Иргэдийн аминд хүрэх шахсан "Пума Империал" зочид буудлын лифтний аюулгүй байдлын дүгнэлт гарч, акт гаргав
2017/08/04
Наймдугаар сарын 1ний 15 цаг 40 минутын орчим Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн байртай залгаа "Пума Империал" зочид буудлын шинэ өргөтгөлийн байрны 17 давхараас буусан цахилгаан шат доош унан хүний аминд хүрэх эрсдэлтэй осол гарсан билээ.
Энэхүү ослын үеэр цахилгаан шатанд найман хүн зорчин явсан бөгөөд тэдний зарим нь хөнгөн гэмтэл авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ мэдээллийг хүргэсний дараа тус зочид буудлын газраас нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн ажилтан нь манай редакци руу 319146 гэсэн дугаараас залган хэн нэгний захиалгаар мэдээлэл гаргалаа гэх мэтээр бидний мэдээлэл хийх эрхэнд халдан доромжилсон утгаар ярьж байсан. Бидний хувьд цагдаагийн байгууллагад ирсэн мэдээлэлд тулгуурлан иргэдийн амь нас хохирох эрсдэлтэй ослын талаар мэдээлэл хүргэсэн болно. Гэтэл тус байгууллага өөрсдийгөө хамгаалан захиалгаар төлбөртэй мэдээлэл гаргасан хэмээн манай байгууллагыг гүтгэн доромжилж байснаас гадна цахилгаан шатанд суусан хүмүүс чинь угаасаа жингийн илүүдэлтэй л хүмүүс өөрсдөө чихэж суусан тэгээд ч энд тийм аймаар осол гараагүй ирж хараач гэх мэтээр аашилж байсан билээ.
Тэгвэл өчигдөр тус зочид буудалд болсон хэргийн шалгалтын дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна. Энэхүү дүгнэлтээр лифт зогсолтын түвшин хэтэрч зөөлөн тулгуур дээр буусан гэж дүгнэлтэнд дурдсан байгаа ч лифтээр зорчиж байгаад хүчтэй унаж гэмтсэн гэдгийг хохирогчдийн биеийн байдалд хийсэн эмчийн дүгнэлт нотолдог юм.
Өөрөөр хэлбэл, лифт маш хүчтэй унаснаас болж тархины доргилт зөөлөн эдийн битүү гэмтэлд хүрсэн хэмээн өвчтөний түүхэд бичигдсэн байдаг юм. Ямартай ч эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн актыг товч танилцуулвал:
Шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:
1. Лифтийн ашиглалт хариуцагчийг томилоогүй нь "Лифтний төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 27.13 дахь заалтыг
2. Лифтний тэнцвэржүүлэгч гинжийг хийгээгүй байгаа нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 29.7 дахь заалтыг
3. Лифтүүдийн цахилгааны үндсэн тэжээлийг нэг дамжуулагчаас салаалсан нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 18.2 дахь заалтыг
4. Лифтийн оролтын төхөөрөмжинд байрлах цахилгаан утасны үзүүрийг нягтруулагчаар холбоогүй нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 22.2 дахь заалтыг
Иймд Монгол Улсын "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалт "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 29.34 дэх заалтыг тус тус үндэслэн АКТ тогтоожээ.
Ингэснээр тус газрын цахилгаан шатыг энэ сарын 1-нээс эхлэн илэрсэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.
АНХ ДОЛООН ДАВХАР ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАЙСАН Ч ЯАГААД 17 ДАВХАР ЗОЧИД БУУДАЛ БОЛОВ
Анх долоон давхар хичээлийн байрны өргөтгөл барина гэж зөвшөөрөл авчихаад 17 давхар болгосон. Ингэхдээ дан тоосгоор барьсан байдаг. Барилгын тэнхлэг хазгай суулт өгөх, цаашлаад барилга нурах аюултай талаар ч хэл ам бишгүй гарч байв. Дээр нь улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тухайлбал, дэлхийн жишигт парламентын ордныхоо хажууд түүнээс дээш өндөртэй барилга байшин бариулдаггүй атал уг барилга дүрэм, журмыг зөрчин Төрийн ордонтой хаяа нийлэн ийнхүү сүндэрлэсэн.
Хууль дүрэм зөрчлөө гэдгийг холбогдох газрууд хэлж байсан ч тэр нь хэрэгжээгүй. Яагаад, ямар учраас гэдэг нь одоо ч учир битүүлэг, хэн гэдэг даргын тушаал, шийдвэр байсан нь бүү мэд. Ямартай ч барилгын ажил явдгаараа явсаар ашиглалтад орж тууз хайчлахдаа хичээлийн байрны өргөтгөл биш “Пума” зочид буудлын байр болж “хувирсан” нь олон нийтэд ил болсон. Тэгтэл тухайн үед мэргэжлийн байгууллагуудын шаардлага, хууль дүрмийг дагаагүйн гор өнөөдөр ийнхүү гарч уг барилга тараа таниулж эхэллээ.
Барилгын ажлын явцад гэхэд л Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэдэг нэртэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай болчихсон. Анх зураг гаргасан зохиогчийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучилтад төмөр гагнаад, тоосгоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Ийм шийдэл ерөөсөө байдаггүй. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шинжилгээгээр тогтоолго, зураг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир хэмээн “Пума” компани, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хоёуланд нь 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч 17 давхар болж сүндэрлэтлээ Мэргэжлийн хяналтынхныг тоогоогүй. Энэ удаа цахилгаан шат нь 4-5 давхраас унасан тул хүмүүс хүнд, хөнгөн бэртээд өнгөрч. Хэрэв 17 давхраас унасан бол сууж явсан хүмүүсийн амь насыг хэн хариуцах байсан бол. Чанаргүй, барилгын хууль дүрмийг зөрчсөн барилга ганц “Пума” зочид буудлын энэ байр ч биш, нийслэлд хаа сайгүй ийм барилга, байшин баригдаж байгаа нь нууц биш. Тэдэнд “Пума”-гийн жишиг том сургамж, бас нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлэг болог. Мэргэжлийн хяналтынхан энэ байдлыг газар авахуулалгүй зогсоогоосой.
иргэн · 2017/08/06
Бие томтой буюу тарга тэвээрэг сайтай хүн лифтэнд осолдвол хохь чинь,тарган учраас үхэжээ гэх нь,ийм нэг хүн дүрстэй адгуус,хоолны савнуудыг зүгээр л үхтэл нь нүдчихэж байгаач,хууль бус юм ярьдаг улстай хууль бусаар л харьцахгүй бол болохгүй цаг иржээ:
Zochin · 2017/08/05
20 ba tuunees eesh ashiglasan liftuud oron suutsnuudad ikh baigaa, mergejliin hyanalt shalgaj hyanadag bolob uu, mungegui uil ajillagaagaa erhelj chdahgui shaham SEH-d lift-iin ayulgui ajillagaag hariutsuulsan baigaa ny bidnii ami nas deesen dereen deer ender ersdeltei baigaag haruulj baina. Er ny niitiin ezemshliin gazruud busdiin ami nas,eruul mendiin emne huleeh hariutslagiin daatgald zaaval daatgagdsan baij uil ajillagaa erhleh estoi. Ene hariutslagiin togtoltsoo alban jurmiin bish, sain duriin undsen deer uchraas Mongolchuudiin ami nas yamarch batalgaagui baigaa yum
Зочин · 2017/08/04
энэ утасны дугаараар нь хайхаар ийм мэдээлэл гарч байхы. https://www.facebook.com/436794823102721/posts/683263318455869
иргэн · 2017/08/04
Орон сууцнуудын лифтний аюулгүй ажиллагааг сайн шалгаж ашиглалтад оруулж байх тал дээр Мэргэжлийн хяналтын газрууд сайн ажиллах хэрэгтэй шүү дээ.Өчнөөн жил болсон орон сууцнуудын лифт яаж ч ажиллаж байдаг юм бүү мэд.Айчихлаа