Аав минь, аав минь амин аав минь Тээврийн тэрэгний жолооч аав минь хэмээн зон олонг зорьсон газарт нь хүргэхээр зорьж буй жолооч аавтайгаа дуу аялж, буудлын нэрийг мөнгө тараагчаас дутуугүй дуудаж, “Би том болоод тань шиг жолооч болно” гэх балчир хүүгийн яриа сонсоод өөрийн эрхгүй бага насаа дурсав. 

Тээврийн салбарт нэгэн насыг элээсэн уужим сайхан аав минь өглөө эртлэн босч, үдэш ирэхдээ өдрийн нормын хүнснээс илүүчлэн авчирч, шинэ жил хүүхдийн баяраар тор дүүрэн бэлэгтэй ирдэгсэн. Гэвч өнөө цагийн жолоочийн байдал тэнгэр газар шиг зөрүүтэй болчихож. 

Үр хүүхэдтэйгээ тоглож наадах байтугай, өрх гэртээ бүтэн үзэгдэх нь ховор болсон “Нисдэг авс”, “Танхай жолооч”, соёлгүй, хурд хэтрүүлнэ, мөнгөний шуналтай гэхчилэн сайн муу бүхэнд үргэлж цоллуулж, хүмүүсийн амны бай болдог нийтийн тээврийн салбарыхны амьдралыг өнгийж үзэхээр зэхлээ. Гэдэс цатгалан мөр бүтэн цүдгэр дарга нарын шуналыг гүйцээж, байрны түрээс, нүүрс түлээ, оюутны төлбөр, орон сууцны зээлээ төлөх гэж бачим цагт баригдаж хэрүүл маргаан, хэл ам дагуулж, нормын цагаа гүйцээж цөөхөн хэдэн төгрөг авдаг өнөө цагийн “шумахер” гэгдэх нийтийн тээврийн жолооч нарын асуудал анхаарал татаад болдоггүй ээ. 

Учир юу гэвэл, өдгөө 20 гаруй жил нийтийн тээврийн салбарт зүтгэж буй нийслэлийн өмчийн “Автобус-3” компанийн ажилчдын эрх ашиг хөндөгдөж, МҮЭХ-нд удаа дараа хандаж, дахин ажил хаялт зарлах болсон нь асуудал хөндөхөд хүргэв. 

Сийрүүлбэл, тус компанийн ажилчид ажлын нөхцөл байдлыг сайжруулж, цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа олон сарын өмнөөс удирдлагууддаа хэлсэн ч хүлээж авалгүй өнөөг хүрчээ. Түүнчлэн өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш ажилчдаас хураасан татвараа компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд шилжүүлээгүй, ажилчдын нийгмийн асуудалд анхаардаггүй зэрэг хэд хэдэн асуудлаар гомдол гаргаад байсан юм. 

Арга ч үгүй биз. Тус компани 440 гаруй ажилтантай. Үүний 260 орчим нь Үйлдвэрчний эвлэлийн гишүүн бөгөөд “Бэлх-Мишээл экспо”, “Бэлх–Вокзал”, “Тоосгоны үйлдвэр-ботаник”, “Тоосгоны үйлдвэр- 3, 4 хороолол” гэсэн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж. Ажлын цагийн хувьд төрийн албан хаагчаас гурав дахин илүү цаг ажилладаг атлаа авдаг өгдөг дээрээ тулахаар улсын дундаж цалингаас хэд дахин бага буюу 330-400 мянга орчим төгрөгийн цалин авдаг нь өнөөх “муу нэрт” жолооч нар. 

Цагийн ачаалалаас болж үүрийн таван жингээр гэртээ харихдаа зодуулах, дээрэмдүүлэх, хутгалуулах нь энүүхэнд. Үүгээр ч дуусаагүй. Тэдний хувьд нийгмийн халамжий асуудал бүр мартагдсан сэдэв болчихож. Замын түгжрээ, хэт ачаалалтай үеээс болж, цагаа нөхөхөөр хурдлах тохиолдолд санамсаргүй осол гарахыг үгүйсгэхгүй. Гэтэл тус компанийн ажилчдад гэнэтийн ослын, нийгмийн, эрүүл мэндийн даатгал гээд гурван төрлийн даатгал байдаг ч жолооч, ажилчид тэр болгон хамрагдаж чаддаггүй нь гэнэ.

“Дээд тал нь суудлаа олохгүй бол, доод тал нь гүйдлээ олохгүй гэдэг дээ” тус компанийн удирдлагууд ажилчиддаа хошин гэмээр элдэв бусын дарамт шахалт үзүүлдэг байх юм. Тодруулбал, кондукторуудыг зорчигчид билетээ урж хүчингүй болголгүй өгсөн байна гээд хүний гишгэсэн шавар шавхайтай тасалбарыг хүртэл гаргаж ирээд ажлаас нь халж байх жишээтэй. Жолооч нарын өгүүлж буйгаар өглөөнийхөө хоолыг орой идээд, оройныхоо хоолыг өглөө идээд л явж байна. 

Нийтийн тээвэрт шийдвэрлэх ёстой олон асуудал байгааг бүгд ярьдаг. Гэхдээ шийдвэрлэж чадахгүй байна шүү дээ. Соц нийгмийн үед ажилчдынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг л байсан. Ядаж л орох орон, ажилчдынхаа хүүхдүүдийн сургууль, соёлд нь анхаардаг байсан. Гэтэл одоо юун эд нарт анхаарах манатай. Бид өөрсдөө алдагдалд орж байна шүү дээ. Норм төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол цалин авахгүй. Ашгийнх уу, үйлчилгээнийх үү гэдэг нь ойлгомжгүй болчихсон. 

Өнөөдрийн хувьд зүгээр халагдсан хүнийг шууд ажилдаа ор, шугамандаа гар гэж тушааж, үндсэн жолоочийг тоох ч үгүй байна. Нэг буудал дээр 10 чиглэлийн автобус ирдэг. Ерөөсөө нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагчийг мөнгөний машин болгочихсон. Төр засгаас бодлогоор энэ салбарыг бодлогоор зохицуулах хэрэгтэй байна” хэмээн гомдол тээн өгүүлэх нь олонтаа. 

Ийм бачимдмаар, өөрийн эрхгүй бухимдмаар ажлын орчинд ажиллаж буй хүмүүс ажил хаялт зарлахаас ч өөр аргагүй санагдах юм. Юманд учир, суманд гичир гэдэг дээ адаглаад даатгал, нийгмийн халамж үйлчилгээг нь дорвитойхон шийдвэрлэчихээд орлого өсгө гэж шаардмаар даа. Учир мэдэх нэгний өгүүлж буйгаар Автобус-3 компани нь ажилчдын асуудлыг бүрэн шийдэх чадвартай гэнэ. 

Угтаа бол тус компанийн удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сард болсон ажил хаялтын үеэр цалингаа нэмэхээр тохиролцож, ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа ч тэвчээрт хязгаар бий гэгчээр Автобус-3 компанийн ажилчид дахин ажил хаяж гомдолоо тайлахаар шийдсэн нь энэ бололтой. 

Автобусны жолооч ч бас хүн шүү дээ, улс орондоо эрхээ эдэлж чадахгүй, эрх дархтны хөлд өртөж буй эдгээр ажилчдын асуудлыг эртлэн шийдэхгүй бол ажил хаялт зарласныг мэдээгүй бяцхан үрс, настан буурлууд, хувийн хувьсгалын ажилтнууд нүдээ чилтэл хүлээх вий дээ албанынхаан. Төрийн болон түмний үрс бүгд л нийтийн тээврээр зорчдог гэдгийг мартуузай.

Б.Есүй