Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудал баригдаж байгаа билээ. 2017 оны нэгдүгээр сард барилгын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Тэгвэл уг өнгөрсөн бямба гарагт уг нисэхийн үйлчилгээний 27  ажилтан хордлого болж, ухаан алдан таталт өгчээ. Үүгээр ч зогсохгүй гар, хөл, нүүр нь шарлаж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэгдэн ирээд байна. Одоогоор ХӨСҮТ-д 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 18 хүн эмчилгээгээ гэртээ хийлгэж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд таталт өгсөөр байгаа бөгөөд зарим нэг нь сайнгүй байгааг хэлж байлаа.

Бид энэ талаар тодруулахаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт очсон юм. Гэвч тус эмнэлгийн дарга н.Оюунцэцэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Энхжаргал нараас тодруулахад “МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ” гэв. Улсын болон хувь хүний нууцад хамаарахгүй асуудлаар төрийн байгууллага мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэтэл үүргээ ухамсарлаагүй дээрх нэр бүхий дарга нар хүнд суртал үзүүлэн сэтгүүлчдийг илтэд үл хүндэтгэсэн байдал үзүүлсэн юм. Хуралтай байна гэх нэрээр хэдэн хүн шагнаж байсан бөгөөд ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн талаар ярихыг ч хүсээгүй. Харин тус эмнэлэгт ажилладаг эх сурвалжийн хэлж байгаагаар  хордлого болсон иргэдийн бөөлжис, цус, ялгадаснаас дээж авсан, анхан шатны тусламж үзүүлсэн байна. Мөн 27 иргэнийг хэвтэн эмчлүүл гэж зөвлөсөн аж. Хордлого авсан иргэд хотод гэртэй хүмүүс тул хэвтэх боломжгүй гэхэд нь “үхсэн ч гомдолгүй” гэсэн агуулга бүхий бичигт гарын үсэг зуруулан явсан байна. 27 иргэний шинжилгээний хариу өчигдөр гарсан бөгөөд хариуг нь ХӨСҮТ-д хүргүүлсэн аж.

Бид энэ талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас тодруулахад: Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас ажиллаж байгаа. Дүгнэлт одоогоор гараагүй байна. ХӨСҮТ-д 10 гаруй хүн хэвтэн эмчлүүлж мөн тооны хүн гэрээр эмчлүүлж байгаа гэв.

Бид ХӨСҮТөвийн гэдэсний халдварын тасагт эмчилгээ хийлгэж байгаа үйлчилгээний ажилтнуудаас  тодруулга авлаа.

-Биеийн байдал нь ямар байна?

-Одоо ХӨСҮТ-д хэвтэж байна. Одоогоор есөн хүн байгаа. Биднээс эмч нар мэдүүлэг авч байгаа. Одоогийн байдлаар бүгд бөөлжсөн байдалтай байна. Хоол идээд шууд бөөлжөөд, зарим нь одоо хүртэл таталт өгч байгаа. Шингэн юм уухаараа гүйлгээд, ухаан алдаад, байдал хүнд байна. Өнөө өглөө нэг хүн татсан. Эмчилгээ хийлгээд харьцангуй гайгүй болж байгаа ч гүйлгэх, бөөлжих нь зүгээр болохгүй байна. 25-35 насны хүмүүс байсан. Одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа есөн хүний гурав нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй хүмүүс байна.

- Ямар хоол идсэн юм бэ?

- Тухайн өдөр /өнгөрсөн баасан гарагт/ цайндаа 12:00-13:30 цагт орсон. 13:30 цагаас орсон хүмүүс гуляш идсэн. Харин хоолондоо ороогүй, хоцорч ирсэн хүмүүст гуляш хүрээгүй болохоор тахианы мөч идсэн. Хоол дууссан учраас бүрмэл тахианы мөч хийсэн байсан. Тэрийг идсэн чинь тахиа нь дотроо шүүрхий байсан. Мөн борщ гэх майонезтой шөл бас идсэн. Сүүлд хоцорч очин хоолондоо тахианы түүхий мөч идсэн хүмүүс бүгд хордсон.

- Нийт хэдэн хүн хордсон юм бэ?

27 хүн хордсон. Биеийн байдал хүнд ирсэн есөн хүн одоо эмнэлэгт хэвтэж байна. 27-ууланг нь эмнэлэгт хэвтүүлэх гэхээр ор хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар үлдсэн хүмүүс гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн өдөр нэг ажилтан ухаан алдаж татаж ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн. Төв аймгийн эмнэлгийн эмч нар “Та нар их хүнд байна, эмчилгээ яаралтай хийлгэхгүй бол болохгүй” гэсэн. Зарим хүмүүс хувийн эмнэлэгт хэвтэнэ гээд гарын үсэг зураад гарсан.

Хоол идсэний дараа ямар зовиур илэрсэн бэ?

- Хоолондоо орж дуусаад 40 орчим минутын дараа толгой эргэж, шүлс ялгараад, бөөлжөөд эхэлсэн. 2-3 удаа бөөлжсөний дараа ухаан алдаж унан, таталт өгсөн. Удалгүй Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, анхан шатны эмчилгээ хийлгэн, шинжилгээ өгсөн. Эмнэлэгт ирээд дусал хийлгээд сэрсэн. Тухайн үед аймгийн эмнэлэгт 27 хүн ирж эмчилгээ хийлгэсэн юм. Төв аймгийн эмнэлэгт цус, шүлс, ялгадас зэргээс шинжилгээ авсан. Аймгийн эмнэлгийн шинжилгээний хариу гарсан гэсэн. Найман хүнд вирус илэрсэн байсан. Тухайн шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан. Харин хүмүүст яг ямар шинж тэмдэгтэй талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан.

Төв аймгийн эмнэлгээс хэзээ ХӨСҮТ-д ирж хэвтсэн бэ?

- Хагас сайн өдөр шинжилгээ өгөөд, эмчилгээ хийлгэчхээд гэр гэртээ харьсан. Тухайн үед хүнд хордсон гэдгээ хэн ч мэдээгүй, бүгд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Манай ажлын нэг хүн өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн чинь “Хордлого чинь элэг рүүгээ орсон байна. ХӨСҮТ рүү оч” гэж хэлсэн байсан. Тэгээд бүгд өчигдөр ирж хэвтсэн.

- Одоо  ямар оноштой хэвтэж байна вэ?

- Гүн хордлого гэсэн оноштой хэвтэж эмчлүүлж байна. Өдөртөө гурван эм ууж байна, бөөлжилтийн эсрэг судсаар дусал хийлгээд, шинжилгээ өгч, гүйлгэлтийн эсрэг эм уугаад байна. Өнгөрсөн тав дахь өдөр нарийн шинжилгээ өгсөн, хариу нь одоогийн байдлаар гараагүй байна.

- Хордсон хүмүүсийн нүүрэн дээр идээт үрэвсэл гарч, бие нүүр гар нь шарласан гэсэн?

Тийм. Ихэнх хүмүүсийн гар, нүүр, бие шарласан. Зарим хүмүүсийн бие тэр чигтээ шарласан байгаа. Нүүрэн дээр гарсан идээт үрэвсэл нь одоо болтол байна. Яг юунаас болж шарлаж, идээтэй юм гардаг учрыг эмч нар хэлээгүй. Ямар ч байсан уушги, элэг рүүгээ хордлого нь орж хүндэрсэн гэсэн. Нарийн зүйлийг нь шинжилгээний хариу гарахаар хэлэх байх.

- Цайны газрын чинь хүмүүс ямар нэгэн тайлбар хэлж, та нартай ирж уулзсан уу?

- Өнөөдөр захирал менежер хоёр нь ирж уулзаад явсан. Онцын зүйл яриагүй “Яаж байна?  Нэг хүн хэвтэж байгаа гээд ирсэн олон хүн хэвтэж байгаа юм байна” гэж байсан. Харин менежер нь 10500 төгрөгийн үнэтэй хоол 5500-гийн хоол хоорондоо орц, найрлагын ялгаатай шүү дээ гэх мэтээр доромжлох өнгө аястай хэлсэн. Манай байгууллагатай ямар нэгэн харилцаа тогтоогоогүй.

- Танай компанийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

- Манай захирал ирж уулзаад явсан. Шинжилгээний хариу хүлээж байна. Хариу дээр үндэслэн цаад компанитай хариуцлага тооцож арга хэмжээ авна гэсэн.

 

Өнгөрсөн баасан гарагт хуваарьт хоол нь гуляш байсан. Гэвч ажилчдад хоол нь хүрээгүй тул  27 хүнд тахианы шарсан мөч өгсөн байна. Зарим хүнд өгсөн мөч түүхий байсан бөгөөд  солиулсан аж. Гэвч дахиад л түүхий мөч өгсөн гэдгийг ажилчид хэлж байсан.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд эрүүл мэндээрээ хохирсонд, мөн  цайны газрын захирал, менежер нь ирж даапаалсанд гомдолтой байгаагаа хэлж байсан юм.

27 хүнийг хордуулсан цайны газарт одоогоор хариуцлага тооцоогүй байна. Хэн ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл дахин хичнээн ч хүн хордож магадгүй байдалд нисэхийн ажилчид байна. Бид цайны газрын захирал Н.Хадхүүгээс энэ талаар тодруулан дахин мэдээлэх болно. 

МХЕГ-ийн шинжилгээний хариугаар уг цайны газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж гарах юм бол тэд эмчилгээний зардлыг бүрэн хариуцах болно.  Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.