MAH дотор Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг унагасан буруутныг хайх “аян” үргэлжилсээр байгаа.  Яг өнөөдрийн байдлаар намаа ялагдуулсан эзнийг олж тогтоох “Деррик”-ээр Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар ажиллаж байна.

 

Тэрээр “...МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь 60 тэрбумын бичлэгээс болоогүй. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хариуцлага алдсанаас болсон” гэж мэдэгдсэн. Улмаар өчигдөр намынхаа төв байрны үүдэнд суулт зарласан. Гэтэл суултад оролцож байгаа бусад гишүүд нь болохоор 60 тэрбумын эсрэг сууж байна гэж байгаа юм.

 

Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар явсаар Д.Амарбаясгалан биш 60 тэрбумын бичлэг л намыг нь ялагдуулсан байна гэж үзсэн бололтой юм. Ийм л явдал болж байна.

 

Гэхдээ М.Ганбаатар гэнэт гарч ирж мэдэгдэл хийхдээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан огцрох ёстой гэж байсан. Тэрээр генсек Д. Амарбаясгаланг 60 тэрбумын бичлэгийг алдчихлаа гэж хэлэх гээд байв уу. Аль эсвэл энэ бичлэгийг булзааруулан дарж чадсангүй гэх гээд байна уу. Юутай ч генсек рүүгээ тун шулуухан дайрч эхэлсэн.

 

Эх сурвалжуудын мэдээлэл, баримт сэлтээс харахад, МАН-ын Сонгуулийн штабыг С.Баяр удирдсан байдаг. Харин Сонгуулийн штабын дэд даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, менежерээр нь намын генсек Д.Амарбаясгалан ажиллажээ. Хариуцлага ярих гэвэл Элчин сайд С.Баяр, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар эхлээд албан тушаалаасаа буух хэрэгтэй болж байгаа юм.

 

Түүнчлэн нэгэн хачирхалтай явдал болоод байгаа, энэ намд. 60 тэрбумын бичлэгийн гол “дүр”-үүдийн нэг нь МАН-ын дарга М.Энхболд өөрөө байдаг. Гэтэл хойд талын хар овоохой болсон өнөөх Ц.Сандуй л яригдахаас М.Энхболдын тухай дурсаж байгаа хүн алга. М.Энхболд даргын яриа тэр бичлэгт гардаг уу, гардаг. Ийм байтал намынхаа ялагдлын буруутныг түүнийг тойроод л хайгаад байгаа нь асар хачирхалтай хэрэг.

 

Түүнчлэн алдарт Концессын гэрээнүүдийг нууцаар хийсэн, долоон төрлийн татвар нэмсэн гээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газрын энэ ялагдалд оруулсан хувь нэмэр тун чиг их юм.

 

Энэ мэтчилэн МАН-ын ялагдлын шалтгаан, үндэс суурь зөндөө л байгаа харагдана.

 

Яг үнэндээ МАН энэ хүнд байдлаас гарах ганц л гарц бий. Тэр нь МАН-ын дарга, генсек, Удирдах зөвлөл, бас Засгийн газар тэр чигээрээ огцрох ёстой. Эс тэгвээс энэ нам эргэж эвлэхгүйгээр задрах нөхцөл хэдийнээ үүссэнийг судлаачид ажиглагчид хэлж байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин