Уншигч та бүхэнтэй танилцуулж байгаа бяцхан хүү бол Пүрэвдашийн Эрхэмбилэг. Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо өнгөрсөн сард болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчин. Нийслэлийн тэргүүний  97 дугаар сургуулийн 4 “в” ангийн сурагч, 10 настай. Тэрээр 2017 оны 3 дугаар сард Монгол Улсын хамгийн “бяцхан” даамны спортын мастер болсон бол ердөө сарын дараа Дэлхийн даамны холбооны дэд мастерын болзлыг хангасан.  

 

 

-Чи хэдэн настай байхдаа даамаар хичээллэж эхэлсэн бэ?

-Анх заалгасан нь гэвэл 4 настай байхдаа. Тэмцээнд орсон нь гэвэл 6 нас.

-Анх чамд даам заасан хүн хэн бэ?

-Агаа эхлээд зааж өгсөн.

-Агаа гэж хэн бэ, төрсөн ах чинь үү?

-Тийм. Би аав ээж ах эгч дүүтэйгээ амьдардаг. Агаа надад анх даам заасан юм.

-Ах чинь тэгэхэд хэдэн настай байсан юм? 

-Ах одоо 15 настай. Тэгэхэд 10 настай байсан юм байна. Одоо над шиг л гэсэн үг.

-10 настай байж дүүдээ даам заана гэхээр мундаг “ах” байх нь. Ах чинь даам сайн тоглодог уу?

-Үгүй.Одоо намайг хождоггүй. /инээв/. Аав эхлээд Агаад даам зааж өгөөд, тэгээд агаа надад зааж өгсөн юм. Ер нь бол ах нүүдэл л зааж өгсөн. 6 дугаар  сард надад анх нүүдэл заасан,9 сар гэхэд  л би агааг хождог болсон. Дараа нь би аавтай тоглодог болсон юм. Аав телевизээр сумо бөх гарахаар үзэж байгаа хэрнээ л намайг хождог байсан. Харин одоо бол намайг хожихоо байсаан. /инээв/

-Гуравхан сарын дотор агаагаа хождог болоод л  мундаг хүүхэд юм аа?

-Агаа угаасаа даам тийм ч сайн мэддэггүй, дөнгөж сурч байсан юм. Аав надад даам зааж өгөхгүй, тэгээд агаа заасан юм л даа. Анхандаа өөрсдөө интернэтээс даамны хөлөг хайж байгаад 2 бичгийн цаасан дээр зурж байгаад нийлүүлж хайчилж наагаад хөлөг хийсэн. Одоо ч байгаа.

-Даам худалдаад авчихаагүй, өөрсдөө хийсэн юм уу?

-Тэр үед дугуйлан секцэнд яваагүй, даам хаанаас авдгийг мэдэхгүй байсан болохоор л...

-Даамны дугуйланд хэзээнээс явж эхэлсэн бэ?

-6 настайдаа ... Баянзүрх дүүрэгт түрүүлсний дараа “Шавь” цогцолборын Нармандах багш ааваас “Энэ юун хүүхэд вэ. Багш нь хэн бэ?” гэж асуусан гэсэн. Нармандах багшийн бэлддэг  хүүхдүүдийг нь хожоод алт авсан болохоор тэгж асуусан юм байна лээ. Тэрнээс хойш Нармандах багшийн дугуйланд явж эхэлсэн.

-Дүүргийн аваргад түрүүлэхдээ цэцэрлэгт байсан уу?

-Үгүй. Сургуульд орсон, нэгдүгээр ангид байсан.

-6 нас хүртлээ чи зөвхөн аав ах хоёртойгоо л даам тоглосон юм уу?

-Аавтай, ахтай, бас гаднаас зочин ирэхээр даамаа өрөөд л тоглодог байсан.

-Аав, ээж чинь ямар ажил хийдэг вэ? Бас аниа чинь...

-Миний аавыг Пүрэвдаш гэдэг,  ШУТИС-ийн багш. Ээжийг Амарбаясгалан гэдэг, монгол хэл уран зохиолын багш. Аниа маань оюутан.

-Агаа чинь одоо даам тоглодог уу?

-Тоглодог, даамны спортын 2-р зэрэгтэй.

-Чи Дэлхийн даамны холбооны дэд мастер болсон юм байна, энэ том цол уу?

-Даамны хувьд бол дээрээсээ дөрөв дэх цол. Тивийн аваргад түрүүлэхээр өгдөг юм билээ.

-Манайд ер нь Дэлхийн даамны холбооны дэд мастер олон бий юу?

-Энэ тийм олон биш. Азийн тэмцээнд очоод зууны буудалт даамны үндсэн төрөлд түрүүлэхэд өгдөг цол. Өнгөрсөн жил Азийн даамны аварга шалгаруулах тэмцээн манай улсад болоод манайхан олон хүүхэд түрүүлсэн болохоор ийм цол олон авсан. Тэгэхэд зарим насанд л гадаад хүүхдүүд түрүүлсэн.

-Түрүү жил чи бас Азийн аваргад түрүүлсэн үү?

-Үгүй, би түрүүлж чадаагүй. 2014 онд бүх төрөлд түрүүлж байсан.

-Энэ жил Азийн аварга болоход гол өрсөлдөгч чинь аль улсын хэн гэдэг тамирчин байв?

- 100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Хятад, Узбекстан, Казакстан, Кувейт, Япон, Туркменстан зэрэг арваад орны тамирчид оролцсон. Миний буюу U11 насны ангилалд Казакстан, Узбекстан, Монголын нийт 10 тамирчид өрсөлдсөн. 100 буудалт даамны үндсэн төрөлдөө аваргын төлөө Узбекстаны тамирчин Лазизтай тоглосон. Лазиз гэж Азийн аваргаас 10 алтан медаль авсан хүүхэд байдаг.

 

П.Эрхэмбилэг Узбекстаны тамирчин Муралиев Лазиз, Урмоналиев Озодбек нартай

-Чи өмнө нь Лазизтай тоглож байсан уу?

-Тоглож байсан. Өмнө жил манайд болсон Азийн аваргын тэмцээнээр тоглоод хожигдсон. Тэр зүгээр л надад аймаар цохилт хийсэн...

-Хээх, чи тэр Лазизаас бүр айсан байсан юм биш үү?

-...../Инээв/.

-Одоо ч айсан хэвээрээ юм биш үү?

-Азийн аваргын 10 алтан медальтай хүүхэд ш дээ. Айх ч юу байхав. Гэхдээ л нөгөөдөх чинь 10 алттай гэж бодохоор л сүрдчих гээд л. Яг дэлхийн аваргатай тоглож байгаа юм шиг санагдаад л. Тэгээд нэг мэдсэн чинь хожсон ш дээ.

-Азаар хожсон юм уу?

-Мэдэхгүй. Гэхдээ 5 төрөл дээр бүгдэд нь тоглосон. 4 хожоод 1 хожигдсон.

 

2017 Азий тивийн АШТ-д оролцсон хүүхдүүд

-Чи их мундаг тоглосон юм байна ш дээ, 4 хожихдоо ч айдас чинь байгаад л байсан гэж үү?

-Одоо бол гайгүй болсоон. /инээв/ Анх хараад ердөө сүрдэж байсан.

-Өөр хүүхдэд хожигдсон уу?

-Багийн аварга шалгаруулах тэмцээнийг оруулаад нийт 34 өрөг тоглохдоо 4 удаа л хожигдсон.

-Зургаан настайдаа тэмцээнд түрүүлээд л даам тоглоод явсан юм байна, тийм үү. Өөр спортоор хичээллэж үзэж байв уу?

-Нэг удаа шатрын дугуйланд очиж үзсэн юм. Тэгсэн чинь хэцүү санагдаад. Тэр үед би жаахан, нэгдүгээр ангид байсан юм. Аймаар удаан суудаг юм шиг санагдаад... Орой аав ээж хоёр “За ямар байсан, цаашаа тоглох уу” гэхээр нь  шууд үгүй гэсэн.Тэрнээс хойш зүгээр л шатрын нүүдэл мэддэг болсон. Нэг цохилт гэх юм уу даа. Гараан дээр шууд хождог ганцхан арга л нэг ахаас сурсан юм. Манай даамаар бол гарааны комбинаци юм даа.

-Чи дааман дээр хэр их комбинаци хийх вэ?

-Тэмцээн болгон дээр зайлшгүй нэг комбинаци хийнэ ш дээ.

-Шатар даам хоёр адилхан л суудаг биз дээ?

-Шатар 5-6 цаг суудаг байхгүй юу.

-Тэгвэл даам?

-Даам бол хамгийн ихдээ л 4 цаг сууна.

-Тав дөрөв хоёрын хооронд онцын ялгаа байна уу?

-Нэг цаг гэдэг чинь их ш дээ.

-Чи өөрөө даамандаа илүү дуртай болохоор тэгж санагдаад байгаа юм биш үү?

-Тийм ч байж болох юм.  Гэхдээ нэг л очсон, дөнгөж сурч байгаа болохоор шатар дээр бүх хүүхдэд хожигдоод байсан. Тэр дугуйлан дээр бараг 4-5 цаг байсан байх аа. Даамны тухайд жил хагас аавтайгаа тоглосон. Аав одоо хоёулаа тэмцээнд ороод үзэх үү гээд.. Тэгээд л шууд түрүүлсэн. Гэхдээ даамны тэмцээнд бодлогын уралдаан гэж байдаг. Тэрэн дээр нь бодлого бодож чадахгүй. Бусад хүүхдүүд “Би бодлого бодож чадна аа” гээд л жаахан онгироо байсан. Тэр бодлогын уралдаанд би хамгийн сүүлийн байранд орсон байх аа. /инээв/

-Чи ямар ганган юм бэ?

-Цагийг Азийн аварга болоод ирэхэд аав бэлэглэсэн юм.

-Бугуйн зүүлтийг чинь хэлээд байна л даа?

-Узбекстанаас ээж авч өгсөн юм. Бурхны нүд, гар гэдэг..

-Ямар ид шидтэй вэ?

-Ээж л сая Ташкентаас авч өгсөн юм. Зүгээр үзэмжтэй гоё л харагдуулна. Ирсэн чинь аниа бурхны гар гээд тайлбарлаж өгсөн.

-Чи тэгээд тайлбарлаж өгснийг нь ойлгоогүй юм уу?

-Үгүй, ойлгосон. Муу юм бүхнээс хамгаалдаг юм шиг байна лээ.

-Чи сургуульдаа бол “од” уу?

-Сургуулийн шилдэг 10 хүүхдийн зурган дотор байдаг.

-Тэмцээн бэлтгэл гээд хичээл завсардах үе байдаг уу. Ер нь хэр сурлагатай вэ?

-Мэдээж заримдаа чөлөө авна. Гэхдээ багш нар надад сайн байдаг, магтдаг.

Би ч хичээлээ сайн хийхийг хичээдэг. Сая “Кенгуру” олон улсын математикийн олимпиадад ороод 88 оноогоор 2-р зэргийн диплом авсан. 

-Тооны хичээлд сайн юм байна. Харин бусад хичээлдээ ямар вэ?

-Зураг технологидоо л жаахан тааруу, бусад хичээлдээ гайгүй ээ.

-Яагаад зурагт муу юм бэ?

-Мэдэхгүй ээ. /инээв/

-Чи том болоод ямар ажил хийх вэ?

-Ер нь сайн шийдээгүй байгаа. Гэхдээ би жүжигчин болно.

-Яагаад жүжигчин гэж?

-Зүгээр л жүжигчин болмоор байдаг.

-Даамны аварга жүжигчин өөр байдаг болов уу?

-Мэдэхгүй.

-Тэгэхээр чи дуулдаг байх нь тийм үү. Ямар авьяастай вэ ?

-Үгүй, гоцлол дуу дуулж үзсэн сайн болохгүй байсан. Би шүлэг уншдаг. Сургуулийн концертын бас шинэ жилийн хөтлөгч хийдэг.

-Тийм үү. Даам тоглоно, хөтлөгч хийнэ, энэ олон ажлыг яаж амжуулдаг вэ?

-Мэдэхгүй. Болоод л байдаг юм.

-Жүжгийн дугуйланд явдаг юм уу?

-Үгүй, би даамнаас өөр дугуйланд явдаггүй. Шүлэг унших, хөтлөх бол миний сонирхол.

-Жүжигчид чинь бүх төрлийн авьяастай байдаг биш үү. Дуулна бүжиглэнэ, бүгдийг чадах уу?

-Бүжиглэхийн хувьд бол байхгүй ш дээ. /Ээж нь хажуугаас “Миний хүү багадаа чөлөөт бүжиг бүжиглэдэг байсан” гэв/

-Урлагийн хүүхэд хөдөлгөөнтэй сэргэлэн, харин шатар, даамны хүүхдүүд их суудаг суурьтай байдаг гэж хүмүүс ойлгодог. Тэгэхээр хүсэл байдал хоёр чинь зөрчилдөх биш үү?

-Би түрүү жилээс л тогтвортой сууж сурч байгаа. Сая Азийн даамны аварга дээр 2 тоглолтон дээр хоёр удаа  2 цаг хагас суусан. Гэхдээ даам чинь цагтай тоглож болдог байхгүй юу. Хожиж явж байсан ч цаг нь болчихвол хожигдоно. Хамгийн хурдандаа 10 минут тоглоно ш дээ. 2014 онд би улсын аваргад орсон.Сайн тоглодог, Увсын хоёр ихэр хүүхэд байдаг. Тэр 2 хүүхэд бүр цаг хагас суугаад би хожигдсон ш дээ. Одоо бол сууж сурч л  байгаа.

-Чи өөр юунд дуртай вэ?

-Ном унших

-Хамгийн сүүлд уншсан ном чинь...?

-Робинзон Крузо. Шагнал дагаж ирдэг дугтуйтай мөнгөний дээжээс нь эхлээд заавал ном авдаг. Үлгэр зохиолын, танин мэдэхүйн 20 номыг шагналынхаа мөнгөөр авсан. Сая Азийн аваргад түрүүлэхэд мөнгө өгөөгүй. Гэхдээ хүмүүсийн мялаалганы мөнгөнөөс “Сурагчийн нэвтэрхий толь” гээд бүхий л зүйлсийн талаар өгүүлсэн ном авсан.

-Чи ямар номонд дуртай вэ?

-Адал явдалтай.

-Дэлхийн хэдэн улсаар явж үзсэн бэ?

-Яг газар дээр нь гишгэж үзсэн гэвэл 4 улс байна. Узбекстан, Орос, Солонгос, Тайланд. Оросоор дайраад Ташкент явсан. Сөүлээр дайраад Тайланд явсан. 2014 онд анх Азийн аваргад Тайланд руу явсан. Тэндээс 3 алтан медаль авсан. 2016 онд Азийн аварга Монголд болоход медаль авч чадаагүй.

-Медаль авч чадахгүй болохоороо яадаг вэ, шартай юу?

-Яадаг ч үгүй /нүдээ анив/

-Уйлдаг юм биш үү?

-Үгүй

-Тэгвэл яагаад нүдээ аниад байгаа юм?

-...

 

2017 оны Ази тивийн АШТ-ний шагналууд

-Медаль авахаараа яах вэ. Азийн аварга болно гэдэг том амжилт ш дээ?

-Баярладаг. Олон улсад алдаршиж байгаа гэсэн үг л дээ.

-Чи жүжигчин болчихвол даамаа орхих уу?

-Үгүй, би дааманд үнэхээр дуртай.

-Тэгвэл даамны спортоороо явбал яадаг юм бэ?

-Жүжигчин л болмоор байгаа. Гэхдээ бас сайн шийдээгүй ээ.

-Яг хэн шиг жүжигчин болохыг хүсдэг вэ?

-Бархүү.

-Яагаад Бархүү гэж. “Яг түүн шиг” үзээд байгаа юм уу.

-Тийм.

-Гадаадад анх удаа явсан чинь ямар байсан бэ?

-Их сонин юм байна лээ. Гэрээс холдчихоор.

-Яг ямар сэтгэгдэл төрсөн бэ. Гоё санагдаагүй юу?

-гоё байсан. Онгоцонд тоглох бас хоол нь  гээд ...

-Хэнтэй явсан юм бэ?

-Хамгийн эхлээд Тайланд явахдаа аавтайгаа явсан. Сая Ташкент руу ээжтэйгээ.

Ээжтэйгээ Улаанталбайд

-Ганцаараа явбал яах вэ?

-Гоё ш дээ.

-Яагаад гоё гэж..?

-Эрх чөлөөтэй. /инээв/

-Аан, чи дүрсгүй юм байна, тийм ээ?

-Үгүй.

-Чи ер нь гэртээ юу хийдэг вэ?

-Ээж ээ, цагаа хар даа.

-Та хоёр ажилтай юм уу?

-Хичээлийн цаг нь боллоо гэж хэлж байгаам гэж ээж нь хэлэв.

-Одоо удахгүй ярилцлага дууслаа.

-Манай энэ маш хариуцлагатай, цаг барина гэж жигтэйхэн гэж ээж нь тайлбарлав.

-Гэртээ юу хийдэг вэ?

-Даам тоглоно, агаатай сагс тоглоно, бас өглөө гэрээ цэвэрлэнэ, дүүгээ харна.

-Ямар ажилсаг юм бэ. Хичээлдээ бас их үнэнч юм байна, тийм үү?

-Тийм. Би 3 жил ангийн дарга хийж байгаа, бас бага ангийн сурагчдын зөвлөлийн дарга. Тийм болохоор хариуцлагатай байх ёстой биз дээ.

-Даамны багш нарынхаа тухай яриач?

-Дэлхийн даамны холбооны мастер Хашчулуун багшаар ганцаарчилсан хичээл заалгадаг. Бас Шавь цогцолборын Нармандах багштайгаа хичээллэдэг.

-Даам хэцүү юу?

-Дунд зэрэг л. Тийм ч хэцүү биш ээ.

-Даам чамд ямар чадвар суулгасан бэ?

-Тэвчээртэй, хүлээцтэй.

-Чи хүлээцтэй байж чадах уу. Түрүүнээс хойш л ердөө ч суусангүй, энүүгээр хөлхлөө?

-Чадна ш дээ. Хүлээцтэй байх цагтаа хүлээцтэй байна.

-Чи яагаад бусад хүүхдээс илүү даам тоглодог юм бол. Шалтгаан нь юунд байна гэж боддог вэ?

-Мэдэхгүй. Даам тогломоор л санагдаад байдаг юм.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Мягмар, Пүрэв гаригт Хашчулуун багштайгаа 2 цаг хичээллэдэг. Гэртээ өдөр бүр нэг цаг тоглодог. Бас Нармандах багшийнхаа дугуйланд очдог.

-Даамны хувьд чиний мөрөөдөл юу вэ?

-Дэлхийн аварга болох.

-Манай Монголд даамны дэлхийн аварга хэд байдаг вэ?

-Дэлхийн аварга хоёр хүн бий. 2007 онд Г.Гэрэлболд ах, 2016 онд Шийрэвжамц ах дэлхийн аварга болсон. Хүүхдийн хувьд хамгийн дээд нас нь 16 байдаг. 

-Чи бол 16 хүрэхдээ л дэлхийн аварга болчих санаатай юу?

-Тийм.

-Тэгээд цаашдаа тоглох уу?

-Даам бол найман настай хүүхдээс 80 нас хүртлээ тоглож болдог нас харгалздаггүй спорт. Тийм болохоор байнга тоглоно гэж боддог.

-Гадаадад тэмцээнд явахад зардлаа яадаг юм бэ?

-Аав ээж л зохицуулдаг. Бас ангийнхан, ах, эгч нар дэмждэг. Улсаас мөнгө өгдөггүй болохоор өөр арга байхгүй. Хятадад мужаас нь даадаг гэсэн. Гэхдээ медаль авч ирэхгүй бол хариуцлага тооцдог гэсэн байхаа. Харин Азийн аваргаас хүүхэд алт авбал Олимпийн аваргатай тэнцэх хэмжээний шагнал өгдөг гэсэн.

-Хятадын энэ систем чамд таалагддаг юм байна, тийм үү?

-Үгүй, зүгээр сая тэмцээнд оролцохдоо л энэ тухай өвөрмонгол хүүхдээс сонссон юм. Таалагддаггүй юм байна аа...

-Чи даамныхаа ямар төрөлд илүү дуртай вэ?

-Блиц.

-Хурдан тоглох дуртай юм байна, тийм үү?

-Тийм. Нээрээ би клубтээ хочтой ш дээ.

-Тэрийгээ нуулгүй хэлж болох уу?

-Салхин сэнс. Аймаар хурдан тоглодог гээд.../инээв/

-Хэ хэ, чи суухдаа муу байх, тийм үү?

-Үгүй. Сууж сурахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол нөгөө хүмүүс давуу болоод илүү цохилт өгдөг. Сууж сураад хурдан тоглож чаддаг, удаан тоглож чаддаг байх хэрэгтэй.

Тэмцээнд орохоороо яав гэмээр өөр болчихдог юм гэж ээж нь хажуугаас хэлэв.

 

100 буудалт даамны үндсэн төрөлд алт авч байгаа нь

-Шатар даамны хүүхдүүд ханиад хүрч болдоггүй гэдэг, биеэ яаж бэлддэг вэ?

-Нэг эм байдаг, тэрийг хоёр дахиад уучихдаг. Шинж тэмдэг илэрвэл шууд эм уугаад зүгээр болгодог. Тэгэхгүй бол болохгүй. Хоолоо сайн иддэг. Спортоор хичээллэдэг. Хөлбөмбөг, сагс, ширээний теннис тоглодог.

-Чи шартай юу?

-Үгүй.

-Тамирчин хүн шаргүй байж болдог юм уу?

-... /инээв/.

-Шартай л юм байна даа, шар хөдлөхөөр чи яадаг вэ?

-Дахиад л биччихдэг ш дээ.

-Юм бичих тухай биш, даам тоглох тухай асууж байна л даа?

-Дараа заавал хожно доо гэж л боддог.

-Ангийн чинь хүүхдүүд чамтай яаж харилцдаг вэ?

-Хүндэтгэлтэй.

-Хүндэтгэлтэй гэхээр яах вэ, орж ирэхээр чинь ёслох уу?

-/Инээв./ Ангийн хүүхдүүд бүгдээрээ надтай сайхан харилцдаг. Заримдаа медалиа торонд хийчих бариад үзье гэдэг.

-Чи хэр олон медальтай вэ?

-50 арай хүрэхгүй.

-Олон улсын хэдэн медальтай вэ?

-8 медальтай. Азийн аваргын 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл.

-Сая Азийн аваргад явахдаа чи шүтдэг тамирчинтайгаа таарсан юм уу?

-Тийм, ёстой гоё юм болсон. Дэлхийн 10 удаагийн аварга, Оросын тамирчин Алексей Чижовтой нэг ширээнд хамт сууж хоол идэж таарсан, бас зургаа хамт авахуулсан. Одоо Хятадын тамирчдын дасгалжуулагч хийж байгаа юм билээ.Бас би сая ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн ш дээ, эгч ээ.

 

Дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижовтой

-За ямар мөрөөдөл билээ?

-Ээж маань багадаа дандаа орос хүмүүстэй байшинд амьдардаг байсан гэсэн. Ганцхан монгол айл нь байсан гэсэн. Тийм болохоор Орост очиж Улаан талбайг үзэхийг мөрөөддөг байсан. Тэгээд сая тэмцээнд явахад Москвагаар дайрч энэ мөрөөдлийг нь биелүүлсэн. /Тэр дахиад л цагаа харав/

-Сая Азийн аваргад манай баг ер нь хэр амжилттай оролцсон бэ. Энэ асуултаар ярилцлагаа өндөрлөе дөө.

-Азийн аваргад манайхаас нийт 24 тамирчин оролцсон. Үүний 12 нь 8-16 насны хүүхэд байсан. Тэмцээнд оролцсон бараг бүх хүүхдүүд медаль авсан. Медалийн чансаагаар 10 орноос манайх 3-р байрт орсон. Харин багийн аварга шалгаруулах блиц тэмцээнд манай тамирчид 2-р байрт орсон. Нийтдээ 13 алт, 13 мөнгө, 8 хүрэл авсан.

-Азийн аварга болсон юм чинь Дэлхийн аваргад оролцоно тийм үү, хэзээ явах билээ?

-Дэлхийн аваргын эрх авсан. 10 сард болно. Сайн бэлтгэж байгаад Дэлхийн аваргын төлөө тоглоно л гэж бодож байгаа.

-За мундаг эр минь, Дэлхийн аварга болоорой гэж ерөөе.

А.Баярмаа