Улсын хэмжээнд тархины саажилттай болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдаг ганц газар нь Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор юм. Тус цогцолбор нь нэг сартайгаас зургаан настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол, сэргээн засах эмчилгээг давхар үзүүлж байна.

Цогцолборын үндсэн барилга 1964 онд анх ашиглалтад орсон. Харин 2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн дүгнэлтээр шаардлага хангахгүй тухай албан ёсны акт тавигдаж, барилгын үйл ажиллагааг зогсоосон байдаг. Мөн оны есдүгээр сарын 1-нээс БСШУСЯ, ХНХЯ-ны хамтарсан шийдвэрийн дагуу хуучин барилгын суурин дээр шинээр цогцолборын барилга байгууламж баригдаж дуустал “Өнөр бүл” төвийн дэргэдэх 58 дугаар цэцэрлэгийн нэг жигүүрт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар болжээ.

Энэ хугацаанаас хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрч буй ч одоог хүртэл 120 гаруй хүүхэдтэйгээр 58 дугаар цэцэрлэгийн гурван өрөөнд байсаар байна. Уг нь тус цогцолборын барилгын ажлын нэгдсэн төсвийг 5.3 тэрбум төгрөгөөр барихаар 2014 оны нийслэлийн төсөвт суулгасан байжээ. Гэвч Засгийн газраас концессийн гэрээгээр шинэ цогцолборыг барихаар болж барилгын ажил эхэлэхгүй явсаар ирэх оны улсын төсөвт 2.5 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна. Үүнийг эцэргүүцсэн эцэг эхчүүд улсын төсвийг батлахаас өмнө энэ асуудлыг эргэн харахыг шаардаж хүүхдүүдийнхээ хамт өчигдөр жагслаа. Тэд цогцолборын барилгын ажил Яармагийн дэнжид баригдахаар төлөвлөсөн төрөх эмнэлэг шиг зогсонги байдалд орох вий хэмээн эмээж буй гэнэ. Энэ талаар тус цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ цогцолборыг барихаар зураг төслийг хийсэн. Бүх зүйл зөвшөөрөгдөж, барилга барих хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгахаар төлөвлөөд байсан юм. Гэтэл Засгийн газрын тогтоолоор 72 сургууль, цэцэрлэг концессоор барихаар болсон. Олон сургууль, цэцэрлэг болгох гээд манайхыг мөн түүндээ оруулсан байгаа юм. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын тамгын газарт яамнаас мэдэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр байгууллагын уялдаа холбоогүйгээс болоод шинэ барилгын ажил зогсчихсон. Тэгээд одоог хүртэл концессоор ч барьсан юмгүй байна. Тэр 72 сургууль, цэцэрлэг нь ч баригдсан юм алга” гэв.


Угтаа шинэ цогцолбор баригдсан бол хөдөлгөөний бэрхшээлтэй болон тархины саажилттай хүүхдийг 16 нас хүртэл нь хамруулах боломжтой аж. Өнгөрсөн хичээлийн шинэ жилээр 120 хүүхэдтэй байсан бол хөдөө орон нутгаас хүүхдүүд нэмдэгдэж ирсээр 140 гаруй хүүхдийг гуравхан өрөөнд боловсрол олгож, эмчилгээ хийх шаардлагатай болжээ. Үүний цаана цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа. Ингээд бодохоор 10 дугаар цогцолбор  шиг хэд хэдэн цогцолбор манай улсад хэрэгтэй. Тийм байтал улсын төсөвт 280 хүүхдийн ортой энгийн цэцэрлэгийн зардалтай ижил тусгасан нь тус төвийг хаах гэж байна уу гэж болгоомжлоход хүргэж буй талаар цогцолборын эрхлэгч нь хэллээ. 
Тэрбээр “2018 оны улсын төсвийг хартал манай цогцолборыг ердийн цэцэрлэгийн төсөвтэй адил баталсан байна. Баянзүрх дүүрэгт 10 дугаар цэцэрлэг өөр байхгүйг мэднэ. Би энэ байгууллагад 10 жил эрхлэгч хийж байна. 1994 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч байгаа. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулна гэж байхад тухайн үеийн Эрүүл мэндийн сайд “хүүхдийн шар хад байгууллаа” гэж байсан. Одоо нийгэм өөр болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бидэнтэй адил нийгэмд амьдарч болно гэдгийг хүн бүр ойлгодог болчихсон үе. Гэтэл өмнөх үерүүгээ явж байгаа юм шиг болж байна. Энэ төсвөөс харахад 200-280 ортой цэцэрлэгийг 2.5 тэрбум төгрөгөөр барих юм байна. 150-200 бол 1.5 тэрбум, 100 хүртэл ортой бол 1.2 тэрбум төгрөгөөр барихаар тусгасан байна. Энэ дунд манай цэцэрлэгийг 280 хүүхдийн ортой гэж бичсэн байна. Гудамжинд таарсан энгийн иргэн хүртэл “танай цэцэрлэг баригдаж дууссан уу” гэж асууж байна. Тэгэхээр хүн бүр мэдэж байгаа биз. Гэтэл сайд дарга нэр мэдэхгүй байх учиргүй. Аль эсвэл манай байгууллагыг энгийн цэцэрлэг болгох гэж байгаа юм болов уу” гэлээ. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч бусад хүүхдийн адил сурч боловсорч, мэргэжил эзэмших эрхтэй. Гэтэл үүний суурийг тавих, сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, сургуулийнхаа тоог нэмдэггүй юм гэхэд ядаж улсын гэх тодотголтой байгаа ганц газраа авч үлдэхэд анхаармаар юм. Энэ төв энгийн нэг төв биш, энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг эмчилж, сургуулийн өмнөх боловсрол олгодог газар. Тэдэнд олон улсын стандартад нийцсэн эрүүл, аюулгүй орчин хэрэгтэй. Гэтэл эдгээр хүүхдийг дөрвөн жил гаруй шаардлага хангаагүй орчинд байлгачихаад энгийн цэцэрлэг барьж өгөхөөр төлөвлөж суугаа Сангийн яамныхан төсвөө ахин нэг хармаар юм.  

Үндэсний шуудан сонин