Хэлээ уртаас урт гаргасан хүний зургийг сэтгүүлээс харчхаад нэгэн жаал хүү ээжээсээ “тэр алиалагч уу?” гэж асуужээ. Ээж нь хэлээ гаргасан түүнийг эрдэмтэн гэдгийг ойлгуулах гэж нэлээд зүдэрсэн гэдэг.

Энэ бол суут эрдэмтэн, физикч Алберт Эйнштэйний зураг байв. Тэгвэл энэхүү хөгжилтэй зургийн талаар товчхон түүх өгүүлье.

 
1951 оны гуравдугаар сарын 14-нд Эйнштэйний 72 насны ой тохиожээ. Түүний төрсөн өдөрт найз нөхөд, хамтран ажиллагсад нь ирсний дотор нэлээд “ядаргаа”-тай зочид болох гэрэл зурагчид байв. Өөртэй нь байнга хэлхээтэй явах тэдгээр сурвалжлагч, зурагчдаасаа Эйнштэйн бүр залхаж гүйцжээ. Тэсэлгүй “Энэ хангалттай, хангалттай шүү дээ” гэж хэлээд хүртэл үзэж л дээ. Гэвч тусыг эс олж, зургийн аппаратын “чаг чаг” гэх дуу зогссонгүй. Уйгагүйгээр ажлаа хийх тэдгээр зурагчдын дунд зурагчин Артур Сасс аль болохоор Эйнштэйнийг инээмсэглэж байгаагаар гэрэл зурагтаа буулгах гэж хичээж байлаа. Нэлээд алжаасан эрдэмтэн гэртээ харихаар машинд суужээ. Энэ хоромд Сасс дараад амжсан байна.
 
 
Сассын тэрхүү санаандгүй авсан зурагт редакторууд нэлээд шүүмжлэлтэй хандаж байжээ. Учир нь тус зурагт хэлээ байдгаараа гаргасан Эйнштэйн тун марзан төрхтэй харагдаж байсан юм. Гэвч хэвлэгдсэний дараа ч энэхүү зураг Эйнштэйний зургуудаас хамгийн их олон нийтэд танигдсан гэрэл зураг болов. Улмаар Эйнштэйнд ч Сассын авсан өөрийнх нь зураг таалагдаж хувьдаа 9 зургийг хувилан авчээ. Уг зургийг эхээс үзвэл Эйнштэйний баруун талд Institute for Advanced Study-ийн тэргүүн, Др Франк Айделотт, зүүн талд нь хатагтай Айделотт нар зухас орсон байдаг. Тиймээс Эйнштэйн зөвхөн өөрийн нүүр хэсгийг хайчилж аваад түүнийгээ мэндчилгээнд наагаад найз нөхдөдөө илгээсэн тухай сонирхолтой баримт бий. Хожим 2009 онд түүний энэхүү зургийг дуудлага худалдаанд оруулахад 74.324 долларын үнэ хүрчээ.