Ирэх оны улсын төсөв өнгөрсөн долоо хоногт дуулиан, шуугиан багатай нам гүмхэн батлаглагдчихсан. Өнгөрсөн жилийн төсвийг “авлигажсан төсөв” байсан гэж Ерөнхий сайд нэрлэсэн билээ.

Мөн 2014 оны төсвийг гишүүдэд хөөсрүүлэхгүй байхгүй онцолж байсан удаатай. Тэгвэл ирэх оны төсөв хэр чанга танасан, авлигагүй байх бол...

Тэдний баталсан төсвөөс харахад мөнгө хэмнэж царцаасан 144 барилгын 80 хувь нь сургууль, цэцэрлэгийн барилга байгаа нь шүүмжлэл дагуулж эхэллээ. Есдүгээр сард “алтан гахай” жилийн хүүхдүүд сургуульдаа багтахгүй, цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд дөрөв хоног дугаарлаж хоносныг Эрхэм гишүүд маань мартаа бололтой. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Царцаасан обьектийн 80 хувь нь сургууль, цэцэрлэг байгаа нь харамсалтай” гээд эдгээр барилгад бүгдэд нь шалгалт оруулна гэж хойшлуулахгүйгээр зах зээлийн үнээр тооцоод төсвөө зөв хэлснийг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн юм. Тэгэхгүй төсвөө нэмж оруулж ирсэн бүгдийг царцаасан нь учир дутагдалтай. Үнэхээр төсөвтөө багтаагүй, мөнгөө нэмэхээс аргагүй болсон сургууль, цэцэрлэгүүд цөөнгүй бий гэдгийг тэрбээр онцолсон.

Манай улс төрчид нам гүмхэн төсвөө баталчихаж овоо доо гэвэл бас ч тийм биш юм аа. Дээрх барилгуудын ихэнхи нь МАН-ын гишүүдийн хариуцсан тойрогт байгаа нь багагүй маргаан дэгдээгээд авсан. УИХ-д суудалтай сайд нар өөрийн тойрогтоо их хэмжээний мөнгө батлуулж чадсан нь бас л айлын хүүхдийг алаг цоог үзсэн гээд буй. 

Өмнөговь, Баянхонгор аймгууд тус бүр 200 хүртэлх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  ирэх оны төсөвт суулгуулсан бол Говьсүмбэрт үүнээс 100 дахин бага буу хоёр тэрбум төгрөг тавигдсан. Мөн Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүний сонгогдсон Хөвсгөл аймагт 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгдсөн бол Баян-Өлгий аймагт ердөө 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бичигдсэн байх жишээтэй.

Үүнээс хамгийн эрсдэлтэй дэндүү яарсан гэмээр асуудал бол төрийн албан хаагчдын тоог 3000-аар нэмэхгүй гэж тэмцэж байсан Ерөнхий сайд ба МАН-ын гишүүд дуугүйхэн хэдэн ажилсаг хуруундаараа гялс хийн кнопоо дараад авсан. Төсөв батлах сүүлийн өдөр чуулганд эсэргүүцэн маргах хүн гараагүй бөгөөд бушуухан батлаад дуусгахын түүс болж байсан гэхэд хилсдэхгүй. Хрэвээ энэ асуудал дээр маргалдсаар хугацаандаа багтахгүй бол парламент тарах хуультай тул хэн хэн нь амаа үдэн хуруунуудаа ажиллуулсан хэрэг.   Тэдний дутуу хийсэн ажил “төсвийн тодотгол” нэртэйгээр хүлээж л байгаа шүү гэдгийг бас бүү мартчихаарай даа.

Нэг ангийнханы ахлагчтайгаа баталсан төсвийн айхтар нэг зүйл гараад ирлээ. Учир ирэх оны "Орлого" тасалдах эрсдэлтэй байгаа аж.  “Нээлттэй нийгэм” форумаас гаргасан судалгаагаар “Төсвийн орлого тасалдах эрсдэл байсаар байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг харьцангуй бодитойгоор тооцсон боловч тоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлогод ихээхэн эрсдэл учруулах магадлалтай” гэлээ. Учир нь 2014 онд 31.4 сая тонн коксжих нүүрсийг экспортолж, 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь уул уурхайн салбарын татварын орлогын 41 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлэхээр тооцжээ. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 18 сая тонн коксжих нүүрсийг экспортлохоор байгаа юм. Үүнтэй харьцуулбал ирэх онд экспортын хэмжээг даруй 80 орчим хувиар өсгөж төлөвлөсөн нь хэт өөдрөг төсөөлөл хэмээн “Нээлттэй нийгэм” форумаас дүгнэв.

Уг нь  урд хөрш  ирэх онд 75 сая тонн коксжих нүүрс импортлохоор тооцоолж буй. Тэгвэл үүний 40 гаруй хувийг Монгол Улс дангаар нийлүүлэх зорилт тавьсан нь биелэх магадлал багатай гэж дээрх судалгаагаар гарчээ. Үүнд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол Хятадын Засгийн газраас хүнд үйлдвэрлэлээ цаашид хэт нэмэхгүй байх бодлого барьж байгаа нь манай улсын нүүрсний экспортыг дэмжсэн бодлого болох нь дамжиггүй.

“Төсвийн орлогын бүрдүүлэлтийн бараг 10 хувийг хэт өөдрөг тоо хэмжээгээр төсөөлсөн нэг бүтээгдэхүүнээс хамааралтай төлөвлөсөн нь төсвийн орлогод учрах эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал, коксжих нүүрсний экспорт таван сая тонноор буурсан тохиолдолд төсөвт төвлөрүүлэх татварын орлого 100 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэлтэй байна” гэж уг форумынхан үзжээ.  

Х.Даваа