Бидний ухааныг юу самууруулж,Чингис хааны асаасан их гал голомтыг бөхөөгөө вэ?
2017/03/09
Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, ялалт
Мандан бадрах болон унаж доройтох нь байдаг л жам, зам хэдий ч дэлхийг дангаараа шахам эзэгнэж байсан Их Монгол улс өөрөө бусдын далбаан дор хоргодож, вассал болж доройтсон нь гайхахаар үзэгдэл, гутамшиг мөн байлаа.
Тэр тусмаа хүн амын хувьд тухайн цагтаа монголчуудаас цөөн тоотойн дээр урьд өмнө нь Монголын цэрэг зэвсгийн сүр хүчинд өвдөг сөгдөж ирсэн манж нараас ивээл эрж очих нь зүүдэнд ч оромгүй үзэгдэл байв.
Тэгэх тэгэхдээ бүүр монголчууд хоорондоо алалцаж, бурханы шашны хоёр том зүтгэлтэн эв эвдэрч ах дүүсийн цус урсгасан нь гайхмаар баримт болно. Амьд бурхан хэмээгдэгч Далай лам. алтан ургийн ахмад ноёдууд ч тэднийг зогсоож дөнгөөгүй нь бүр ч хачирхалтай. Занабазар, Галдан хоёрын хэн хэн нь шашин суртлаа бодсон ч гэсэн, сахил санваараа сахьсан ч гэсэн, цагийн цөвүүнийг тооцсон ч гэсэн “Хүмүүн хэлээрээ мал хөлөөрөө” гэх өвгөдийн ёсыг сахиад ч болов учраа ололцож, уур хорслоо хазаарлаж болох байсан билээ.
Хэн хэн нь “Эх болсон зургаан зүйлс бодис, эрх чацуу хамаг амьтны тусыг бодож” нүглийн үрийг цацах биш буяны зам мөрийг хөөх ёстой гэгээрэгсэд шүү дээ !... XVII, XVIII, XIX зууны Монголын түүхийг өнөөгийн монгол хүн ичиж, улайж, гутаж, уйлж уншихаар өвөг дээдсээр маань бүтээгджээ.
Тэд нар маань ийм харалган, тийм холчиргон, гоомой давлиун, хөвсөргөн доргио, харалган, мөхөс байсан гэжүү? Тэдний маань ухааныг юу, хэн самууруулж, хэрхэн яаж самууруулж, эцэс сүүлд нь Чингис хааны асаасан их гал голомтыг бөхөөгөө вэ? “Бурханы шашин, сүм хийд, лам нар бол Чингисийн дараа буй болсон үзэгдэл. Тэдгээрийн үүсэл, оршил нь Чингисийн эзэнт гүрэн задрах, мөхөхийн анхны шинж байсан” гэх утгатай үгийг Сталин 1934 оны өвөл Гэгдэн тэргүүтэй Монголын, төлөөлөгчдийг оройн зоогоор дайлах үедээ хэлж байжээ. Энэ үг мэдэж, онож хэлсэн үг үү, эсвээс мушгиж гуйвуулж, хардлага сэжиг төрүүлэхээр тооцож хэлсэн хар хорын үг үү?...
Хүмүүний зовлон, жаргалын шалтгаан, нөхцөл, үр дагаврын танихуйд томоохон алхам, амжилт болсон хэмээн эхэн үедээ үнэлэгдэж, алдаршсан Буддагийн сургаал, номлол зүг зүгдээ тархан дэлгэрсээр нилээд шашинжсан шинжтэй болох хэрдээ Төвдөд хүрчээ (Буддагийн сургаал, номлол нийтийн тооллын өмнөх VI зуунд Жагарт анх үүсээд эхэндээ цагийн аясаар, алсдаа Европын жишгээр шашинжиж хувьссаар нийтийн тооллын VII зууны үед Түвдэд дэлгэрчээ). Мөнхүү сургаал, номлол нэг мянга гаруй жилийн дотор хувьсахдаа багагүй “Бохирдсон” нь ч үнэн болно.
Гэхдээ Төвдөд тархан ирээд бүүрч их хиртэж хүмүүнийг гэгээрүүлэх, ариусгах шинж нь бүүдгэрч харин ч хүмүүст мухар сүсэг төрүүлэх, идэвхгүй байдлыг үүдэх, амьдрал оршлыг нь хойд насны жаргалд хүрэх зам, бэлтгэл болгож хувиргахад түлхэц өгөх болжээ. Орчин цагийн үг, утгаар хэлэх аваас шарын шашин, төвд лам нарын үйл ажиллагаа нь хүмүүсийн сүсэг бишрэлд дөрөөлсөн бизнес болох чигт өөрчлөгдөж эхэлжээ. Бурханы шашны ихэд төвдөчлөгдсөн гэх шинжийг “Сүсэг бишрэлтэй хүмүүст үйлчилдэг ашгийн төлөөх байгууллага болон хүмүүсийн үйл ажиллагаа” гэж тайлахад хүрсэн гэж хэлж ч болох юм. Төвдөд Бурханы шашин олон урсгалтай болсон, хоорондоо ашгийн төлөөх байгууллагууд мэтээр өрсөлдөх болсон, бүр харилцан дайсагналцаж эсрэг талаа хөнөөх, устгахад хүрсэн, шашин суртлын үндсэн дээр Төвдөд иргэний дайн дэгдсэн нь мөнхүү хүмүүнлэг, энэрэнгүй шашин нэн их хүртсэний илрэл, нотолгоо байлаа.
Нэг талаас шар малгайтан гээчдийн тэргүүлсэн бүлэглэлүүд, нөгөө талаас улаан малгайтан хэмээгдэгсдийн тэргүүлсэн бүлэглэлүүдийн дэгдээсэн иргэний дайнд монголчууд мөн хоёр хуваагдан оролцож Төвдийн нутагруу хоёр замаар давшин хүрч хоорондоо тулалдаж элэг нэгтнүүдээ хэдэн түмээр нь хядсан баримт Буддагийн сургаал, сурталд огтхон ч үл нийцэх үзэгдэл юм. Чухамхүү энэ сөргөлдөөн, мөргөлдөөний хөлд Лигдэн хаан цэрэг зэвсгийнхээ хамт сүйрч, Цогт тайж дөрвөн түмэн цэргийн хээ хамт мөхөж, Ойрд монголчууд ихээхэн хохирол үзэж, өвөрмонголчууд Манжид дагаж орсон билээ. Манж жанжин өөрийгөө Манж ба Монголын хаан хэмээн зарласнаар Хятадуудын “Хулхи нь бууж” манж нарт эзлэгджээ. Энэ бүхэн нь Монголыг хагалан бутаргаж, сульдуулж, доройтуулсан байна.
Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно. Энэ дайнаар дам уршиглагдсан сөргөлдөөн, мөргөлдөөн төдхөн Халх Ойрдын (Занабазар, Галдан) хооронд дахин гарсан нь Монгол улс амиа хорлосонтой адилтгахаар үр дагаврыг үүдсэн байна.
1632 оны үеэс эхлэн шашин суртлын үндсэн дээр хийгээд төв төрийн засаглалын хомсдолоос болж Цахар барга, Халх, Өвөр Монгол, Ойрдын хооронд хийгээд дотоодод нь үүссэн сөргөлдөөн, самууны хөлд, мөн төвдүүдийн хүсэлт, ятгалгаар хоёр талцан очиж хоорондоо тулалдсан дайн, удаа нь Ойрд Халхын хооронд үүссэн дайн, дайны байдал нь Монголчуудын цэрэг зэвсгийн чадавхийг итгэмээргүй хэмжээнд хүртэл нь доройтуулжээ. Бурханы шашинд сүсэглэгч хоёр лам (Занабазар, Галдан) Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг булшилж орхижээ. Чухам тэд л төгсгөлийг нь хийсэн гэж хатуурхан хэлж болох юм...
Өвөр Монгол, Халх, Буриад, Барга, Цахар, Урианхай, Ойрд үг хэлээ ололцон үгсэж, нэгдэж чадсансан бол Төвдүүд ч Монголын далбаан дор орохоор байжээ. Энэ хүчний эсрэг тэр цагийн Манж нар ч тэр, бас Хятадууд ч тэр хөдөлж ер зүрхлэхээргүй байсан нь үнэн билээ. Ухаалаг, чадварлаг удирдлагын дор монгол цэрэг эрс хэрхэн тулалддагийг дэлхий мэддэг ч тэр цаг үед тийм нөхцөл бүрдээгүй юм.
Өвөр Монголыг эрхшээж, Халхыг өвөрчилж, Ойрдыг эзлэн авсныхаа дараа Манжийн хаад, түшмэдүүд үндэстний хийгээд нийгмийн давхар дарлал, мөлжлөгийг монголчуудын нуруун дээр ачаалж Эзэнт гүрнийхээ бөглүү хязгаар болгон хувиргажээ. 200 хол илүү жилийн дотор монголчуудын аж байдал, соёл, үйлдвэрлэхүй хүч, өөрийгөө хамгаалах чадавхи тасралтгүй унасаар, доройтсоор л байлаа. Төвдөчлөгдөж, гажуудсан шарын шашин ч энэ хэрэгт багагүй нөлөөлжээ.
Вассал орны гунигт хувь заяа Монголчуудыг нэлэнхүйд нь нэрвэж хан нар, ноёд, тайж, лам нар ч гашуун амтыг нь ханатлаа мэдэрчээ. Тэд арьс махан дээрээ ч мөн оюун санааныхаа амьдрал, сэтгэл, зүрхэндээ ч Манж нарын, Манж- Хятадын дарангуйллыг амсаж, мэдэрч, дургүйцэл, зэвүүцэл нь ч хэрээс хэтэртэлээ хуримтлагдсаар байжээ. Жирийн ард иргэдийн хувьд байдал бүр ч хүнд байв. Эзэн гүрний хаан, хааны ордныхны, мөн манж амбан, түшмэдүүдийн дарангуйлал, Хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийн мөлжлөг, дээр нь аймгийн хан, ван, гүн, тайж, түшмэдүүд, хошуу ноёдын дур зоргын авирлалт зэргийн үүддэг дарамт, зовлонг жирийн ардууд хугацаа, хэмжээгүй үүрсээр цөхөрч, үгүйрч, золбирч, улмаар үгээгүйчүүд Хүрээ, Хийд бараадан гуйлга гуйж гол зогоох болжээ.
Манжийн хаад ордныхон Баруун Монголыг эзлэх хүртлээ Халхын хан нар, ноёдод тал засах, хүлээцтэй зөөлөн хандахыг чухалчилдаг байсан бол 1760-аад оны сүүлчээс эхлэн зангаа илт хувиргаж Халхын хан нар, ноёдод ихэд дээрэнгүй хандаж басамжилсан байр сууринаас харьцах болов.
Алтан ургийн удмын хан нар, ноёдыг ч гэсэн ялгаагүй үл тоомсорлох, хавчих, гадуурхах, бүр өмнөө сөгтгөж, мөлхүүлж байхыг эрмэлзэж эхэлжээ. Товчилж хэлэх аваас эзэн гүрний хаад, ноёд болон вассал орны ноёд, язгууртнуудын хооронд элдэв шинжийн өш хонзон, хувийн тооцоо, үзэн ядалт, үл эвлэрэх зөрчил, тэмцэл гарсаар, доромжлогдож гутаагдсан түүх зузаарсаар, үл тэвчих байдал цар хүрээгээ тэлсээр байжээ.
Манжийн төр, засаг аажмаар Хятадын төр, засаг лугаа адил болж төрөл арилжиж буйг Ар, Өвөр Монгол , мөн Төвдийн удирдлага ч олж харж түгшүүрт автах болжээ. XX зууны эхээр улам ч тодорхой болсон энэ нөхцөл, байдлыг шүүн хэлэцэж санал солилцох боломж Монголын ноёд болон XIII Далай ламын хувьд 1904-1906 оны хооронд гарч тэд ижилхэн ойлголттой, нэгдмэл байр, суурьтай болцгоожээ. Энэ нь үйл явдлын цаашдын өрнөлтөнд их тус хүргэсэн байна.
Төвдүүд гаднаас нүүрлэх аюулаас хамгаалах хэргийг монголчуудад даатгаж өөрөө бол байнгын армигүй байсан нь тэднийг өрөвдөлтэй, бас хачирхалтай байдалд хүргэжээ. 1904 оны зун Английн бүтэн хороо хүрэхгүй хүч Лхасыг эзэлжээ. Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчнээс тагтгалзах нь тухайн улсыг дээрэмчдийн томоохон бүлэгт ч эзлэгдэж болзошгүй эмзэг болгодог билээ. Лхас дахь том сүм хийдүүдийн лам нар харийнхны сүр, хүчийг мохоох хурал хурж, дошгидод даатгаж, чадал увдисаа шавхан дайчилсан гэх боловч тусыг эс үзжээ. Төдхөн далд, нууц хэлэлцээрээр Төвд орон Хятадын мэдэлд шилжжээ. Түрэмгийлэгчдээс хамгаалах, Хятадаас салах, биеэ даасан тусгаар улс болохын төлөө тэмцэлдээ XIII Далай лам монголчуудыг хамтрагчаа, Оросыг ивээн тэтгэгчээ болгохоор шийдээд Ар Монголын Нийслэл Хүрээнд олон дагуулынхаа хамтаар оргож ирсэн байна.
Эрч хүчээр бялхсан 28 настай Далай лам Хүрээнд 9 cap, Чин Ван Ханддоржийн дэргэд жил гаруй байгаад 1906 оны зун Хятадаар дамжин Төвдр үү буцжээ. Энэ 2 жил шахмын хугацаанд Далай лам Түвдэнжамц Монголын олон том ноёдтой уулзаж Хятад, Төвд Монголыг тойрсон олон асуудлаар санал, бодлоо хэлж, монгол ноёдын санал, бодлыг сонсож, Төвд Монголын ирээдүй хойчийн талаар ч илэн далангүй ярилцаж байжээ.
Хятадаас салах хэрэгт Оросыг түшихийн чухлыг, Оросоос зээл, тусламж, зэр зэвсэг авах боломжийн талаар, тэрчлэн зовлонг нь эдэлсэн хүний хувьд улс орон бүр өөрийгөө батлан хамгаалах чадавхтай байхын зайлшгүй талаар тэд ярилцжээ. Манжийн төр, засаг Хятадынх болон бүрмөсөн хөрвөхийн цагт Их Хан үндэстний эртнээс улиран ирсэн газар нутагаа тэлэх түрэмгий бодлого сэргэж, бүүр ч их түрэмгий шинжтэй болох нь эргэлзээгүй болох талаар ч тэд ярилцаж байжээ.Англи, Хятадын түрэмгий бодлогын хайчинд орж нутгаасаа оргож гарсан Далай ламын 1906 оноос хойшхи амьдрал, тэмцлээс үзэхэд тэрээр мөнхүү цаг үедээ улс төрийн тун ч шаггүй том бодлоготон, шинэчлэгч байсан нь харагддаг.
Нийгэм улстөр, гадны халдлага, оролцооны төсөөтэй орчины хүнд дарамтанд ороод байсан Төвд Монголын ноёд, лам нар (Далай лам Монголд байсан хугацаанд) ихээхэн мэдээлэл солилцож, олон зүйлийг эргэцүүлэн бодож, улс орныхоо ирээдүйн хувь заяанд сэтгэл, зовниж, хүнд байдлаас гарч болох арга, замын талаар санаа бодлоо уралдуулцгаажээ. Тэр хугацаанд Далай лам Оросын удирдлагатай харилцаж, Хятад ба Төвдөөс мэдээлэл авч, өөрийн багш, зөвлөх элч хорь буриад, цанид хамба Доржийн Агваан (1854-1938) Лхарамбатай байнгад зөвлөлдөж, чадвал Оросын хаантай биечлэн уулзахыг оролдсоор байжээ. Алс дорнодруу явуулж ирсэн бодлого нь Японы зүгээс илээр, харин Англи, Манж гүрний зүгээс далд эсэргүүцэлтэй тулгарч зарим талаар мухардалд ороод байсан Оросууд Төвд болон Монголыг илээр дэмжихээс ухарч, болгоомжилсоор байсан тул Далай ламын хүсэлтийг биелүүлж зүрхлээгүй байна.
Манж Хятадын түрэмгий санаархлын эсрэг тэмцэхэд монголчууд Төвдөд холбоотон болж чадах хэдий ч цэрэг зэвсгийн хувьд Төвдийн нэгэн адил арчаагүй байдалтай байгааг нь Далай лам ойлгожээ. Гэхдээ тэрээр монголчуудын сэтгэл санаа өөрийн нь талд байгааг ухаарч, талархаж байв. 200 гаруй жилийн туршид Манжийн төрийн дарамтыг үүрч, хорсож, занаж ирсэн Монголын ноёд, түшмэд, том лам нарын эсэргүүцэх, тэмцэх зоригийг XIII Далай лам улам л хурцалж өгөөд буцжээ. Монголчууд хожуухан нь тусгаар тогтнолоо зарлаад энэ тухайгаа Төвдийн засаг захиргаанд мэдэгдэж хэн хэнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжиж буйгаа харилцан илэрхийлсэн нь мөнхүү өмнөх үйл явдлын үргэлжлэл мөн байлаа.
Төвд орны засаг захиргаа, шашин суртлын хэрэгт шинэчлэл хийж дэвшил, хөгжилд хөтлөх зорилгыг өмнөө тавьж тэмцэж эхэлсэн XIII Далай лам (1876-1933) өөрийн багш, дотны хүн, зөвлөх, Цанид хамба Доржийн Агвааны (1854-1938) хамтаар тун ч ээдрээтэй замыг туулсаар хэн хэн нь цаг бусаар насан эцэслэсэн билээ. Агваан Лхарамба бол Оросын харъяат буриад монгол хүн, тухайн үедээ бол өндөр боловсролтойд тооцогдох судлаач, эрдэмтэн байжээ.
Далай ламын Монголд байсан үеийн талаарх мэдээллүүдээс үзэхэд түүний Богд гэгээнтэй холбогдох тухайд тун бага, хоорондоо зөрчилтэй, эргэлзээ төрөхөөр шинжүүд бүхий бүрхэг бүүдгэр яриа, таамаглал үлджээ. Оргож босоод Монголд орж ирсэн Далай лам ба Монголын шашны тэргүүн Богд хоёр төр, шашны ёс жаяг, нас намбын эрэмбээр хэрхэн харилцах, хэн нь тахимдуу байх учиртай тухайд олон судлаач өөр өөр санаа хэлсэн байх ажээ.
Далай лам Богд гэгээн хоёр хэн хэн нь л төвд хүмүүн балчирхан хүүхдүүд байхдаа хойт дүрээр тодорч, онцолсон нөхцөлд шашны эрдэмд суралцаж, өсөж өндийх хэрээр нэр алдар, эрх дарх нь өндөрсөж, өөрсдийгөө онцгой хүмүүс- амьд бурхан хэмээн итгэцгээсэн лам хуврагууд юм. Гэхдээ Далай ламын хойд дүр бүхэн сод ухаантнууд байсангүй. Богд гэгээний хувьд ч мөн л тийм. Угтаа жирийн л хүүхдүүд болохоор онцгой тааламжтай нөхцөлд эрдэм чадал сайтай гэгдсэн шилэгдмэл багш нараар ном заалгаад ч зарим нь гавъяатай, гавъяатай байж чадаагүй нь үнэн болно. Бусдын л адил эрээнтэй, бараантай амьдарч, их бага насалцгааж, бусад хүнд тусдаг халдварт өвчнүүдээр өвчилж байцгаажээ. Төрөх цагтаа ч хүний адил төрж үхэх цагтаа мөн л хүний адилаар үхэцгээсэн байна. Насласан хугацаа нь ч гэсэн тухайн үеийнхээ дундач хавьд л байжээ. Тэдний өөд болсны дараагаар амьдралын замыг нь эргэж судлах аваас яг хувь хүний хувьд онцгойлох зүйл бараг алга байдаг билээ.
Далай лам бол Будда биш, Зонхова биш. “Далай лам” гэх цол бол одоогоос 400 гаруй жилийн өмнө тэр цагийн нэгэн том санваартанд Монголын нэгэн ханы өгсөн цол юм. Тэр цагдас энэ цолтон (бодлогоор) хол ойргүй чухалчлагдаж, хойд дүрийг нь тодруулж, шарын шашны тэргүүн гэгдэж аажмаар Төвдийн төр, шашны тэргүүн, мөн бусад улс орон даяар бурханы шашинд сүсэглэгчдийн хувьд амьд бурхан мэт болж хүндлэгдэх болсон байна.
Гэхдээ шарын шашинтнууд дэлхийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтанд орж үе улиран Далай ламын хойд дүрүүдэд захирагдах болсон биш юм. Шарын шашин сүүлчийн удаа Монгол даяарт хүчтэй, өргөн дэлгэрэхдээ Төвд орноос, ихэд төвдөчлөгдсөн хэлбэр, шинжээрээ орж ирсэн болохоор Төвд орон, төвд хэл, төвд бичиг төвдийн том лам нар, хутагт хувилгаад, Далай лам, Банчин богд нарын нэр хүнд нэн өндөрт өргөгдөж, бараг бүгд бурханчлагдан шүтэгдэх болсон байна.
Төвдийн удирдлага ч энэ байдлыг ихэд баясан ашиглажээ. “Миний шашин, суртал хойд зүг рүү хэтдээ дэлгэрч, олон орны хүн амын зүрх, сэтгэлийг эзэмдэж, зовлонгоос ангижруулж, гэгээлэг амьдралыг авч ирэх болно гэсэн Буддагийн үг одоо биелэж эхэллээ. Монгол даяараа хол ойргүй манай шашинд орж ихэс дээдэс нь буяны эзэд болж, шашин, номыг ивээн тэтгэж, хурал номын газруудыг нутаг нутагдаа байгуулцгаалаа. Сүм хийд, хурал, ном, олон янзын зан үйлд хэрэглэгдэх бүхнийг монголчууд гар таталгүйгээр худалдан авч, Төвд дэх нэр цуутай сүм хийдүүдэд үнэт зүйлсээр бэлэг, хандив өргөцгөөлөө.
Манай сүм хийдүүдийн зүс царай алт, мөнгөөр солонгорч, лам хуврагуудын аж байдал ихэд дээшиллээ. Монгол мэтийн эртний их уламжлал бүхий хүчирхэг улсын нэр нөлөө, нөөлөг Төвд орны аюулгүй байдалд ч их хэрэгтэй” хэмээлдэж дээр дооргүй ихэд баясан байх болжээ. Удалгүй Төвдийн хутагт хувилгаадын заримын нь хойд дүр Монголоос тодорч эхэлжээ. Энэ нь Монгол дахь бурханы шашинтнуудад өөрийн нь гэсэн амьд бурхан хэрэгтэйг тооцож авсан арга хэмжээ байлаа. Төвдөд удаа дараа хойд дүрийг нь тодруулан шүтэж ирсэн Жонан Дарнатын гэгээний хойд дүрээр Чингисийн алтан ургийн ханы нуган үрийг тодруулсан нь ч цаанаа тун ихийг агуулсан зальжин шийдэл байв. Амьд бурхан гэгдэх болсон энэ субъектыг анхандаа төвдүүд, дараахан манж нар өөр өөрийн зорилгын дагуу машид сайн ашиглацгаажээ.
XIII дүрийн Далай лам ба Монголд тодорсон үеэс нь тоолох аваас VIII дүрийн Богд гэгээнтэн хоёрын нүүр нүүрэээрээ учрах болсон тохиолдолд хоорондох харилцаа нь ямар ёс жаягаар, ямар зан үйлээр хэрэгжих ёстой байв аа? Энэ бол сонин асуулт, “Өмнөх тохиолдлуудаас үзэх ахул” гэх уламжлал үгүй үзэгдэл байлаа. Тэд хоюулаа төвд хүмүүс, хоюулаа сэхээтнүүд, амьд бурхад байв...
Гэгээнтнүүд, амьд бурхад болохынх нь хувьд их бага, дээд доод гэхийн аргагүй юм. Богд гэгээн Далай ламаас бараг уе мултарсан ах ХҮН байв.
Бас гэр бүлтэй хүн. Монголын шашны тэргүүн. Далай ламын оргож орж ирсэн улсын хаантай зүйрлэж болохоор субъект. Монгол улсын нэр, нөлөө Төвдөөс ямагт шахам их байсан түүхтэй. Далай лам бол төр, шашны тогтсон ёс жаягийн дагуу уригдсан зочин бас биш юм. Богд гэгээн Далай ламын ирэх сургаар холоос угтах ёсыг сахьж угтуулуудыг илгээж ёсыг гүйцэтгэжээ. Бас байр өргөөг ч бэлдүүлжээ. Тух тохийг ч хангуулсан байна. Энэ бүхнийг тооцох ахул Далай лам зочин хүн, залуу хүн, өөр улсын иргэний хувьд, тэрчлэн урилгагүй зочины хувьд айл гэрийн эзэнд эхэлж бараалхах учиртай мэт.
Гэхдээ тэрээр ингэсэнгүй байна. Богд гэгээн НЭГДҮГЭЭРТ. энэ байдлыг тооцсон байх, хоёрдугаарт. Манжийн төр, засаг Далай ламын оргож боссонд дургүйцэж дайсагнасан үйлдэлд тооцон буруушаахыг мэдэж байсан болохоор түүнд ихээхэн дотноор, тун найрсгаар хандахаас болгоомжилсон байх, гуравдугаарт Манжийн амбан, Оросын консул Далай ламд хэрхэн хандахыг харзнасан болов уу. Сааталтай зохис муутай гэхээр хэрэгжсэн тэдний уулзалт богинохон, хачирхмаар, учир битүүлэг болж өнгөрсөн нь үнэн юм.
Хэн хэн нь нэгэндээ сэтгэл хангалуун биш байж, дотор сэтгэлээ ч нээлцээгүй салцгаасан нь түүхэн үнэн бололтой. ИНГЭХЛЭЭР Далай ламын шинэчлэл тэмцэгч идэвхтэй байр суурь үзэл санаа 1904-1906 онд Богд гэгээнд халдварласангүй байна. 1911 он хүртлэх Богд гэгээний үйл хөдлөлд онцын өөрчлөлт ороогүй нь энэний илрэл юм. Харин Далай ламтай олон дахин уулзаж, ойро дотно байж, үзэл санаа зорилгыг нь таньсан Монголын бусад ноёд, хутагт хувилгаадын хувьд түүний нөлөө эерэг ул мөрөө үлдээжээ.
Манж-Хятад, Төвд, Монголын улстөрийн нөхцөл байдал, мөдхөн угтах ирээдүй, зайлшгүй'тохиох аюул, бэрхшээлийн талаар төвдийн улстөрчид ба Монголын улстөрчдийн хооронд санал, бодлоо мэдэлцэх, ирээдүй хойчоо төсөөлөх, төлөвлөх олон олон уулзалт, ярилцлага болж өнгөрчээ. Энэ тухай манай түүхчид мэдэхгүйдээ биш, харин огт өөр шалтгаанаар XX зуунд ер дуугарсангүй. Дуугарах боломж тэдэнд олдоогүй гэж хэлж ч болох юм.
Урьдах дүрүүдийн нь хувь заяаг эс тооцох аваас VIII Богд бол зөвхөн 30-40 жилийн ТУРШИД Чин гүрний засаглалын дарамтыг мэдэрч үүрсэн ХҮН билээ. Харин монголын ноёд, түшмэдүүд, том лам нарын хувьд бол тэд 8-11 үеэрээ Манжийн хаад, жанжид, амбан сайд нарын засаглал, мөлжлөг, дарангуйллыг хүлээж, тэвчин тэвчсээр, шүд зуун занасаар ирсэн хүмүүс болно. Тэдний дунд өвөг дээдсээ доромжлуулсан, төрөл саднаа цаазлуулсан, нутаг газраа алдсан, хөрөнгө зоорио хураалгасан, цол хэргэмээ эвдүүлсэн, элдвийн хавчилга, сэрдэлтэнд өртсөн хүмүүс ч олон байлаа.
200 гаруй жилийн дотор вассал орны хүн ард юу эсийг үзэх билээ... Мөнхүү бэрх, хүнд түүхэн амьдралаар Монголын оюунлаг хүмүүс, алтан ургийн ноёд, тайж нар Манжийн эзэрхийлэл, дарангуйллыг үзэн ядах, эсрэг нь тэмцэх, түлхэн унагаах, үндэсний тусгаар тогнолыг сэргээн олохын төлөө хөдөлгөөнд бэтгэгдсэн байлаа. Тэд цагийн аясыг харж, таатай мөчийг хүлээж, ёстой л “Зүүн гараараа баруун гараа тогтоон барьж байсан ажээ...
Төвд орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Манж- Хятадын эсрэг, Английн түрэмгийлэгчдийн эсрэг сөрөн зогсож Оросоос тусламж эрж, Монголоос дэмжлэг хүсэж оргон босож ирсэн Далай лам Монголын эх орончдыг ихэд зоригжуулсан нь лавтай билээ. Манж-Хятадын эсрэг монголчууд зэвсэглэн босох аваас эрэгтэй иргэдийн томоохон давхраа болсон лам хувраг залуусыг дайчлан оролцуулж чадах хүн бол Богд гэгээн мөн байв.
Богд гэгээний нэр, нөлөөг Өвөр Монгол, Баруун Монгол, Барга, Буриад, Урианхай нарын” нарын хувьд ч амжилттай ашиглаж болох байлаа. Монголчууд Далай ламыг дэмжиж чадахын адилаар Богд гэгээний лүндэнг ч хүлээн авч, дэмжиж чадах байв.
Шамбалын дайн эхлэх цагт Бурханы шавь нар ч идэвхийлэн оролцох талаар өгүүлсэн түүх, домог байдаг билээ. Иймэрдүү байр, сууринаас үзэх аваас Үндэсний Тусгаар Тогтнолын төлөө тэмцлийн хэрэгт VIII Богдын нэр, нөлөө нэн их хэрэгтэй байв. Энэнийг таньж тооцон монголын ноёд. хутагт хувилгаад Богд гэгээнийг ашиглаж их хэргийг бүтээжээ. Харин Богд гэгээний амьдрал, оршлын “Цагаа олсон” гэгдэх үхэл, төгсгөлд чухам хэн хамаатай, холбоотой болохыг цаг хугацаа нэхэн тогтоох бизээ.
XIII Далай ламыг Монголд байх хугацаанд Манж-Хятадын удирдлага түүнийг Бээжинд яаралтай ирэхийг дахин давтан шаардсаар байв. Далай ламыг Орос руу эс очуулах, Ар Монголоос түргэн гаргах нь чухал гэж Бээжин үзжээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрслэн боссон Далай ламын үзэл санааны нөлөө Монгол даяар тархах бий хэмээн Бээжин айж байлаа...
Козлов, Шербатской, Базар Барадийн, Цэрэнжав, Цыбыков нарын дурсамжаас үзэх ахул XIII Далай лам Манж- Хятадын эсрэг бүх монголчуудыг босгож ч чадах байжээ. Энэ зорилгоор тэрээр алс дорно руу, мөн умар луу аялан явахад ч бэлэн байв...Төвд Монгол хоёр Хятадын эзэрхийллийн эсрэг сүүлийн 100 гаруй жил тасралтгүй тэмцэж өнгөрөөсөн түүхээс үзэх ахул ихэнх судлаачид гол төлөв өрөөсгөл, туйлширсан байр, сууринаас асуудалд хандаж, зарим нь бүр нэг намын улс төрийн зорилго, нэг хүний захиалгаар Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн түүхийг зохиомжлон бичиж иржээ.
200 хол илүү жилийн турш дахь дарлал, мөлжлөг, цус, амь нас, нулимсаар буй болсон хорсол, занал, өс хонзон, хүсэл, тэмүүллийн үр дүн болох тэмцэл, хувьсгал бол нэн алсаас улбаалсан үр хөврөл, үндэстэй, үл тасран үргэлжилсэн тэмцэл, тэмцэгчидтэй, үе үеийн удирдлага ба хөдлөх хүчтэй, алдсан ба оносон түүхэн сургамжтай, хэдэн арваар тоологдох цаг цагийн манлайлагчтай ээдрээтэй нарийн үйл явц болно.
Их хэргийг сэдэж, нууцаар сурталчилж, нийгмийн давхраа бүрээс дэмжлэг олж, зэвсэглэсэн хөдлөх хүчтэй болж, энэ хэрэгт ашиглаж болох дотоод, гадаад нөхцөл, хүчин зүйлүүдийг таньж, түүхэн тохироо нэгэнт бүрдсэн цаг үеийг онож идэвхийлэн хөдлөх нь гал халуун эх орончид, тэмцэгчдийн бүхэл бүтэн эгнээг шаарддаг үйл хэрэг, үйл явц мөн билээ.
Монгол оронд 1911 онд болж өнгөрсөн үндэсний эрх чөдөөний төлөө хөдөлгөөн, хувьсгалыг зөвхөн хэн нэгэн хүний гавъяа, бүтээл мэтээр, зөвхөн XX зууний эхний 10 жилийн зөрчил тэмцлийн үр төл мэтээр, Богдын Хүрээнд боловсорсон үр жимс мэтээр консулын дэнж дээрээс тараасан мэдээний хүрээнд зөвхөн үзэж, бичиж болохгүй юм. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг ч гэсэн зөвхөн МАН-ын гавъяа, бүтээл мэтээр, зөвхөн Зөвлөлтийн улаан армийн оролцооны ач тус мэтээр, зөвхөн Сүхбаатар жанжны оролцсон цөөн жижиг тулалдааны ялалт мэтээр, зөвхөн Ардын журамт цэрэг л гамин цэргийн бүх хүчийг бут цохин сөнөөсөн мэтээр өрөөсгөлдүүлэн гуйвуулж бичиж таарахгүй билээ.
Энэчлэн 1989-1990 оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн төлөө хөдөлгөөний эх үүсвэр, үзэл санаа, зарим оролдлого, туршилт урд өмнө нь ер байгаагүй мэтээр, “Ардчиллын алтан хараацай” хэмээн өөрсдийгөө дөвийлгөн магтдаг хүмүүс үнэхээр, яг хэрэг дээрээ, жинхэнэ ардчилсан үзэлтнүүд, үйлстэнгүүд байсан мэтээр, ардчилал, шинэчлэлийн мэрэгшсэн мастерууд болчихсон мэтээр хуурамчлан ярих, бичих нь үнэнээс тун ч хол байна...
XX зууны Монголын түүх олон шалтгаан, нөхцлийн улмаас түүх болж чадахгүй, эрх ашгийн зөрчилтэй гэгдэхээр хувь судлаачдын хүсэл, эрмэлзлээр олон янзаар бичигдэх боллоо. 1911 оны тэмцэл, хөдөлгөөн, мөн 1921 оны тэмцэл хөдөлгөөн, бас 1989-1990 оны тэмцэл, хөдөлгөөнд оролцож байсан хүмүүсийн хамаатан садан, найз нөхөд, нутаг усныхан нь ганцхүү магтах, алдаршуулах зорилго өмнөө тавиад үнэнээс огт өөрийг өгүүлэх, бичих болжээ. Нэг намын нөхөд нь худал магтаад, төрөл төрөгсөд нь худал бичээд, нэг нутаг усныхан нь магтахын тулд магтаж, ойг нь шуугиулан тэмдэглэж хөшөө босгоод л байвал эцэсдээ эх түүх маань юу болж хувирах болоо?...
Түүх түүх болохоос өмнө улстөр судлалын үүднээс асуудалд хандаж тухай тухайн үзэгдэл, үйл ажиллагааг ганцхүү баримт түшин өгүүлж, оролцогчид, субъектуудын нь хувь нэмрийг тодруулж байж болно л доо. Гэхдээ энэ нь түүх болсон түүх биш билээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав