2017 оны төсвийн “тодотгол”, 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2017/09/30
Өчигдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлсэн юм.
2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар ОУВС-ын хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон болно. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг барагдуулах, орон нутгийн болон улсын төсөвт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, шүүхийн шийдвэрийн дагуу иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад олгох төлбөрийг барагдуулах зэрэг цаг үеийн тулгамдсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Эдгээр нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ байх бөгөөд дараагийн төсвийн жилд зардлын нөлөөлөл үзүүлэхгүй. Мөн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглахаар ОУВС-тай урьдчилан тохиролцсоны дагуу төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байна. Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон болно. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах шаардлагатай байна. Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессын төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ийн 0.5 хувиар сайжирч ДНБ- ий -9.9 хувь болж сайжрахаар байгаа гэдгийг хэлсэн юм.
Харин 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд хийгджээ. Тодруулбал,
Төсвийн орлогын чиглэлээр:
1. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын 2 дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ.
2. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ.
Төсвийн зарлагын чиглэлээр:
1. Төсвийн урсгал зардлыг тооцоолохдоо ОУВС-тай тохирсон зарлагын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах, инфляц, валютын ханшны өөрчлөлтөөс нэмэгдэх бараа үйлчилгээний зардлыг төсөвт тусгахаар заасан байна.
Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь болохоор байгаа юм байна.
2018 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ ДНБ-ий 9.5 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьд хүргэн бууруулж, төсвийн тэнцлийг тусгай шаардлагаас ДНБ-ийн 0.9 хувиар сайжруулахаар байгааг хуулийн төслийг санаачлагчид хэлж байлаа.
Зочин · 2017/10/01
Aldagdalguu tosov batleechee. Aldagdal barag terbum dollar baina sh dee.