Н.Алтанхуягийн паян намаа ялагдуулах том шалтгааны нэг байсан шүү дээ

АН-ыг ялагдалд хүргэсэн ялыг үүрэлцэх учиртай хүмүүсийн тоонд зүй ёсоор орох хүмүүсийн нэг нь АН-ын дарга асан Н.Алтанхуяг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг.  Гэтэл одоо ял үүрэх нь битгий хэл ямба эдлэхээр намын даргад дахин санаархаж нэр дэвшээд тууж явна. Уг нь тэрбээр АН-ын даргаар хамгийн олон жил ажилласан, тэр ч байтугай өнгөрсөн дөрвөн жилийн хоёрт нь Засгийн газрыг тэргүүлж, байсан.

Харин одоо “намаа цэвэрших ёстой, нэг хүнээс хараат байх ёсгүй, фракцигүй байх хэрэгтэй, шударга бүхний төлөө” хэмээн уриа лоозон болж яваа нэгэн. Гэтэл АН-д фракци гэдэг ойлголтыг хамгийн ихээр шингээж, гишүүдээ өөр хооронд нь талцуулсан нөхөр бол Н.Алтанхуяг гээд хэлчихэд хилсдэхгүй. Түүний тэргүүлдэг Алтангадас гэдэг фракци өнөөдөр намдаа байтугай улс орон даяар алдартай. Энд өөр намын нөхдүүд ч байдаг гэж байгаа.

Түүний хэлээд байгаа шиг “Хэсэг бүлэгт хуваагдаж эрх мэдлийн төлөө зүтгэнэ” гэдэг хар үйлийг яаж хийдэг гэдгийг энэ фракци л өнгөрсөн хугацаанд яруу тодоор харуулж ирсэн. Түүний эргэн тойрондох хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа нь үнэн. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг. Ерөнхий сайд байхдаа хүргэн Дэнзэнгээ өндөр албан тушаалд тавьж, тэр нь мөнгө төгрөгний хэрэгт холбогдсон нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН-ын  “үсгүй” ялагдах шалтгааны томд орох учиртай. Ер нь намын даргын төлөө ийнхүү улайрч байгааг нь учир мэдэх хүмүүс хууль хяналтынхнаас бултах гэсэн башир арга ч гэж үзэх юм билээ. Тиймээс ичих нүүртэй байгаач гэж намынхан нь зөвлөж байгаа ч тэрбээр үл тоож буй.

АН-ын шинэчлэл гэдэг бол зөвхөн ганц намын асуудал бус. Монгол Улсын ардчиллын асуудал. Тиймээс хэн нэгний бохир нэр төрөө сэргээдэг, түр хоргодох байр биш байлтай, энэ АН. Мөн өөр бусад нөхөд өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгож байгаа нь ч нууц биш гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа билээ.