Долларын ханш гэгч Төрийн удирдлагуудын үзэл бодол, сонирхолоор буурч, нэмэгддэг бололтой. АСЕМ2-ын уулзалтын өмнө долларын ханш авах 1944, зарах 1946 төгрөг хүрэхгүй болтлоо буурсан. Харин өнөөдөр авах 2111 зарах 2131 төгрөгт /Кредит банк/-ны ханшаар хүрээд байна.

АCEM энэ сарын 18-нд дуусаад 20 хоногийн дотор л 185 гарсан төгрөгөөр нэмэгдлээ.

Ченжүүдийн яриагаар валютын худалдан авах болон зарах үнэ хоорондоо ойролцоо байвал ханш өсөх хандлагатай. Харин авах, зарах ханш холдох тусмаа тухайн валют тогтвортой байна гэж үздэг ажээ. Өнөөдрийн байдлаар авах, зарахын зөрүү 20 төгрөөр зөрүүтэй байгаа юм. Үүнээс үзэхэд ханш өсөх нь мэдээж болох нь. Мөн өвлийн бэлтгэл, сургууль цэцэрлэг эхэлж гадаад гэх орноос наймаачид нь бараа таавараа бөөн бөөнөөр татаж өнөө валют ахыг сум шиг хурдан өсгөдөг үе хаяанд ирлээ.

Манай эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгааг ам долларын ханш харуулж байдаг. Нэг ёсондоо халууны шил. Бие нь муу байвал хүн халуурдагтай адил эдийн засаг муудвал ханш өсдөг харин сайн байвал буурдаг гэж ойлгож болно. Манай дотоодын экспортын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сул байгаагийн нэг илрэл. Хэрэв дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг гадаад зах зээлд хангалттай хэмжээнд экспортолж чаддаг байсан бол манайд хатуу валют орж ирэх байсан.

Гэтэл зөвхөн уул уурхайн түүхий эдэд найддаг хандлага нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байгаа юм. Ханш бол аливаа улсын эдийн засгийн чадавхийг шинжиж байдаг. Манай улс өөрөө үйлдвэрлэгч болж, наад захын бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон үед л төгрөгийн ханш унахгүй. Гэвч бас төрийн бодлого нөлөөлж байгаа нь саяхан болж өнгөрсөн АСЕМ-ын уулзалт харуулсан. Манай улс гадаад зах зээлд борлуулах чанартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор нэмэгдүүлж, олшруулах шаардлагатай.

Мөн төмөр зам, цахилгаан, дулааны томоохон станцуудаа яааравчлан гар шамдан орж дуусгах нь зүйтэй болоод байгааг “валют” гэх том эдийн засаг хэлээд байхад дарга нар болон дээд эрхмүүдээс ахиц харагдахгүй байна. Өнөө бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэхчин болох гээд байдаг. Бас шатахуун дотооддоо үйлдвэрлэх гэх мэт олон асуудалд ард иргэд төрийн бодлого харж хүлээсээр...

Гэтэл өнөөдөр төрөөс оролцох ёсгүй газраа оролцоод чухал хэрэгцээтэй зүйлдээ анхаарлаа хандуулахгүй хугацаа алдаад байна. Гурван сая монголчуудын хөдөлмөрийн үр дүн нь өнөөдрийн ам долларын ханш. Ингээд харахад бид ажиллахгүй байна гэсэн үг. Гадаадаас л ам долларын бүтээгдэхүүн аваад байгаатай холбоотой. Мэдээж инфляцийн түвшин дотоодын үйлвэрлэл хөгжөөгүйтэй холбоотой. Ингэхээр өнөө үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх дэмжиж ажиллаж байгаа ч хангалттай бус, дотооддоо нийлүүлэлт хүрэлцэхүйц хэмжээнд очихгүй байна.

Уг нь дотооддоо бүрэн хангаж гадаад руу нийлүүлж байж эдийн засаг тогтвортой болж валют “баригдана”. Мөн түүхий эдээ урд хөрш рүүгээ зөөх биш дотооддоо боловсруулна гэж олон жил ярьж байгаа хэдий ч хангалттай үр дүн гарахгүй л байна. Монгол банкны хувьд зөвхөн богино хугацааны шинжтэй ханшийн огцом хэлбэлзэл үүсэн тохиолдолд валютын захад оролцох боломжтой гэдэг. Ялангуяа хөрөнгө оруулалт татарсан, эрдэс түүхий эдийн үнэ огцом унасан, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал тэлсэн зэрэгт. Иймээс Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллаж үндэсний үйлдвэрлэлийг илүү дэмжиж, гадаад руу гарах, орох урсгалыг бууруулах шаардлагатай байна.

М.Буянжаргал