Moody`s Монголын долоон арилжааны банкны хадгаламжийн зэрэглэлийг бууруулав
2016/11/22
Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг 2016 оны 9-р сард Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-оос B3 болгон бууруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт “Moody's” агентлаг Монгол Улс болон Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан.
Тэгвэл өнөөдөр Богд банк, Капитал банк, Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хасбанкны валютын урт хугацааны хадгаламжийн зэрэглэлийг B3-аас CAA1 болгож бууруулж байгаагаа зарлалаа. Эдгээр банкны гадаад валютын хадгаламжийн CAA1 зэрэглэлтэй байсныг мөн нэг шат бууруулж, CAA2 болгоод байна.
Зээлжих зэрэглэл бууруулсан шалтгаан нь Монголын банкний систем төлбөрийн чадвартай шууд хамаатай. Өөрөөр хэлбэл Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын зээлжих зэрэглэл Монголын макро эдийн засгийн болон санхүүгийн нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг нь ийнхүү зээлжих зэрэглэл буурахад нөлөөлжээ.
Цаашдаа банкнуудын активын чанар муудаж, ашигт ажиллагаа буураагүй нөхцөлд зээлжих зэрэглэлийг богино хугацаанд эргээд өсгөх боломжтой гэж “Moody's” мэдээлж байна. Эдгээр долоон банкны зэрэглэл нь улсынхтай ижил байгаа учраас макро эдийн засгийн орчин зэрэгтэй нийцтэйгээр өсөх боломжтой ажээ. Харин удаан хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ тухайн банкны нийт зээлийн есөн хувиас илүү түвшинд хадгалагдах, тодорхой хугацаанд алдагдал хүлээх зэрэг нь зээлжих зэрэглэлийг дахин бууруулах шалтгаан болно гэдгийг анхааруулж байна.
Аравдугаар сарын эцсийн байдлаар системийн хэмжээнд олгогдсон нийт зээлийн 7.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 9.1 хувь нь чанаргүй ангилалд багтаж байжээ. Хугацаа хэтэрсэн зээл жилийн өмнөхөөс гурван хувиар, чанаргүй зээл 30 хувиар огцом өссөн байна.
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ гэдэг нь тухайн улсын эрсдэлийг илэрхийлэх бөгөөд үүнийг тогтоохдоо тухайн улсын улс төр, эдийн засаг, төсөв санхүү гээд олон хүчин зүйлийг нарийн судлан гаргадаг. Зээлжих зэрэглэлийг ийнхүү тогтоох нь юуны өмнө хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, баялгийн сан зэрэг томоохон институционал хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь тус болдог. Зээлжих зэрэглэл сайн, өндөр байх тусам тухайн улс, компанийн зээлжих чадвар сайн, эрсдэл бага гэж тооцогдох тул зээлийн хүү буурдаг. Ирээдүйд уул уурхай, бүтээн байгуулалтын том хэмжээний олон төсөл хэрэгжих тул зээлжих зэрэглэлээ сайжруулахад одооноос анхаарвал хүүгийн зардлаас их хэмжээний мөнгө хэмнэгдэх боломжтой.
Мөн компани, санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэл нь тухайн улсын зээлжих зэрэглэлээс өндөр тогтоогдох боломж хомс байдаг учир улсын зэрэглэл доогуур байгаа тохиолдолд тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх талуудад сөрөг нөлөөтэй гэж ойлгож болно.