Засаг хэвтрийн өвчтөн шиг болсон эдийн засагтаа амь тариа хийхээр шийджээ. Амь тариа болохоос эдийн засгаа тэлэх, бизнесээ дэмжих алхам биш гэдгийг онцолъё.

Амь тариа гуйх газар нь ОУВС. Авахаас аргагүйд хүрсэн амь тариа нь “Стэнд бай”. Вашингтон руу ниссэн Төв банкны ерөнхийлөгчийн томилолтын нэг зорилго нь энэ. Монголбанкны тэргүүн жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнд урьдынхаараа л оролцоод ирнэ гэж харвал хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Н.Баяртсайхан ерөнхийлөгч ОУВС-гийнханд санаагаа цухуйлгаад ирэх нь нэгэнт тодорхой болчихсон.

Засаг уг нь арай ухаалаг алхам хийсэн бол ингэж царай алдахгүйгээр урагшилж болох бодитой гарцууд бидний өмнө байлаа. Гэвч цаг хугацааг ухрааж болох биш, төрд ажиллагсдын цалинг тавьж хүчрэхээ болтлоо туйлдсан төсвийн алдагдал, нэмэгдэх шинжгүй дүнсийж буй гадаадын хөрөнгө оруулалт, хугацаа нь хариугүй дөхсөн бондын эргэн төлөлт, Сангийн сайдын мэдэгдлээс хойш өндрөө авсан засгийн бондын хүү, 2290 төгрөг хүрч цойлсон долларын галзуурал, том төслүүдээ хөдөлгөх эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй засгийн хойрго байдал “Стэнд бай” авахаас аргагүйд хүргэчихлээ. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн гэвэл энэ. Ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлийг “тусгай” хөтөлбөр хэрэгжүүлж давахаас аргагүйгээ учирлаж, ОУВС-гаас Улаанбаатарт ирэх ажлын хэсгийнхэнтэйгээ хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдчихсэн болохоор “Стэнд бай” нэг их удахгүй эхэлж таарна.

“Стэнд бай” бол ОУВС-гийн гишүүн орнууддаа туслах зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр. Богино хугацаанд бий болоод байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилготойгоор үзүүлдэг тусламж. Гишүүн орнууд нь хүсэлт гаргаснаар хөтөлбөрийн үйл явц эхэлдэг гэж үздэг. Дараа нь ОУВС-гийн зөвлөхүүдтэй улсынхаа эдийн засаг ямар байгаа талаар яриа хөөрөө өрнүүлнэ. Эцэст нь бодлогын ямар арга хэмжээ авахаа тохирно. ОУВС-гийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлд хэлэлцэж тохирсон бодлогын арга хэмжээнийхээ танилцуулгыг “Letter of Intent” буюу захиа хэлбэрээр явуулах нь дараагийн хийх алхам. Бас яг ямар байгаагаа, бодлогын арга хэмжээг яг яаж яаж хэрэгжүүлэхээ дэлгэрэнгүй гэгч нь танилцуулна. ОУВС-гийн зөвлөл толгой дохивол хөнгөлөлттэй зээл үе шаттайгаар олгогдож эхэлнэ. Нэг дор бөөнд нь биш, өгөх мөнгөө хэсэгчлэн хувааж олгоно гэсэн үг. Гэхдээ нэг болзолтойгоор. Тохирсон бодлогоо яг таг хэрэгжүүлбэл амласан цаг хугацаандаа өгсөөр байна, хэрэгжүүлэхгүй бол “уучлаарай, та нар хэлснээсээ буцчихлаа” гээд буруу харна.

ОУВС зээл олгохоосоо өмнө хоёр төрлийн нөхцөл тохирдог. Эхний нөхцөл нь макро эдийн засагт хамаатай. Юуны түрүүнд инфляцийг зорилтот түвшинд барих, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг бууруулах, Төв банкны гадаад нөөцийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөлүүдийг тавьдаг. Хоёрт нь банкны хяналт шалгалтыг сайжруулах, татварын системийг шинэчлэх, төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангах, нийгмийн хамгааллын бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөл бий. ОУВС-гийн бидэнд санал болгож байгаа нөхцөл ер нь бол ойлгомжтой. Халамжийн бодлого дээр хэт бага орлоготой иргэдийг хамгаалах гэсэн нөхцөл тавих нь тодорхой. Халамжийг хавтгайруулах биш, хоногийн хоолоо залгуулах төдий иргэдээ түлхүү анхаар гэх байх. Хүүхдийн мөнгө авдаг айлын тоо лав эрс цөөрнө.

Дараагийн даалгавар нь мэдээж төсөв рүү чиглэнэ. Төсвийн бүх зарлагыг нэг дор төвлөрүүл гэнэ. Төсвөөс элдэв замаар хулгай хийдэг улстөрчдийн боломж хумигдана гэдэг талаасаа бол эерэг алхам. Төсөв танагдахаар төрийн албан хаагчдын тоо эрс багасч, олон хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү орж таарна. Засгийн гаргасан бонд хүртэл төсвийн алдагдалд багтаж, өр, зээлийн хүрээ хязгаар яригдаад эхлэхээр нэг эрсдэл гарч ирнэ. Хамгийн том эрсдэлийг үүрэх хүмүүс нь бизнесийнхэн.Эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа баялаг бүтээгчид. Санхүүжилтээр цангасан, зээлээ эргэн төлж чадахгүй зүдэрч яваа бизнесийнхэнд дажгүй хүүтэй зээл авах боломж улам бүр хумигдана гэсэн үг. Дотоодын арилжааны банкуудаас жилийн хориод хувийн зээл авч мачийтлаа зүтгэдэг хувийн хэвшлийнхэнд засгийн олон улсын зах зээлээс босгож ирсэн бага хүүтэй мөнгө л амин хэрэгцээ байсан. Нөхцөл байдал сайжирч, засаг зөв менежмэнт хийгээд эхэлбэл бага хүүтэй бонд босгох боломж бидэнд бий. Эргэлзээ нь арилаагүй хөрөнгө оруулагчдын хувьд одоохондоо засгаас бонд гаргавал л итгэж мөнгөө өгч магадгүй гэсэн найдлага бас байгаа. Засгаас том төслүүдээ хөдөлгөх ч юм уу, ямар нэг эерэг алхам хийчихсэн бол хямд хүүтэй бонд гаргаад дажгүй мөнгө олох боломж бидний өмнө байсан. Өнөөдөр бол “no” болсон л доо. Гэхдээ итгэл нь алдарсан хөрөнгө оруулагчид эрсдэлгүй зүйлд л мөнгөө оруулж мэднэ, тэр нь засгийн бонд гэдгийг ор тас анхаарахгүйгээр орхиж болохгүй.

ОУВС мөнгөний бодлого дээр мэдээж эн тэргүүнд инфляцийг онцолно. Төв банк инфляцийг найман хувьд барина гэдгээ зарлаад байгаа. Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүл, ханш зах зээлийн зарчмаар уян хатан тогтох ёстой шүү гэж сануулах нь ойлгомжтой. Монгол банк бодлогын хүүгээ огцом нэмж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлээд эхэлчихсэн. УИХ-д өргөн барьсан мөнгөний бодлогын төсөлдөө ханшийг зах зээлд нь даатгана, огцом савлагаа гарвал л зохицуулна гээд тов тодорхой заасан байгаа. Тэгэхээр ОУВС-гийн мөнгөний бодлого дээр шаардах нөхцөлүүдийг бид хангачихсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтыг дэмжих талд анхаарах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, сайн засаглалыг дэмжих гэсэн нөхцөлүүд бас бий. Урт хугацаандаа баялгийн сангийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, аж үйлдвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх энэ тэр гэсэн нөхцөл байгаа.

2009 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай”-д инфляци нэг оронтой тоонд орсон, огцом суларсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан гэх мэт давуу тал байгаа ч анхаарч харахаар нэг өнцөг бий. “Стэнд бай” хэрэгжсэнээс хойш жилийн хугацаанд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ерөнхийдөө сайн, ажилгүйдлийн түвшнээс бусад нь дажгүй гарсан гэдэг. Төсвийг хэт танаж, хямд хүүтэй бонд гаргах замыг хааж, мөнгөний бодлогыг хатууруулчихаар эдийн засаг хумигдаж таарна. Эдийн засаг хумигдахаар ажлын байр багасах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг л тодорхой зүйл. Яг нарийндаа ажлын байр нэмэгдэж, эдийн засаг тэлж байж л Дорж, Дулмаагийн орлого нэмэгдэж, бултаараа сайхан аж төрнө. Товчхондоо зээлээ төлж чадахгүй тэвдэж яваа, үлдсэн цөөхөн ажилтнаа халчихгүй юмсан гэж толгойгоо өвтгөж суугаа, хямд эх үүсвэртэй зээл, санхүүжилт хайж байгаа хувийн хэвшлийнхэн “Стэнд бай” хөтөлбөрийн хатууг үүрнэ. Гэхдээ шургаж унах гэж буй төсвөө амилуулж, ноён ногооныг тавиад туучихгүйн тулд одоохондоо бидэнд энэ хөтөлбөр шиг хэрэгтэй юм алга шиг байна. “Стэнд бай”-г амь тариа гээд байгаа нь ийм учиртай. Хэвтэрт орсон өвчтөн шиг болчихсон эдийн засгийг үхүүлчихгүйгээр торгоож барих л арга. 2009 оны хямрал гэснээс тэр үед “Оюу толгой” гэдэг аварга төсөл хэрэгжсэн нь бидний хувьд зол болсон. Тухайн үед хэрэгжсэн “Стэнд бай” сайнаар дурсагдах нь Оюу толгойн нөлөө ч байсан гэх гээд байна л даа. ОУВС-гаас Грек, Кипр зэрэг орнуудад хэрэгжүүлсэн “Стэнд бай”-г тойрсон шүүмжлэлийг ч “эдийн засгийг хумьсан учраас” гэсэн тайлбар дагадаг. Гэхдээ 2009 оноос хойш ОУВС зээлийн нөхцөлөө харьцангуй уян хатан болгож, бага орлоготой иргэдийг хамгаалах, нийгмийн хамгааллын бодлогыг авч үлдэхэд голлон анхаарч ирсэн гэх тайлбар бий. Хэлцэл цааш хэрхэн өрнөх, ОУВС бидэнд ямар нөхцөл тавих, бид ямар санал өгөх нь одоогоор тодорхой биш байна.

Ц.БААСАНСҮРЭН