Таны нас ба секс
2016/07/23
Хүмүүс хэрхэн дурладаг вэ? Тэдний дурлалын уран сэтгэмж ямар байдаг вэ? гэсэн асуулт залуусын сонирхлыг ихэд татдаг аж. Сэтгэлзүйчид, хүмүүсийн дурлалд хандах хандлага наснаас нь хамаарч олон янз байдаг гэж үздэг байна.
"Эмзэг үе" /17-23 нас/
Сексологчид 17-23 насны бүсгүйчүүдэд ээж, эгч, дурлалт залуу нь маш анхааралтай хандах ёстой гэж үздэг байна. Ойн цоорхойд өглөөний нарны туяа тусаж, хавь ойрыг гийгүүлнэ. Нарийхан зөрөг замаар цагаан даашинзтай, үсэндээ цэцэг хатгасан залуухан бүсгүй инээмсэглэн алхах аж. Түүнд амьдрал яг л энэ өглөөний тунгалаг агаар шиг цэвэрхэн, өтгөн ногоон ой шиг нууцлаг, шувуудын жиргээ шиг яруухан, нарны туяа мэт гэрэл гэгээтэй санагдана. Ийм л нэг дэврүүн сайхан бодолтой бүсгүй хайр дурлалын торонд өөрөө гүйж яваад орчихно гэж бодоод үз. Орохоос ч өөр аргагүй. Түүнд хүн төрөлхтөний удам угсааг залгуулах, амьдралын нарийн амтыг амтлах үүргийг бурхан заяасан. Харин түүний анхны дурлал, сексийн учралд онцгой анхаарал тавьж, болзошгүй урам хугаралтын талаар эртнээс ойлгуулах нь чухал аж. Залуу бүсгүйчүүд анхны нөхрөөсөө салснаас хойш, бас анхны бүтэлгүй дурлалаасаа болоод насан туршдаа ганцаараа явах нь байдаг. Мөн анхны сексийн эвгүй харилцаа түүний эр хүнийг хайрлах чадварыг нь үгүй хийж болно. Бүсгүй хүн төрөлхийн эмзэг, мэдрэмж сайтай, муу муухайг сөрөх чадвар нь ялангуяа бага залуудаа сул байдаг. 17-23 насанд ихэнх бүсгүй сексийн ханамжийг мэддэггүй. Тэдний хувьд энэ нь амьдралд байх ёстой зүйл гэсэн ойлголтоос хэтэрдэггүй байна. Харин ийм насны залуус ямар байдаг вэ?
Залуу: Бүсгүйг бодвол залууд сексийн шохоорхол илүү байдаг. Ромеог санаж байгаа биз дээ. Тэр Жульеттагаас өмнө нэг охинд харц чулуудаад амжсан байдаг. Гэхдээ тэр нь зүгээр л нэг сонирхол төдий зүйл байсныг Жульеттатай учраад ойлгодог. Харин сексологчдын үзэж байгаагаар ихэнх эцэг эх охиндоо илүү анхаарал тавьсаар байгаад дэргэд нь өсч байгаа идэр чийрэг, булчинлаг “Давид”-ыг мартаж орхидог. Чухам тэр Давид нь хөршийнхөө эгчмэд бүсгүйг шохоорхож, үеийнхээ охид руу хайр найргүй “дайрч”, бусдыг гомдоож явааг анзаардаггүй аж. 17-23 насны залууд охидоос дутахгүй анхаарал тавих ёстой гэж сексологчид үздэг. Тэдний сексийн “эрт” шохоорхол нь хожмын өдөр өөрт нь болон өрөөл бусдад асар их гай уддаг байна. Энэ шохоорхол зарим тохиолдолд бэлгийн гаж дон болон хувирдаг. Ийм насандаа залуус “секс”-ийг хайр дурлалын нандин бэлгэдэл гэдгийг ойлгохдоо тааруу байдаг аж. Тэд “секс”-ийн амьдралд илүү туршлагажсан, өөрөөсөө эгчмэд хүнийг сонирхдог. Энэ үед нь тэднийг зөв залж чадвал маш сайн эрчүүд, “эр нөхөр” болдог аж.
"Ухаарах цаг" /25-30/
Эмэгтэй хүний хувьд цэцэглэж эхлэх цаг. Энэ насан дээр ихэнх хүүхэн “сексийн таашаал”-ыг ухаарахаас гадна үр хүүхэд, хань ижилтэй болохын жаргалыг ойлгодог. Гуч дөхөөд ирэхээрээ тэдний сэрлийн цэг нээгдэж, таашаалын мэдрэмж нь хүчээ авна. Ялангуяа чих, хүзүү, өгзөг зэрэг эмзэг газруудад нь сэрэл бий болно. Тэд эрчүүдээс харц буруулахаа больж, сексийн сэдвээр яриа өрнүүлж чадна. Залуу эр 17 хүрэв үү, үгүй юу сексийн шохоорхолд автдаг бол хүүхнүүд 25 наснаасаа эхлэн тийм сонирхолд хөтлөгддөг. Эрт цагт залуу сайхан хүүхнүүдийг өөрөөс нь олон ах хүнтэй гэрлүүлж байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Хүүхнүүд эрчүүдийг бодвол сексийн амьдралд хожуу дасдаг.
25-30 насны хооронд эрчүүд жинхэнэ “амраг” болж хувирна. Тэдний сониуч зан буурч, харин “секс”-ийн жинхэнэ амтыг мэдэрч, ямар ч нөхцөлд секс хийхээс буцахгүй болдог. Байрон “Дон Жуан”-ыг зүгээр нэг бодож олсонгүй. Зарим эрчүүд 30 дөхөөд ирэхээрээ “жолоогүй” юм шиг байдаг. Хэрэв тэд 20 гарч байхдаа 10-15 минут л “дурлалын тоглоомоор” наадах чадалтай байсан бол 30 хүрээд ирэхлээрээ 30 минутаас цаг хэртэй “тоглоомоо” үргэлжлүүлэх чадвартай болдог. Энэ үедээ л өөрсдийгөө зөв авч явахгүй бол хожмын өдөр харуусах явдалд орооцолдож болзошгүй. Амьдралд сексээс гадна “өрх гэр” гэдэг үнэ цэнэтэй зүйл байдгийг мартаж болохгүй.
“Анхааралтай байх үе” /30-37/
Гуч гарч яваа хүүхнийг эмэгтэй хүнийхээ хувьд бүрэн төгөлдөржсөн гэж үздэг аж. Сексологчдын тайлбарласнаар тэд зүс царай, бие бялдар, сексийн чадавхийн хувьд гайхалтай байдаг. Лев Толстой, О.Бальзакийн мөнхийн бүтээлийнх нь үзэсгэлэнт хүүхнүүд дандаа гуч гарсан эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Энэ үед хүүхнүүд өөрөөсөө дүү хүмүүсийг шохоорхож эхэлдэг. Тэд сексийн хувьд туршлагажсан төдийгүй хайр дурлалын талаарх үзэл бодол нь чөлөөтэй болж, ор хөнжлийн явдалд “уяанаасаа алдуурсан” мэт ханддаг. Тэдний хувьд нууц амрагтай байх нь хэвийн үзэгдэл. Энэ насны эрчүүд нь ямар байдаг вэ гэдэг нь сонин.
Эрэгтэй: Тэд амраг нь сексийн ханамж авч байгаа эсэхийг маш сайн мэдэрдэг. Эрчүүд нийгэмд эзлэх байр суурин дээрээ бат зогсох, өрх толгойлох гээд дарамт ихтэй явдгаас сексийн шохоорхол нь буурдаг байна. Yүнийг хүүхнүүд өөрт нь хайргүй болсон байх гэж харддаг аж. 30-37 нас хүүхэн, харчуудын аль алиных нь хувьд анхааралтай байх үе.
"Туршлагатай нууц амрагууд" /37-47/
Энэ үе бол хүүхнүүдийн хоёр дахь цэцэглэлтийн үе. Тэд “хашир” нууц амраг байж чадах төдийгүй өөрийгөө хэрхэн авч явахаа сайн мэднэ. Сексийн чадвар нь ч сайтар хадгалагдаж үлдэх тул өөртөө л анхаарал тавих нь чухал. Урлагийн одод дөч гарангуутаа улам гялалздаг гэсэн яриа бий. Энэ нь оргүй хоосон зүйл биш. Ийм насан дээрээ тэд амьдралтай тэмцэж эхэлдэг. Гоо сайхнаа хадгалж, жам ёсны бууралтыг сөрөн зогсохын төлөө тэмцэлд нь тэдэнд секс туслана.
Эрэгтэй: Энэ насанд эрчүүд ихэвчлэн залуу бүсгүйчүүд рүү тэмүүлж, гэр бүлээ орхих санаа төрөх нь бий. Ингэснээрээ тэд бэлгийн амьдралаа идэвхжүүлнэ гэж боддог. Эрчүүд бэлгийн сулралд орохыг тэсвэрлэж чаддаггүйгээс сэтгэлээр унаж, архи дарсанд донтоно. Энэ бол хамгийн явуургүй арга юм. Сексийн чадавхиа идэвхжүүлэхийн тулд усан санд байнга орж, өдөр тутмын алба ажлын дэглэмээ зохицуулах нь чухал. Дахиад дурлаж ч болно. Гэхдээ оройтсон дурлалдаа толгой эргэвэл Т.Драйзерийн зоогийн газрын эзэн шиг болж хоцорно шүү.
Эх сурвалж:www.Goolingoo.mn