АН-ынхан дахиад 20 жил лааз өшиглөх вий дээ
2017/03/20
Ингэж дүгнэх баримт нотолгоо хангалттай гэдгийг уншигч авхай та мэдэж байгаа. 1990 онд Ардчилсан хувьсгалыг нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр хийсэн гэж бардамнадаг АН-ынхан яг л 90 жилийн түүхээрээ “гангарах”-аас өөрөөр ахиж дэвшдэггүй Ардын намаас ялгагдахгүй сул дорой улс төрийн хүчин болжээ. Ардчиллынхан хэдийгээр дотоод зөрчлөө ил гаргаж хэмлэлддэг ч нөгөө талаараа намаа шинэчилж, гишүүдээ зөв чиглүүлж, фракцийн зөрчлөө эвтэйхэн зохицуулж чаддаг нам байсан. Энэ нь ардчиллыг амьтай харагдуулдаг байсан нь үнэн.
Харин эдүгээ нэг фракцийн атганд бүрэн орж, “Шонхор” фракци ба бусад гэсэн зөрчил, маргаан туйлдаа хүрлээ. Оготны хамраас цус ч гаргалгүй хийсэн ардчилал өнөө цагт олон хүмүүсийн нулимс, хагацал, дэгсдүүлж хэлвэл цус үзсэн тэмцэл болж хувирсан байна. Дургүй хүргэсэн нэгэндээ ямар ч хамаагүй хэрэг тохож шоронд хийдэг гутамшигт явдал Ардчилсан нам эрх барьж байхад гарч байв. Улс төрийн тавцанд нөхөрлөж явсан нэгнийхээ араас торох юмгүй хутга дүрдэг нөхөд ч энэ намд дэндүү олон болсон нь харамсалтай. Идсэн уусан, Монгол Улсыг хаашаа хөтөлсөн талаар энэ удаад ярих нь илүүц биз.
Фракциудын дотоод зөрчлийн талаар ярих ч юм биш. Ах нарынх нь фракцийн зөрчил залуу үедээ хүртэл халдварлаж, нэг намын байранд суугаа атлаа өөр намаас орж ирсэн аятай нэгнээ чичилдэг, үзэн яддаг, тэрний энэний хүн хэмээн хардаж сэрддэг явдал хэрээс хэтэрчээ. Ардчилал нүүрээ нуусан дарангуйлал болон хувирчихаад байгаа юм. Хатуухан хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сард сүр дуулиантай явуулсан АН-ын даргын сонгуулиас шинэчлэл огтхон ч үнэртээгүй.
Мөнгөтэй нэг нь суудал худалдаж авсан, хэн нь мөнгөтэйг харуулсан сонголт болсныг нуух юун. Засгийн газраа унагаж, намаа том ялагдалд хүргэсэн “Шонхор” фракци эрх мэдлээ улам зузаалж, хэзээ ч өндөрлөгөөс буухгүйн төлөө хийж болох бүх бузар булайг зохион байгуулсан дэндүү увайгүй үйл ажиллагаа болсон. Угтаа бол хариуцлага хүлээгээд, бүх эрх мэдлээс татгалзах учиртай нэг фракци бусдаас илүүгээр эрх мэдэлд шунаж тэмүүлсэн хуйвалдаан болж хувирсан юм.
Хамгийн гутамшигтай нь намын даргын сонгуульд оролцох шинэчилсэн гишүүдийн жагсаалт утга учраа алдаж, намын байранд бүртгэсэн гишүүдийн анкет дотроос маш олон гадаадын иргэдийн зурагтай, мөн фэйсбүүкийн зургийг нь ашигласан хэдэн мянган хуурамч анкет гарсныг намын дотоод асуудал хэмээн хав дарж орхисон юм билээ. Намын байранд бүртгүүлсэн гишүүдийг сонгуульд оролцуулахгүй гэсэн шалтгаан нь ч үүнтэй холбоотой байсан гэх. АН-ын түүхэн гэгдэх шинэчлэл, намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл ийм л хуудуутай замаар явагджээ. Ардчилсан нам шинэчлэгдэж, гишүүдийн нам болох нь битгий хэл “Шонхор”-ын эсрэг тэмцлээ нэгтгэсэн бусад фракци бүлэглэлийн тулаан болон хувирчихлаа.
“Мөнгөө төл эсвэл хэн ч биш бай”
Шат шатанд тэмцэл нь туйлдаа хүрч, мөнгө төл эс бөгөөс хэн ч биш бай гэсэн бичигдээгүй хууль ч хэдийнэ хэрэгжээд эхэлчихэж, энэ намд. Ганцхан жишээ дурьдая. Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намынхан намын даргаа болон, сонгуулиас хойш дуулиан шуугиантай хэлэлцсэн намын Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн юм. Гэвч Улсын дээд шүүх Үндсэн дүрмийг нь Улс төрийн намын тухай хуульд нийцээгүй зүйл заалт агуулсан хэмээн бүртгэхээс татгалзаж, харин намын даргыг нь дүрмийн хүрээнд батламжилсан юм.
Бүхэл бүтэн 27 жилийн түүхтэй, Монголын томоохон улс төрийн хүчний нэг атлаа Улс төрийн намын тухай хуулиа мэдэхгүй байв уу, эсвэл мэдсээр байж мэдээжийн зүйл хийсэн үү гэдэг нь сонин. Ямархуу зүйл заалт тусгасан болоод Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзав гэдэг нь ч сонирхол татах асуудал болж хувирчээ. Гэтэл дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн намын Үндсэн дүрмийг өнөө хэр жирийн гишүүддээ танилцуулаагүй юм билээ. Тиймээс АН-ын жирийн гишүүд Үндэсний зөвлөлдөх хороо /шинэчилсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо/-г хуралдуулахыг шаардаж эхэлжээ.
Жирийн гишүүд дээд шүүх бүртгэхээс татгалзсан Үндсэн дүрэмтэй танилцах, мөн сүүлийн долоон жилийн хугацаанд салхи ороогүй ҮЗХ-ны гишүүдээ шинэчлэх намын дотоод сонгуулийг хуулийн хүрээнд явуулах, дотоод сонгуульд өрсөлдөж буй гишүүдэд тавьсан өндөр дэнчинг ямар дүрмээр тавьсан эсэх талаар тодруулга авахыг хүсчээ. Хоёрдугаарт, АН-ын дотоод сонгуульд өрсөлдөгчид Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд нийт зургаан сая төгрөг төлнө гэсэн намын дарга С.Эрдэнийн гаргасан тогтоол гишүүдийг нь бухимдуулж эхэлжээ.
...Албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээс харвал эдгээр тойрогт дандаа С.Эрдэнийн данстай хүмүүс байгаа юм билээ. Тиймдээ ч Үндэсний бодлогын хороонд орж, намынхаа дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсэн эгэл жирийн гишүүдийн хүсэл дахиад л талаар өнгөрч байна. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр тойрч шинэчлэл ярьсан “эвтэй” таван нэр дэвшигчийн мөрөөдөл салхинд хийсч байна гэсэн үг. Ардчилсан нам гишүүдийн биш мөнгөтэй нэгний нам болно. Намын гишүүд зөвхөн мөрөөдөлтэйгээ дахиад 20 жил явна гэсэн үг. Уг нь одоо бол улс төрийн намууд сонгуулийн өмнө нэгдсэн зохион байгуулалтад орж хэдийнэ дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихсон байх ёстой юм...
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд болох намын дотоод сонгуулийн үеэр 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох учиртай. Ингэснээр өнөөх л улиг домог болтол ярьж буй нээлттэй, гишүүдийн нам болно хэмээн үзэж буй гэх. Харамсалтай нь энэхүү сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө төл гэсэн тогтоолыг С.Эрдэнэ вантан гаргажээ.
Өөрийнх нь өнөөдрийг хүртэл улс төрд явж ирсэн зарчим гэхэд ч хэтийдэхгүй. Намын даргын гаргасан тогтоол ёсоор АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигч гурван сая, Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 1.5 сая, дүүргийн намын хороонд 500 мянга, аймагт 120 мянга, сумын төвийн намын хороонд нэр дэвшч байгаа бол 12 мянган төгрөг тус тус төлөхөөр болжээ. Асуудал ингээд дуусахгүй. Нэр дэвшигчид дэнчингийн мөнгөнөөс гадна хураамж төлөх ёстой болсон нь жинхэнэ маргааны сэдэв болоод байгаа юм. Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд дэнчингийн гурван саяас гадна дахиад гурван сая төгрөг байршуулах учиртай.
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшч буй бол 90 сая, аймгийн намын даргад өрсөлдөж буй бол 15 сая, дүүргийн намын дарга 20 сая төгрөгийг тус тус хураамж хэлбэрээр төлөх юм билээ. Эдгээр мөнгийг нэгтгэвэл намын дотоод сонгуулиас л 10 тэрбум төгрөг босгох дүр зураг харагдаж буй юм. Хэн мөнгөтэй нь орж ирдэг бичигдээгүй хуулийг АН-ынхан ч хэрэгжүүлэх нь тодорхой болжээ. Ардын намын албан тушаалаас босгох 60 тэрбумаас хол ялгарахгүй шийдвэрийг АН-ын дарга гаргасан нь Ардчилал хаашаа явж, юунд хүрэхээр тэмүүлж буйг хэлээд өгч байгаа бус уу.
Өөрөө өөртэйгөө өрсөлдөх сонгууль болох уу
Эрх мэдлээ алдахдаа улс төрийн намууд хөрөнгө мөнгөө ч давхар алддаг. Гэвч намын дотоод сонгууль зөвхөн мөнгө харсан, намын санхүүжилт босгох гэсэн увайгүй үйлдэл болж хувирвал АН-ын шинэчлэгдэх тухай мөрөөдөл зөвхөн цаасан дээр үлдэх нь тодорхой билээ. Хэн мөнгөтэй, ар талдаа татаастай нь эрх мэдэлд хүрч, эгэл жирийн гишүүдэд намын хаалга анай л хаалттай хэвээр үлдэнэ. Ийм дүр зураг ч хэдийнэ бий болчихоод байгаа гэнэ лээ. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөөх өрсөлдөөнд 511 хүн л өрсөлдөхөөр анкетаа хүргүүлээд байгаа аж. Нэг суудлын төлөө ядахдаа хоёр хүн өрсөлдөж байж шударга өрсөлдөөн болох учиртай. Харамсалтай нь дэнчин, хураамжийн дааж давах аргагүй мөнгө төлөх хүмүүс байхгүй учраас зарим тойрогт нэг л хүн өрсөлдөхөөр болжээ. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө гэсэн үг.
Irgen · 2017/03/20
Энэ намыг оффшор Баярцогт, толгойгүй Сайханбилэг, төмөр замын төслийн мөнгө будлиулсан Женко Баттулга, Энхболд нар самарсан шиг самарсан шүү. Гое гое.
Irgen · 2017/03/20
Энэ намыг оффшор Баярцогт, толгойгүй Сайханбилэг, төмөр замын төслийн мөнгө будлиулсан Женко Баттулга, Энхболд нар самарсан шиг самарсан шүү. Гое гое.
Тэгэж л таарна · 2017/03/20
Идээчин уугаачингуудын АН тэгэж л таарна
Тэгэж л таарна · 2017/03/20
Идээчин уугаачингуудын АН тэгэж л таарна
Мийгаа · 2017/03/20
АН удахгүй бутарна. Мөрийцсөн ч бэлэн байна. Мөнгөтэй нь тэнэг ч бай албан тушаал авдаг, мөнгөгүй нь хичнээн ухаантай ч хэнч биш болдог нам гэж хаана байсан юм. Мөнгө багатай гишүүд бүгдээрээ энэ намаас гарч арай шударга нам байгуулах биз. Хөөрхий дөө. Эрдэнийн хувь заяа... Энэ намд баян гишүүд цөөнгүй бололтой. Яаж тэр мөнгөө олсон нь сонирхол татахгүй байна гэж үү? Цалинтай, цалингүй явсан бор ардууд энэ цөөхөн жилийн дотор асар их баян болсны арга нь юу вэ? Мэдээж шударгаар мөнгөжсөн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэнх нь луйвар, нийтийн хөрөнгийг идэх, шамшигдуулах, хээл хахууль авах зэрэг муу мулгуу үйлдлээр баяжсан нь нийтэд ил шүү дээ.
иргэд · 2017/03/20
Нам шиг намыг мам шиг мам болгосон тэр этгээдтэй,түүний гар хөл бологсод бүр сайдын суудалд санаархагчидтай нь хатуу тооцоо хийж намаас хөөж намаа цэвэрлээгүй цагт нам ч шинэчлэгдэхгүй,олон түмэн ч тоож тойрон хүрээлэхгүйг анхаар