Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж, гишүүдийн 52.9 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Тодруулбал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 19 гишүүний 17 нь хуралдаанд оролцож,  ес нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ ес бол УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Лүндээжанцан, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Ундармаа, Н.Энхболд, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ж.Мөнхбат нар байв.  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат : "60 тэрбумын гэх асуудлаар би өөрийн байр сууриа хэлсэн. Хэрвээ би хэн нэг хүнээс нэг төгрөг авч албан тушаалд томилсон байх юм бол өнөөдөр  огцроход бэлэн байна . 800 тэрбумын концессын асуудал гэж ярьж байна. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас асуусан нь дээр байх. Манай Засгийн газар хоёр л концесс байгуулсан. Нэг нь Дорноговийн автозам, нөгөө нь Хан-Уул дүүрэгт 300 ортой хүүхдийн эмнэлэг барих концесс. Энэ эмнэлэг дутуу баригдчихсан, үүнийг дуусгах л гэрээ байсан юм. Үлдсэн бусад бүх концесс нь өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан. Бид мөнгөн дүнг нь багасгаж, төлөх хугацааг нь уртасгаснаар нийтдээ 50 тэрбум төгрөг зургаан концессоос хэмнэсэн. Ийм үйл ажиллагаа явсныг сүүлд гарсан хуулийн үндэслэлээр өмнө нь гарсан шийдвэрийг зөрчсөн гээд тавьчихсан байгаа юм.  Хууль хүчний байгууллагын асуудал хөндөж байна. Сошиал орчинд маш их маргаан дагуулсан, шүүх хяналтын байгууллагад байнга шаардсан ийм л асуудал явж байгаа. Тэрнээс Засгийн газар болон Ж.Эрдэнэбат миний зүгээс зохион байгуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” хэмээсэн юм.

 

 УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-ын Улс Төрийн Зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, Ерөнхий сайдыг огцруулах санал өгөх учиртай байсан ч байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй. Түүнд М.Энхболд ахынхаа "тоглоомын Ерөнхий Сайд"-ыг огцруулах кноп дарах зүрх зориг байгаагүй тул зугтсан гэж эх сурвалжууд өгүүлж буй юм. Гэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр ийн гарсан нь эцсийн шийдвэрт ямар ч нөлөөгүй гэдэг нь тодорхой юм. Учир нь УИХ- дахь МАН-ын бүлгийн 31 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан бөгөөд үүн дээр хэдийгээр гарын үсгээ зураагүй боловч УИХ-н гишүүн Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон. Дээрх УИХ дахь МАН-ын бүлгийн 33 гишүүн, Б.Наранхүүг тооцохгүйгээр УИХ дахь АН-ын бүлгийн найман гишүүний дэмжлэгийг авснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Засгийн газар огцрох санал дийлэнхи олонхийн санал авах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газарт долоо хоног орчмын нас л үлджээ гэсэн үг. Ийнхүү Шадар Сайд У.Хүрэлсүхийн "цахилгаан дайн"-ы төлөвлөгөө хэрэгжиж, Засгийн Газар огцорсон нь түүний МАН-ын дарга, Ерөнхий сайд болох мөрөөдөл биелнэ гэсэн үг хараахан биш. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргаар ажиллаж байгаа цагтаа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг яагаад ч дэмжихгүй гэж шийдсэн тухай эх сурвалжууд sonin.mn-д өгүүлж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эрх баригч нам, түүний удирдах дээд байгууллага ба УИХ дахь намын бүлэг нь л албан ёсоор нэр дэвшүүлэх учиртай. Иймээс ч М.Энхболд МАН-ыг удирдаж, түүний баг намынхаа Удирдах Зөвлөлийн дийлэнхи олонхийг бүрдүүлж, Д.Хаянхирваа УИХ дахь МАН-ын бүлгийг даргалж байгаа тохиолдолд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох нь бүү хэл нэр дэвшиж ч чадахгүй ажээ. Өчигдөр оройноос эхлэн дараагийн Ерөнхий сайд хэн болох тухай хэлэлцээр албан ёсоор МАН-ын фракциудын түвшинд эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд, Хууль зүй, Дотоод Хэргийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэрс хамгийн түрүүнд яригдаж эхэлсэн байна.

 

Э.Мягмар

sonin.mn