Хөдөө аж ахуйн шинэчлэл МАА-н салбарын хөгжлийн уг язгуур нь...
2013/10/23
Нэг. Эдийн засаг дахь МАА-н салбарын нөлөө:
Монгол улсын эдийн засгийн зонхилох салбар нь ХАА байсан нь саяхан. 1996 онд ДНБ-ийн 38.5 хувийг ХАА, түүнээс МАА-н салбар дангаараа 34.3 хувийг эзэлж байв. Эдийн засагт уул уурхай жин дарах болсноор ХАА-н эдийн засагт үзүүлэх оролцоо 2012 онд 14.1хувь болж буурсан.
2012 онд хөдөө аж ахуйн салбарт 1.9 их наяд төгрөгийн бүтээгдхүүн үйлдвэрлэсэн. Үүний дотор үр тариа 479 мян тн, хүнсний ногоо 98.9 мян тн, төмс 245 мян тн, мах нядалгын жингээр 220.4 мян тн, Арьс шир 8.7 сая ширхэг, ямааны ноолуур 5.1 мян тн, хонины ноос 19.1 мян тн, сүү 511 мян тн, өндөг 69.4 сая ширхэгийг үйлдвэрлэсэн байна.
ДНБ-д эзлэх ХАА-н салбарын хувь хэмжээ буурч байгаа хэдий ч 1996-2012 оны хооронд 7 дахин өсөж 286 тэрбумаас 1 их наяд 900 тэрбум хүрч /оны үнээр/, малын тоо сүүлийн 20 жилд 2 дахин өссөн. Энэ салбарын орлого ард иргэдэд шууд наалдаж, олон хүний амьжиргаа болж, “цагийн аяс хатуурах” үед хүнсний хангамж,аюулгүй байдал хийгээд улсынхаа тусгаар тогтнолын баталгаа нь болж чаддагаараа онцлогтой.
90-ээд онд ОУВС-гийн төлөөлөгчид Монгол улсын ЗГ-тай хэлэлцээ хийж чадалгүй буцахдаа 3-6 сарын дараа ирэхэд Монгол улс бидний саналыг хүлээж авахаас өөр гарцгүй гэсэн дүгнэлт хийж, 7-р сард буцаж ирээд найр наадмаа хийгээд айраг цагаагаа дэлгэсэн Монголчуудыг хараад гайхаж байсан удаатай. Одоо ч гэсэн онц ноцтой хүндрэл гамшиг боллоо гэхэд Монголчууд мах, гурил хоёртой байхад нилээн цаг хугацааг “ишиг шиг чарлахгүй” ардаа хийж дөнгөнө. ХАА бол Монгол улсын хувьд ийм онцлогтой салбар юм.
Ерөөс ХАА-н салбар нь улс орныхоо эдийн засгийн баталгаа болож байдгийг 1997 оноос эхэлсэн Азийн, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямрлууд тод томруун харуулсан байдаг. Тайланд, Солонгос, Ветьнамын сүүний фермерүүд, цагаан будаа тариалдаг үндэсний компани, тэжээлийн үйлдвэрүүд тахиа, гахайн фермерүүд эдийн засгийн ганхалтыг барьж чадсан түүхтэй.
Хоёр. Татаасын салбараас татвар төлдөг бизнесийн салбарт.
20012 оны эцсийн дүнгээр Монгол улс 207 мянган малтай өрх, 289 мянган малчин, ХАА-н салбарт 370 мянган хөдөлмөрийн насны хүн хамрагдаж байна. Манай улсын хөдөлмөрийн насны хүний 33 хувь нь хөдөө аж ахуйд харъяалагдаж байна гэсэн үг. Гэтэл Австрали, Канад, Шинэ Зеаланд, Герман зэрэг улсад хөдөлмөрийн насны иргэдийн 5 хувь нь л хөдөө аж ахуйд ажиллаж эх орноо хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээр хангаад зогсохгүй их хэмжээний экспортыг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Тэдгээр улс орнуудад хөдөө аж ахуй нь татаасын биш татвар төлж эдийн засгаа тэтэгдэг салбар болсны нэг хүчин зүйл нь хөдөлмөрийн бүтээмж юм. Эдгээр улс орнуудын болон манай улсын ХАА-н салбарын нэг ажилтны бүтээж байгаа ДНБ-ий хэмжээг дараах хүснэгтээс харж болох юм.
*Мэдээллийг авсан эх сурвалжууд:
Монгол улс нэг малчинд ногдох малынхаа тоог нэмэгдүүлж, бүтээмжээ өсгөж чадвал татаасын салбараас ангижрах, цаашлаад бусад салбарт шилжих ажиллах хүч байна гэсэн санаа энд агуулагдна.
2012 оны байдлаар нэг малчинд дунджаар 141 толгой мал /нийт 40.9 сая малтай/ ногдож байгаа нь социализмын үеийн бүтээмжээс бараг 2 дахин буурсан үзүүлэлт юм. Тэр үед нэг малчин 250-350 төллөх эм хонь, эсхүл 140-200 толгой сувай үхэр маллаж байв. Одоо Авсртали, Шинэ Зеаланд зэрэг оронд нэг малчин 10 мянган толгой хонь хариулдаг бол Канадад нэг үхэрчинд махны чиглэлийн 1500 толгой үхэр, Японы Коккайдо аралд 3 мянган махны үхрийг 3 малчин маллаж байгаа нь нэг хүний хүтээмж 15-20 дахин их байгааг харуулж байна. Хөдөлмөрийн бүтээмж бол хөрөнгө оруулалт, байгалаа хамгаалах, малын эрүүл мэнд, ашиг шимийг сайжруулахад зарцуулах хөрөнгийн хуримтлалын үндэс, өрсөлдөөний гол үзүүлэлт болдог. Энэ асуудлыг шийдэхгүйгээр манай ХАА-н салбар урагшаа алхах боломжгүй юм. Төр засгаас тодорхой хөтөлбөр боловсруулж газар тариалангийн салбарт шинэчлэл хийснээр 4 жилийн дотор мэдэгдэхгүйц амжилт гаргасан, одоо МАА-г салбар шинэ бодлого, шинэ технологи нэн чухал байна. Монгол мал хөтөлбөр гаргасан нь маш чухал дэмжлэг хэдий ч түүнийг алсын хараатай, оновчтой бодлогоор залуурдах үндэсний чадавхи дутагдаж байна. Бид мал аж ахуйн салбарыг мянга мянган жил яваад ирсэн нүүдэлийн мал аж ахуйн загварчилалаар харахаас хэтрэхгүй байгаа бөгөөд харамсалтай нь тэр үеийн малын тоо толгой, байгал цаг уур, нийгмийн харилцаа, суурьшил цөм өөрчлөгдөөд байгааг, “хөрс солигдсоныг”тооцохгүй байна. мэдэхийг аядсан эрдэмтэд нь практикаас тасархай,шийдвэр гаргагчид нь шинжлэх ухааныг хүндэлдэггүй их мэдэгчийн дүрд хувирсан гээд сөрөг сул тал их.
1998 онд нийт малчин өрхийн 80% нь 200 хүртэл малтай байсан бол 15 жилийн дараа 2013 онд эн үзүүлэлт 67% болсон байна. Бүтэн 15 жил болоход цөөн малтай иргэд малжаад амьдрал ахуй нь сайжирсан гэхээсээ ихэнхи нь хот бараадаж, шалгарлаар олон малтай өрхийн хувь хэмжээ бага зэрэг өссөн гэвэл үнэнд ойр билээ.
200-гаас доош малтай өрх өлсөхгүй, арга ядахад төлөг борлонгоо гоочилно, бас өсөж дэвжих нь туйлын удаан. Ийм байдлаар хэдэн мянганыг ч туулах чадвартай нь нэгэнт түүхээр нотлогдсон. Цөөн малтай малчид 3-5-аараа нийлж малаа нэг хот болгон маллана. Байгал хатуурах үед эрсдэлд хүчтэй өртдөг. Нэг малчин 3-5 хоногт 1 удаа хонины ээлж өнгөрөөж, бусад үед нь муушик даалуу эргүүлж, морь уяаж хорвоог өнгөрөөж байна. МАА-н салбарын хөдөлмөрийн зах зээл дээр 3-5 өнжиж нэг удаа ажил хийдэг, хөдөлмөрийн бүтээмж бага, бүхэл бүтэн давхарга бий болоод байна шүү гэсэн мессежийг нийгэмд хүргэхийг зорилоо. Харин 3600 малчин буюу нийт малчны 1.7% нь л 1 мянгаас дээш малтай, малчин хөлсөлж зарим нь өөрсдөө зүтгэж байна. Борви бохис хийх завгүй ам бүл цөөн малчид цөөнгүй байгааг ч үгүйсгэх аргагүй. Тэдэнд хамтрах шаардлага байгааг ч ойлгож байна.
Санал:
· Бэлчээр хэний өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байх, энэ асуудал шийдэгдсэний дараа бэлчээрийг хашиж хамгаалах, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх, бэлчээрийг сэлгэж ашиглах асуудал шийдэгднэ. Түүний дараа МАА-н салбарт хөдөлмөр хөнгөвчилж бүтээмж дээшлүүлэх, хөрөнгө оруулалт тууштай хийгдэх асуудал шийдэгднэ. Дараалал нь ийм юм. МАА-н салбарын хөгжлийн уг язгуур нь сайн үүлдрийн мал үржүүлэх, эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэхээсээ бэлчээрийг эзэмших ашиглах, өмчлөх эрх зүйн тогтолцоо гэдгийг онцолж байна.
МУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх, ХАА-н ухааны доктор (Ph)
/Ломбын Эрхэмбаяр/