Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд 190 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс ч хувь нийлүүлэгчдэд 90 сая долларын ногдол ашиг олгох шийдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан юм. Энэ үйлдвэрийн хяналтын багцыг эзэмшдэг гэдэг утгаараа ногдол ашгийн 51 хувийг манай улс, 49 хувийг Оросын тал авах ёстой. Үүгээр тооцвол манай улс 46 сая доллар, хойд хөрш 44 сая долларын ногдол ашиг авах тооцоо гарч байгаа юм. Үүнийг тавдугаар сард багтаан хоёр орны засгийн газарт олгохыг “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөл тухайн үед гаргаж байлаа. Гэвч тус үйлдвэрийнхэн ашигтай ажилласан мөртлөө, ногдол ашиг олгох бэлэн мөнгөгүй суусан нь нууц биш. Үүнийг өнөөгийн удирдлагууд нь түншлэгч компаниудаасаа урьд жилүүдэд урьдчилгаа авч ирсэнтэй холбон тайлбарлаж байсан юм.
Хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэр 2011 онд түүхэндээ анх удаа 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч үүнийхээ дийлэнхээр техник технологийн шинэчлэл хийсэн гэж холбогдох хүмүүс мэдэгдэж байгаа. Тиймээс ч тухайн оны ашигт ажиллагааны ногдлыг монгол-оросын засгийн газарт өгөхийн тулд Америк, Европ, Япон, Солонгос, Хонгконгийн гээд худалдааны түншлэгч компаниудаасаа зээлжээ. Ирээдүйд нийлүүлэх бүтээгдэхүүнээ барьцаалж 150 сая долларын зээл авч, хоёр талын ногдол ашгийг өнгөрсөн онд өгсөн ч урьдчилгаа төлбөрийг өнөөдрийг хүртэл зэс болон молибденийн баяжмалаараа барагдуулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр энэ онд 900 сая долларын өртөг бүхий 500 мянган тонн зэсийн баяжмал, 4000 тонн молибденийн баяжмал дэлхийн зах зээлд экспортлохоор төлөвлөсөн ч орлогын тодорхой хувь нь өмнө тавьсан урьдчилгаанд суутгагдаж байгаа гэсэн үг.
Энэ байдал дараа онд ч үргэлжилнэ гэдгийг холбогдох хүмүүс нь хэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2012 оны ногдол ашгийг хоёр орны засгийн газарт олгох бэлэн мөнгөгүй болсон гэнэ. Гэхдээ зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу өнгөрсөн оны ашигт ажиллагааны төлбөрийг олгохын тулд ирээдүйд нийлүүлэх бүтээгдэхүүнээ барьцаалж, худалдааны түншлэгч компаниудаасаа өмнөхийн адил зээл авахаар төлөвлөжээ. Энэ саналыг үйлдвэрийн зөвлөл тухайн үед хүлээн зөвшөөрч, энэ онд 150 сая долларын зээл авах зөвшөөрөл олгосон байна. Үүн дээр өнгөрсөн онд хэрэгжүүлээгүй 30 сая долларын зээлийн эрх “Эрдэнэт” үйлдвэрийнхэнд бий.
Өөрөөр хэлбэл, зөвлөлөөс өгсөн эрхийн хүрээнд тус үйлдвэр энэ онд нийт 180 сая долларын зээл авах боломжтой. Үүнээс 80 сая долларыг урьдчилан авахаар худалдан авагч талтай тавдугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан байна. Үүгээр өөрийн орны засгийн газрын ногдол ашгийг эхэлж төлнө. Харин Оросын талд төлөх ногдол ашгийг түр хойшлуулж, наймдугаар сард авах 100 сая долларын зээлээр барагдуулна гэж төлөвлөж байж.
Гэхдээ энэ төлөвлөгөө хэдийнэ бүтэлгүйтсэн байх юм. Худалдааны түншлэгч байгууллагуудтай тавдугаар сард гэрээ байгуулсан ч зээл нь бүтэлгүйтжээ. Манай талаас зээл авахгүй гэж илэрхийлсэн үү, эсвэл худалдан авагч тал урьдчилгаа зээл өгөхгүй гэсэн үү. Энэ талаар албаныхан тодорхой тайлбар хийхгүй байгаа ч зээл бүтэлгүйтэж, хоёр орны засгийн газарт өнөөг хэр нь ногдол ашгаа олгоогүй байна. Тиймээс гадаадын банкуудаас арилжааны зээл авахаар хөөцөлдөж эхэлжээ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатараас тодруулахад “Зээлийн яриа хэлэлцээрийг эхлүүлсэн. Ирэх сард багтаан хоёр орны ногдол ашгийг өгнө” гэж мэдэгдсэн юм.
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх оролдлого хийж сууна. Тус байгууллага хоёр жил дамнан ашигтай ажилласан ч ашгаа урьдчилгаандаа төлдөг. Харин ногдол ашгаа зээлээр олгодог гажиг тогтолцоотой яваа нь энэ.