Эдийн засгийн хямрал болж ипотекийн зээлийн эргэн төлөлт муудсан. Цаашид энэ хөтөлбөр үргэлжлэх эсэхэд олон нийт эргэлзэж байсан.

Харин шинэ журмаар үргэлжлүүлнэ гэдэг мэдээллийг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэр хэлсэн. Өнөөдрийн байдлаар шинэ журам боловсруулах ажил явагдаж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх магадлал байгааг эх сурвалж хэлж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи гурван жилийн хугацаанд 85 мянган өрх найм болон таван хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж, 3.8 их наяд төгрөгийн зээл зах зээл дээр бүрэлдээд байгаа юм. "Зээлийн эргэн төлөлт 2013 оны зургадугаар сараас хойшхи гурван жилийн хугацаанд 99.9 хувьтай байна. Бусад зээлтэй харьцуулахад эргэн төлөлт харьцангуй сайн гэсэн үг. Ойролцоогоор 0.5 хувь нь чанаргүй зээл байгаа нь тухайн өрхийн орлого тасалдсанаас үүдэлтэй. Ийм өрхийн зээлийг хэрхэн төлүүлэх талаар хэлэлцэж байгаа" гэж холбогдох албаныхан ярьж байв. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр ипотекийн зээлийн эргэн төлөгдөх хугацааг 30-35 жил болгох, зээлд хамрагдах орон сууцны талбайн хязгаар 80 м.кв байсныг 100-120 м.кв болгож нэмэгдүүлэх, орон нутагт 5 хувийн хүүтэй, нийслэлд 8 хувийн хүүтэй зээл олгох зэрэг өөрчлөлтүүд дээр санал нэгдэж байгаа бололтой. Асуудлыг Засгийн Газрын хуралдаанд оруулж, дараа нь Монголбанкны Ерөнхийлөгч тушаалаа гаргаснаар хэрэгжих боломжтой болно.

 

200-аад тэрбум төгрөгийн орон сууцны зээл үнэт цаасанд хамрагдахаар арилжааны банкуудад хүлээгдэж байна

 

Иргэдэд олгосон зээлийг багцлан үнэт цаасжуулах үүрэгтэй МИК өнгөрсөн хугацаанд тусгай зориулалтын есөн компани байгуулж, 2.4 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээл дээр гаргажээ. 51 мянган зээлдэгчийн зээлийг багцлаж дээрхи хэмжээний үнэт цаасыг гаргасан гэсэн үг. Цаана нь 200-аад тэрбум төгрөгийн орон сууцны зээл үнэт цаасанд хамрагдахаар арилжааны банкуудад хүлээгдэж байна. Орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас нь давуу эрхтэй, энгийн эрхтэй гэсэн хоёр төрөлтэй. Давуу эрхтэй үнэт цаас нь жилийн 4,5 хувийн хүүтэй, 20 хүртэл жил буюу тухайн зээлийн хугацаатай ижил хугацаатай, эрсдэл үүсэхгүй, үндсэн болон хүүгийн төлбөр урьдчилж төлөгддөгөөрөө онцлогтой. Харин арилжааны банкуудын эзэмшиж байгаа энгийн эрхтэй үнэт цаас нь жилийн 10,5 хувийн хүүтэй. Энэ нь төлбөрүүд дараа хийгддэг, зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалан эрсдэл үүсэх магадлалтай үнэт цаас. Давуу эрхтэй үнэт цаасыг Монголбанк арилжааны банкуудад олгосон эх үүсвэрийнхээ оронд шилжүүлэн авдаг.

 

Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-гаас бүрдэнэ

 

Энэ оноос "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-гийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр МИК нь Монголбанкинд бус "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-д шилжүүлэг хийхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор Монголбанк нь МИК-ийн тусгай зориулалтын охин компаниудаас худалдаж авсан 1,78 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 17 сая 813 мянга 458 ширхэг давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг өмчилж байсан эрхээ Улын нийгмийн даатгалын ерөнхий газарт гуравдугаар сард шилжүүлсэн. Мөн дараа сард нь "МИК Актив - 4" компаниас "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-д анхны төлөлт болгож 7 тэрбум 64 сая төгрөг шилжүүлсэн тухай мэдээлж байв. Энэ мэтчилэн МИК "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-д төлөлтүүдээ хийгээд явах ёстой. "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан"-гаас 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт хийхгүй зөвхөн үр ашигтай ипотекийн зээл болон бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгож ашиглана гэж хуульд заасан байдаг. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем цаашид удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, байнгын мөнгөний урсгал, эргэн төлөлтөөр дараагийн зээлээ олгоод байна гэсэн үг. Нэгэнт зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн байгаа учраас мөнгөний урсгал тасралтгүй эргэлдэж, цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой юм. Ипотекийн зээл тасралтгүй үргэлжлэх хөрс суурийг өмнөх жилүүдэд бүрдүүлж өгсөн учраас одоо зээлийг ямар нөхцлөөр олгох асуудлаа л шийдэх хэрэгтэй болжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn