Барилгын салбар “дайн”-ы байдалтай байсаар л байх уу Ц.Баярсайхан сайд аа
2013/10/23
Өдөр ирэх тусам энэ барилгыг тойрсон асуудал ундарна уу гэхээс багасна гэж үгүй бололтой. Энэ салбарт үнэхээр болохгүй юм олон бий ч даанч дийлддэггүй нэг зүйл бий. Хөдөлмөр хамгааллын осол, гэмтэл их гарах болсон. Үүнээс үүдэн хөдөлмөрийн насны залуус амиа алдах явдал их гарч буй. Өдөр өнжилгүй гардаг барилгын осол аваарыг холбогдох газрууд анхааралтай авч, хяналт шалгалтаа чангалах шаардлагатай болоод байна.
Барилгын гүйцэтгэгч компаниуд барилгын ажилд ашиглагдах өргөх механизмын машин, техник тоног төхөөрөмжийг хувь хүмүүс худалдаалж, мэргэжлийн бус, туршлага багатай инженерүүд угсарч байгаа нь осол аваар гарах бас нэг шалтгаан болж байгаа юм. Хятад ажилчдыг олноор ажлуулж, тэд алдаа дутагдал гаргасан тохиолдолд монголчуудын нэр гардаг хэмээн монгол ажилчид хэлдэг. Мөн хятад ажилчидтай албан ёсны гэрээ хийдэггүй нь хариуцлага тооцох ямар ч боломжгүй болгодог аж. Харин НМХГ-ын дарга барилгын ажил явуулж буй компаниуд хашаа хатгаж, ямар барилгын ажил хийж байгаа талаарх мэдээллийн самбар байрлуулдаггүй, хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг дагаж мөрддөггүй, ажилчиддаа зааварчилгаа, мэдээлэл өгч, хувцас техник хэрэгслээр бүрэн хангадаггүй гэх зөрчлүүдийг байнга гаргадаг гэж мэдээлдэг. Хамгийн гол нь захиалагч компани нийт зарцуулалтын хөрөнгийн хоёр хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаад зарцуулна гэх заалтыг хэрэгжүүлдэггүй байна. НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга аливаа эрсдлийг гарсаных нь дараа бус урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй гэж нэгэн удаа өгүүлсөн байдаг. Тэгвэл энэ яриа нь ажил хэрэг болж байна уу гэвэл олон хүн үгүй хэмээн хариулах болно. Нийслэлд барилгатай холбоотой сүүлийн хэдэн ослыг түүвэрлэн хүргэвэл,
Жишээ нэг: Баянгол дүүргийн 18-р хорооны "Аморе" зочид буудлын өргөтгөлийн барилга дээрээс тус барилгын гэрээт ажилчин 46 настай эрэгтэй Э гэгч нь хоёрдугаар давхарт цахилгааны ажил хийж байгаад хонгилд унаж баруун хөлөө хугалж гэмтээсэн.
Жишээ хоёр: Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин жанжин штабын “Алдар” спорт хорооны өргөтгөлийн багана өнгөрсөн бүтэн сайн өдөр цутгалт авч байх үедээ нурж хоёр хүн гэмтжээ. Гэмтсэн хоёр хүний нэг нь одоогийн байдлаар хөнгөн бэртэлттэй бол нөгөөгийнх нь биеийн байдал тааруу байгаа аж. Улмаар тус өргөтгөлийн байрыг мэргэжлийн бус хүмүүс барьсан бөгөөд гүйцэтгэлийг нь хурандаа н.Дамба-Очир хийсэн байна. Мөн Цагдаагийн академийг төгссөн 30 сонсогчоор өргөтгөлийн байрны ажлыг хийлгэсэн гэх мэдээлэл ч гараад байгаа юм.
Жишээ гурав: Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Шинэ өргөө” ХХК-ийн барилгын хашаанд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г гэгч нь авто машинаар тоосго буулгаж байгаад машинтайгаа унаж гэмтсэн.
Жишээ дөрөв: БЗД-ийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ний баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барсан байна.
Дээрх гарсан хэргүүдийг харахад дандаа хөдөлмөрийн насны иргэд гэмтэж, амь насаа алдаж байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн жил үүнээс илүү аймшигтай ослууд ар араасаа дуу аван гарч өсч яваа балчир охиноос эхлэн ид хийж бүтээх насан дээрээ явсан оюутан залуу хүртэл амиа алдсан тохиолдол олон бий. Тэгвэл эдгээр хүмүүсийн насан туршдаа ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй болсоны хариуцлагыг хэн үүрэх юм бэ. Мөн Барилгын салбар “дайн”-ы байдалдаа байсаар л байх уу гэж Барилга хот байгуулалтын Ц.Баярсайхан сайд аа.
Х.Даваа