Олны танил бэлтэй эрхмүүдийг араасаа хуйлруулж, “Жагар” брэндийн нүүр царайгаар тодорч байсан загвар өмсөгч А.Дэлгэрмаа одоо ч “моодноос” гараагүй хэвээр. Ялдамхан инээмсэглэлээр чимсэн үзэсгэлэнтэй бүсгүйг анхлан “Элсний нүүдэл” киноны гол дүрд тоглоход олон залуус дурлаж шохоорхсон гэлцдэг. Түүнээс хойш нэлээд хэдэн клип, реклам сурталчилгаанд тоглоод амжсан А.Дэлгэрмаа загварын тайзан дээр хөл тавиад удалгүй арлын орныг зорьсон түүхтэй.

Харь оронд багагүй хугацаанд сурч боловсроод ирсэн тэрбээр олны нүднээс нууцхан амьдарч, томоохон арга хэмжээнд урилгаар оролцож байлаа. Хааяахан бэлтэй эрчүүдтэй хэвлэлээр нэр холбогдоод авдаг ч элдэв тайлбар хийж байгаагүй загвар өмсөгч бүсгүй маань өдийг хүртэл ганц бие яваа юм билээ. Харин саяхнаас “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай хамт байгаа зургууд нь хэвлэлд дэлгэгдэж, эрчүүдийн хүсэмжит бүсгүй хэнийг хайрлахаар сонгосон нь илэрсэн гэх.

Тэгвэл энэ бүхэн нь түүний тоглосон “Гайхамшигт бэлэг” киноны зураг авалт байсан төдийгүй жүжигчин Г.Эрхэмбаяртай ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор дуулгажээ. Шинэ жилийн сэдэвтэй энэхүү киноны нээлт тун удахгүй болох бөгөөд үзэгч олонтой “Үргээлэг”-ээр уулзаж байсан А.Дэлгэрмаа энэ удаа “Гайхамшигт бэлэг”-ээ задлах гэнэ шүү. Магадгүй гурван ч хүүхдийн аав болоод байгаа жүжигчин Г.Эрхэмбаяр олны танил, сайхан бүсгүйтэй нэр холбогдоод авсандаа битүүхэндээ олзуурхсан ч юм билүү, хэн мэдэхэв.