Ард түмэн эдийн засгийн хямралыг зогсоож чадах эрхэмүүдийг төрд суулгасан уу гэдэгтээ эргэлзэж эхлээд байна. АН-ыг засаг барьж байх үед эдийн засаг элгээрээ мөлхсөн хэмээн олон хүн үздэг. Тэр ч утгаараа энэ жилийн сонгуулийг нэг намд саналаа өгч дорвитой ажил хийх байх гэж итгэл хүлээлгэсэн биз ээ.

Тэгвэл шинэ парламент байгууллагдаад удаагүй байхад төгрөг огцом суларч "ноён доллар"-ын ханш огцом өслөө. Энэ хоёр сарын хугацаанд Монголбанкнаас өсөлтийг ажиглаж ирсэн байгаа юм. Харин шинэхэн ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь долларын нөөцөө хасах болсон талаар мэдэгдсэн. Тэрбээр үүнийгээ нуухыг хүсээгүй бололтой. Гэтэл уг мэдэгдлийн дараах өдрөөс өдөрт 5-10 төгрөгөөр нэмэгдэж байсан доллар огцом өссөн юм. Ийнхүү төгрөгийн ам. доллартай харьцах ханш огцом сулрах нь тэр. Сүүлийн нэг сарын хугацаанд 11.6 хувиар огцом суларч дотоодын зах зээлд үүссэн байна. Ханш огцом хэлбэлзэх нь эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдалд хүндрэл үүсдэг билээ. Огцом өсөлтийг сааруулж, төгрөгийг чангалахын тулд төв банкнаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн нь төгрөгийн өгөөж нэмэгдэнэ гэж үзэж ийнхүү өсгөсөн хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, банкууд болон төгрөгт хөрөнгө оруулагчдын сонирхол өсөх хандлагатай ажээ.

Нөгөө талаас засгийн газар хэмнэлт хийх зарчмыг баримталж хэд хэдэн салбарт таналт явуулах тухайгаа дуулгаж амжсан. Өнөөдрийг хүртэл иргэдийн бухимдлыг төрүүлээд буй хэмнэлт нь эдийн засгийн хямралын үерийг зогсоож чадах болов уу. Тухайлбал, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрийн албанд ажилласан жилээс хамааран 1 удаа 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийн зардлыг төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох эрх зүйн зохицуулалттай. Харин үүнийг Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн нөхцөл болон хэмжээг салбар бүрд харилцан адилгүй олгож байгааг арилгаж, тэтгэмжийн хэмжээг нь 1-12 сар хүртэл үндсэн цалингийн дундаж хэмжээтэй тэнцүү байхаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж 2016 оны 09 сарын 01-ээс хэрэгжихээр тооцлоо. Харин Төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцох сарын тоог бууруулж 1-12 сар болгож байгаатай холбогдуулан цэргийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийн хугацаанд өөрчлөлт оруулахаар тооцлоо. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн алба хааж байгаа нөхцөл, онцлогийг харгалзан зарим албан хаагчдад 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох, эдгээр шалгуурыг хангаагүй боловч Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэрт гарах болзлыг хангасан бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын тэтгэмж олгохоор зохих өөрчлөлтийг төсөлд тусгав. Ингэснээр тэтгэвэрт гарах тэтгэмжид олгох хөрөнгө 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 2016 онд 19.2 тэрбум, 2017-2019 онуудад 60-70 тэрбум төгрөгийн зардал буурах боломжтой байна.

Мөн Шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай ижил түвшинд хүргэнэ. Шүүгчийн албан тушаалын цалинг 2,700.0 мянган төгрөгөөс 3,300.0 мянган төгрөг байхаар тогтоож хэрэгжүүлсэн бөгөөд цалингийн хэмжээ нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байгаа гэнэ. Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгав. Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулахаар тооцов.

Түүнчлэн хүүхэд бүрт сар болгон олгодог 20 мянган төгрөгийг 60 хувьд нь өгнө гэсэн шийдвэр нь хэл дагуулав. Тэгвэл үүнийг зогсоож чадахгүй гэдгээ мэдсэн Ерөнхий сайд "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн зорилтод бүлгийн 60 хүртэл хувьд нь өгнө. Харин үлдэж байгаа 40 хувьд нь тодорхой хугацааны дараа бүрэн хэмжээгээр нөхөж өгнө" гэдгийг өнгөрөгч долоо хоногт мэдэгдлээ. Сангийн яамнаас мэдээлсэнээр 2016 оны 1-6 дугаар саруудад 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгосон. 7-р сараас эхлэн 20 000 төгрөгийг зорилтод бүлгийн буюу өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд өгөхөөр болжээ. Харин үлдэж байгаа 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулсан. 2019 оноос нөхөн олгохоор ярилцаж байгаа гэв. Энэ мэтчлэн олон салбарт хэмнэлт, таналтыг хийх болсон.