Багш нарын  цалингийн доод хэмжээг  1.6 сая төгрөг болгох  шаардлагыг Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос гаргасан. Шаардлагын дагуу энэ сарын 21-ны өдөр багш нар ажил хаясан. Өнөөдөр мөн ажил хаяж байна.

Одоогийн байдлаар Ерөнхий боловсролын 2, 6, 12, 13, 14, 22, 23, 24, 37, 40, 43, 44, 47, 52, 73, 77, 78, 84, 97, 111, 113-р сургуулиуд ажил хаяж байна.

Мөн 30, 52,  135 зэрэг цэцэрлэгүүд ажил хаяж байна.  

Багш нарын хувьд ажил хаяхдаа сурагчдын эцэг эхэд өнөөдөр ажил хаях тул эрсдэлээс сэргийлэхийг захиж байсан. Энэ бол сануулах ажил хаялт юм. Хэрвээ багш нарын шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаях юм байна.

Багш нарын хувьд дийлэнх нь цалингийн зээлтэй, ажлын ачаалал ихтэй. Цалин нь хаанаа ч хүрдэггүй тул ийнхүү цалин нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа юм. Энэ зун л гэхэл багш нар Солонгос явж ажил хийсэн. Үндсэн цалин, нэмэгдэлтэйгээ нийлээд сард  600 000 төгрөг авч байгаагаа учирлаж байсан.

Хэрвээ багш нарын цалинг нэмэхгүй бол  ирэх сарын 10-аас хугацаагүй ажил хаях юм. Тодруулбал, ЕБС, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч үе шаттай 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авсангүй. Ийнхүү багш нар сануулах ажил хаяж, хүүхдүүдэд амралт олгож байгаа юм.

Багш нарын Засгийн газарт тавьж буй шаардлагад:

  1. Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг, 2017 оны есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх

  2. Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх

  3. Боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3,500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн гурван заалт орж байгаа.  

 

Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа: "ЗГХЭГ-аас Сангийн яаманд өгсөн үүргийн дагуу цалингийн асуудлыг судалж байна. Гэхдээ ОУВС-тай цалин тэтгэвэр тэтгэмжийг 2019 оныг дуустал нэмэхгүй гэж тохирсон. Гэхдээ Боловсролын салбар бол маш том салбар. Тиймээс нэлээн тооцоо судалгаатай оруулах ёстой" гэсэн юм.