гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан болсон. Гэтэл үүнийг нарийвчлан тогтоогоогүй. Хэрэв Б.Бат-Эрдэнэ сонгуу­лийн санал өгөх үйл явцыг зохион байгуулаагүй бол энэ хүүхдийн амь нас хохирохгүй байсан. Үүнийг шүүх нарийвчлан тогтоогоогүй. Ингэснээр эрүүгийн хэв шинжийг агуулсан болж байгаа юм.

-Тэгэхээр эцэг, эх хүүхдийн эрхийг хамгаалах, амьд явах орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой субьект гэсэн үгүү?

-Субьектын хувьд эргэлзээтэй байгаа. Хохирогч уу, сэжигтэн яллагдагч уу гэдэг нь эргэлзээтэй. Хүүхдийн үхэлд Ч.Хүрэлбаатар болон түүний туслах Б.Бат-Эрдэнэ нар гэм буруугүй юм бол Үндсэн хуулийг саная. Үндсэн хуулийн 16.1-д байгаа хүн амьд явах эрхтэй. Улсын дээд шүүхээс гаргасан цаазаар авах ял ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь хороохыг хориглоно гэсэн заалтын хэм хэмжээг зөрчиж байна. Энэ заалтын хүрээнд хүүхдийн эцэг, эх эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хүүхдийн эцэг, эх болох н.Чулуунбаатар, н.Отгонтуяа нар бичиг үсэггүй байхад тэднийг өмгөөлөгчгүйгээр бай­­цаалт авч хэрэгт хавсар­гасан байгаа юм. Энэ нь хэргийн процессын нөхцөл байдлыг ноцтой зөрчсөн гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд болгоомжгүйгээр бусдыг алах гэсэн гэмт хэргийн зүйлчлэл байгаа. Энд зааснаар тухайн этгээдүүдэд хариуцлага ногдуулах нь зөв. Харамсалтай нь н.Гансүх шүүгч Б.Бат-Эрдэнийн мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн үйл явдлыг шийдвэрлэхдээ Чулуунбаатар нь /нас барсан хүүхдийн эцэг/ мөнгө авсан. Гэхдээ Ч.Хүрэлбаатарт саналаа өгөөрэй гэж хэлээгүй учраас Сонгуулийн тухай хуулийн 70.1-д байгаа мөнгө тараах гэсэн үйлдэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ нь үйл явдлын шалтгаант холбоог үнэлж дүгнэх чадвараа алдсаныг харуулж байгаа. Шүүх бол цагаатгах талын нотлох 100 баримт байхад буруутгах талын ганцхан нотлох баримтыг барьж шүүдэг. Манайх ийм эрхзүйн тогтолцоотой. Тийм байхад тэдгээр хэрэгт тухайн этгээдүүдийн хэлсэн бүх үйл хөдлөл, яриа, гэм буруугаа хүлээсэн этгээдийн мэдүүлэг зэрэг нь хэрэгт авагдсан байхад үнэлж дүгнэж чадаагүй нь ашиг сонирхолд нөлөөлсөн, автсан байж болзошгүй. Тиймээс хүүхдийн үхэлд эцэг, эх эсвэл Ч.Хүрэлбаатар болон түүний туслахын гэм буруутай үйлдэл шалтгаан холбоогоор холбогдож байна гэж үзэж байгаа. Тиймээс эдгээр үйлдлийг хуульд заасны дагуу нарийвчлан шалгуулах шаардлагатай. Мөн энэ үйлдэлд Увс аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан.

-АТГ-т хандаж байгаа гэв үү?

-Үүнээс гадна Ч.Хүрэлбаатарын Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байх Хотгор шанагын уурхайг зарсан гэх үйлдэл байгаа. Энэ нь авлигын эсрэг хуулийн 70.1.8-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих, албан тушаалаа ашиглах, эдийн засгийн давуу байдал бусдад олгох гэх мэтчилэн эдгээр зүйлүүдийн обьектив шинжийг харуулсан байж болзошгүй гэж үзээд АТГ-т гомдол гаргасан.

АТГ-т гомдол гарган шалгуулж байгаа этгээдэд холбогдуулан энэ этгээд ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг хориглодог. Тиймээс Ч.Хүрэлбаатарын Сангийн сайд болохоор зүтгэж байгаа хүсэл, мөрөөдөл нь хуулийн хүрээнд хязгаарлагдах ёстой. Ийм мөнгө төгрөгийн үйл явдалтай далд байдлаар шалтгаант холбоогоор холбогдож байгаа этгээд өнөөдөр Сангийн сайдад нэр дэвшин өрсөлдөхийг хориглоно. Авлигын эсрэг хууль болон Сонгуулийн тухай хуулийн маргаан шийдэгдэх ёстой. Үүний дараа тухайн этгээдийн албан тушаалд хүрэх хүсэл тэмүүлэл бол хориглох хязгаарлалт байхгүй. Эдгээр зүй­лүү­дийг нягтлан шал­гуулахаар Увс аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газарт хандсан. Гэтэл нэг хэцүү байдал үүсээд байна.

-Ямар?

-Манай орон нутагт ажилладаг хуулийн байгууллагуудад дов жалганы үзэл амь бөхтэй ноёлж байна. н.Бат-Эрдэнэ болон н.Батзул нарын эд зүйл тараасан, мөнгө өгсөн зүйл нь нотлогдсоор байхад тогтоогдохгүй байна гэж мэргэжлийн ур чадвараа алдсан, нөлөөнд автсан байдлаар үнэлэлт дүгнэлт өгөөд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа, прокурорыг ЦЕГ-ын Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтэс болон УЕПГ-ын Дотоод хяналт шалгалт, ёсзүйн хороонд хандаж байгаа. Үүнд зөвхөн хууль дээдлэн ажиллах үүрэгтэй. Одоо Увс аймгийн цагдаа, прокурорын газар нь Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэнгийн хү­мүүс гэх мэтчилэн бүлэг­лэлд хуваахыг хориглоно. Хууль бол хууль.

УИХ-ын гишүүн болчихсон учраас энэ үйлдлийг шалгуулж болохгүй, та нар дийлдэхгүй гэх мэт ятгалгыг үл анзааран бид хуулийн хүрээнд ажиллана. Хүүхдийн амь насыг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амьсгалын замын хурц дутагдал, хам шинжийн улмаас зүрх зогссон гэсэн байгаа. Үүнд хэн буруутай вэ. Хүүхдийн амь насыг аюулгүй орчинд авч явах үүрэгтэй эцэг эхчүүд үүргээ биеүүлээгүй. Эцэг, эх гээд хүүхдээ хохироох эрх байхгүй.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэвлэлд ярьснаас үзвэл хүүхэд өмнө нь суурь өвчинтэй байсан гэсэн.Үнэн үү?

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр ямар нэгэн суурь өвчингүй, эрүүл саруул чийрэг өсч байсан хүүхэд. Ч.Хүрэлбаатар шүүх эмнэлэг биш.

-Ч.Хүрэлбаатарын буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хуульзүйн үндэслэл бий юү?

-Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Шүүх цагдаа гэмт хэрэг үүсэх болсон нөхцөл шалтгааныг тогтоох ёстой. Сонгууль өг гэж тухайн этгээдүүдэд мөнгө төгрөг шан харамж өгөхөөр амлан авч яваагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Тиймээс үүнийг нарийвчлан тогтоохгүйгээр шууд хэргийг гэм буруугүй гэж шийдэж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлийг агуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЗАЯА