Гучин хэдэн оны их хэлмэгдүүлэлтийн айдас түгшүүр нүүрлэсэн тэр харанхуй бурангуй нийгмийн манан будан дунд “Харанхуй хад” хэмээх сонгодог өгүүллэг юугаа бичиж, Эдгар По-гийн “Алтан цох”-ыг орчуулсан их зохиолч Нацагдорж маань монголчууд бидэнд оюуны их өв хөрөнгийг үлдээжээ. “Харанхуй хад” бол зүгээр нэг янаг амрагийн тухай өгүүлсэн адал явдал хөөцөлдсөн эмгэнэлтэй зохиол биш. Гадаадын том гүрний гар хөл болсон Дотоодын хамгаалах яамныхны нугалаа завхрал, хардлага сэрдэлтийн хар сүүдэр айл өрх бүрийг нөмөрч, эцэг эх нь үр хүүхдэдээ үнэнийг хэлж чадахаа байсан тэр үед Нацагдорж маань уран зохиолоор дамжуулан тухайн нийгмийн үнэн царайг ёгт утгаар ард түмэндээ ойлгуулахын тулд энэ зохиолыг бичсэн мэт санагддаг.

Манай авьяаслаг кино найруулагч Бямбаагийн Цогтбаярын бүтээлээс харахад тэр үед Нацагдоржид нөмөр түшиг болох хань нөхөд, хамгаалах хүмүүс цөөхөн байж. Нялх нойтон хүүхэдтэй харийн бүсгүйтэй амьдрах гэж зовж. Түүнд олигтойхон орон сууц байтугай сандал ширээ ч ховорхон байж.

Төрөлхийн халгиж цалгисан их авьяастай тулдаа л зохиол бүтээлээ босон суун өвдгөн дээрээ, морин дэл дээр туурвиж явж. Урлаг, утга зохиолын найз нөхөд байсан ч тэд нь Нацагдоржид далдхануур атаархаж, өөрөөсөө илүү гарчих вий гэсэн атгаг санаа өвөрлөж явсныг бүдэг бадаг боловч кинондоо оруулахыг хичээжээ.

 

Найруулагч киноны гол дурийн жүжигчинг олж муугүй тоглуулж чадсан боловч тангад, хятад таван хэлтэй эрдэмтэн бүсгүй Пагмадуламын хайр сэтгэл, Нацагдоржийг аминаасаа ч илүү хайрласандаа амьтан хүний хар, цагаан хэл ам, атаархал, Дотоод яамны хавчлага мөрдлөгөөс аль болохоор холдуулж хөндийрүүлэхийн тулд, өөрөөр хэлбэл, Нацагдоржийг үхүүлэхгүйн тулд хайр сэтгэлээ золиослон салж явсан гэсэн санааг илүү тод томруун гаргасан сан бол тэр хоёр хүний нэгэн нууц ертөнцөд хөл тавьж болох байсан мэт.

 

Их баривчилгааны он жилүүд Дотоод яамны ногоон малгайтнууд авьяастай алдартай, эрдэмтэй, хөрөнгөтэй өндөр албан тушаалтай, царайлаг сайхан эхнэртэй хүмүүст, ер нь өөрөөсөө илүү хүнд дургүй байсан нь үнэн. Тийм ч учраас хүрээ, хороондоо гайхагдсан сайхан эхнэртэй олон хүмүүс амиа алдсан түүх буй. Түүний нэг нь алдарт жүжигчин Ичинхорлоотой гэр бүл болсон зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн. Уншихад зориулсан зохиол, тайз, дэлгэцийн нүдээр харж чихээр сонсох бүтээл хоёрыг адилтган найруулж болохгүй. Үүний жишээ бол М.Шолоховын “Хүний хувь заяа” өгүүллэг даруй мөн.

 

Иймд найруулагч Б.Цогтбаяр “Харанхуй хад” зохиолын зохиомжийг яг яс мөрдөх биш тэр өгүүллэгээс сэдэвлэн бодит, хийсвэр хийгээд бодол, зүүдний ертөнцийн зааг дээр энэхүү бүтээлийг дэлгэрүүлэн орчин цагийн чөлөөт сэтгэлгээний аргаар яльгүй модерн хэлбэрээр олон түмэнд толилуулсан бол уран сайхны хувьд сонгодог маягийн бүтээл болох байсан байж юуны магад гэж бодогддог юм. Гэвч үзэгч олон түмэн энэ киног ам сайтай талархан хүлээж авсан нь найруулагч Б.Цогтбаярын гавьяа, мэргэжпийн ур чадвар юм.

 

Уг киноны бэлтгэл ажил, зураг авалтын харууштай олон сайхан кадр, олзуурхууштай зүйл олон байсныг хэлэх хэрэгтэй. Би киног үзэж суухдаа найруулагч, Нацагдоржийн намтар түүхтэй холбоотой ямар шинэ сэргэг нээлт хийж, ямар уран тод шигтгээ үзүүлж ямар сюрприз барих бол гэж хүлээснээ эдүгээ нуух юун. Киноны зохиолч үгүйлэгдэж байгаа нь уг бүтээлийн юм юман дээр мэдрэгдэж байлаа. Дотоод сэтгэлээ гаргаж, олон түмэндээ зовлон жаргалаа хувааж дүр бүтээдэг жүжигчин үгүйлэгдэж байнам биш үү. Гитлер нь байвал Геббельс нь би болъё гэж Дашбалбар олон жилийн тэртээ хэлж байсан. Түүн шиг зохиол нь байвал найруулагч нь байна гэдгээ манай Цогтбаяр “Харанхуй хад” киногоороо харуулсан.

 

Би урлаг, утга зохиолын томчуулын гар хурууны үзүүрт зарагдан тэдний элдэв засваргүй үнэн үг, үүх түүхийг сонсч явсан хүний нэг. Их зохиолч Нацагдоржийг архинд хордож үхсэн бус өөрийн танил хүнийхээ гарт хорлогдож нас барсан тухай худлаа хэлэхгүй хэд хэдэн хүний амнаас нэг бус удаа сонссон юм байна. Пагмадулам ч гэсэн хар тамхинд толгойгоо мэдүүлсэн гэдэг нь худлаа болохыг Нацагдорж судлаачид, эрдэмтэн мэргэд тогтоосон. Мөнгөний бус, мөнхийн бүтээл туурвихын төлөө эрүүл мэнд, эдийн засгаа хайрлалгүй зүтгэж яваа эрхэм найруулагч Б.Цогтбаярын Монгол сэтгэлгээ, эх орон газар шороогоо гэсэн элэг зүрх дэлхийн дэвжээнд улс орныхоо алдрыг дуудуулах өдөр ирнэ гэдэгт итгэнэ.

 

Гадаад орнуудад Нацагдоржийн зохиол бүтээлийг төгс төгөлдөр орчуулах хэл, ойлгуулах ахуй, сэтгэхүй хоёр байхгүй учраас нүүдэлчдийн соёл, иргэншлийг суурин иргэдэд ойртуулах нь бараг боломжгүй, бүтэшгүй зүйл байсан цаг бий. Үүнийг харин Б.Цогтбаяр нарын цөөн найруулагчид л хийж юуны магад хэмээн горьдох юм. Миний найз яруу найрагч “хар” Гантөмөр архи дарс ууж халамцаж согтсон үедээ “Намайг байтугай Нацагдоржийгоо гомдоож үхүүлсэн заяа ч үгүй төр засаг” гэж хэнд ч юм бэ хааяа гомдлын үг хаядаг байсан сан.

 

“Учиртай гурван толгой” жүжгийн цомнол шүлгийг бичүүлэх гэж Нацагдоржийн хойноос хормойдох нь холгүй даган гүйж явсан найруулагч Намдаг гуай “Бөмбөгөр ногоон” хэмээх театрт дуурийнхаа анхны нээлтийн тоглолтыг хийхдээ хамгийн түрүүн урин авчирч хүндэтгэлийн сэнтийд залах ёстой байсан зохиолчоо урихаа мартсан нь тухайн цаг үеийн үнэлэмж, улс төрийн учир шалтгаан ч байсныг үгүйсгэх аргагүй. Төрийн сайд дарга нар урлаг, соёлын томчуул хүрэлцэн ирсэн тэр тоглолт дээр олон түмнээс талархал магтаал сонсч алдар авьяасаа бусадтай хуваалцахыг хүсээгүй найруулагчийн дотор санаа ч байсан байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг найруулагч Б.Цогтбаяр соргогоор олж харан Нацагдорж мөнөөх тоглолтонд гаднаас тасалбар худалдан авч орж ирснээр ёжлон үзүүлсэн нь Намдаг гуайн өмнөөс үзэгчдийн нүүр халмаар энгийн юм шиг хэрнээ уран тод шигтгээ болсон мэт.

 

Мөн улаан бүчтэй пионер сурагчид “Бүхий олон багачууд" дуу дуулан жагсаж явахад яг мөр дээр нь тэр дууг зохиосон их зохиолч маань газар олж гишгэхгүй, тэнгэр олж харахгүй болтлоо согтууран хашаа түшин ганхаж зогсох нь үзэгч олонд үлгэр жишээ, ёс суртахуунгүй мэт харагдавч ард түмнээ соён гэгээрүүлэгч сор болсон сэхээтнүүдээ төр засаг нь хавчин гадуурхаж гудамжинд хөөж гаргасан тэр эмгэнэлтэй цаг үеийг найруулагч ийм эрс тэс реакцитай харуулсан нь урьд өмнө төдийлөн олон үзэгдээгүй сонирхолтой, алдаатай юм шиг хэрнээ олзуурхууштай эгэл амьдралын үнэн бөгөөд сонин шийдэл болжээ.

 

Нацагдорж “Харанхуй хад”- ын газар өдөржин шөнөжин төөрч тэнээд нэгэн цагийн амраг бүсгүйтэйгээ уулзаж чадаагүй ч хэрвээ би Б.Цогтбаярын оронд найруулагч байсансан бол Нацагдоржийг хээр хонуулан зүүд нойронд нь хонгорхон Нинатай нь уулзуулах байсан юм.Уулзуулахаар барахгүй “Харанхуй хад” киноны жинхэнэ гол үйл явдлын ихээхэн хэсэг эндээс эхлэх байсан юм. Хээр хөдөө морио чөдөрлөж тавиад архиар хучлага хийж согтуу унтаж буй зохиолч дээр хос моринд Англи хийцийн нумтай хөнгөн тэрэг хөллөсөн Нина бараа бологсдынхоо хамт давхиж ирнэ. Ертөнцийн хоёр туйлд он удаан жил биеийг мөрөөдсөн хоёр амраг залуугийн тэрхүү гайхамшигтай учрал үгээр дүрслэхийн аргагүй гоё кадр болох нь ойлгомжтой. Бүсгүй хайртай хүнийхээ нүд рүү эргэж буцалтгүй шийдвэртэй харцаар ширтэн “Монгол шиг ийм хоцрогдсон харанхуй бүдүүлэг жижигхэн улсад чам шиг гэгээрсэн том сэхээтэн амьдрах орон зай байхгүй. Одоо би чамайг нутаг руугаа аваад явна. Би чамаас хэзээ ч салахгүй. Чи бид хоёр дахин амьд мэнд уулзаж чадаа ч билүү, үгүй ч билүү. Алив одоо тэргэнд суу! Явъя” гэхэд Нацагдорж “Би чамдаа хязгааргүй хайртай ч эх орон, газар шороогоо орхиод явж чадахгүй. Үүний оронд үхсэн маань ч хавгүй дээр”. Кино цаашаа ийнхүү үргэлжлэх байсан болов уу...

 

“Харанхуй хад” бол уран зохиолч хүнийг өдөр бүр сэрээж, гадаад их далайн дундаас хүний хөл хүрээгүй арал, хүйс хайх лугаа адил зохиол бүтээлдээ үргэлж шинэ шинэ нээлт хийж, өөрийгөө болон бусдыг давтахгүй байхын гэгээн алс руу дуудаж байдаг зохиол мөнөөсөө мөн билээ. Нэг үгээр хэлбэл хүмүүний уураг тархины болоод газрын татах хүчнээс тасарсан олон хувилбараар тайлбарлаж болохоос сэтгэл зүйн драм, ганц хүний жүжиг гэж хэлж болно. Жархан минутын кинонд Нацагдоржийн бүхэл бүтэн амьдралыг багтааж болохгүй ч Пагмадулам киноны кадраас дэндүү эрт алга болов. Тэр Нацагдоржоос тодорхой шалтгаанаар салж өөр хүний эхнэр болсон ч түүнээс сэтгэл зүрхээ буцааж аваагүй болохыг харуулах байсан юм. Тэр цагт Нацагдоржтой өрсөлдөхүйц төрөлхийн авьяас мэдрэмжтэй бичгийн мэргэд олонгүй байсан ч түүнд атаархагчид цөөнгүй байжээ. Архи уух болгондоо ирж гэр орныг нь түйвээдэг их зохиолчийг зоддог олны танил тийм нэг танхай, хулигаан хүн байсан тухай хуучны том сэхээтнүүд ам дамжуулан ярьдаг байсныг би нэг бус удаа сонссон. Хамгийн харамсалтай нь амьдралынх нь сүүлчийн жилүүдэд Нацагдоржийг өмгөөлж, хамгаалах хүн байсангүй гэдэг нь тодорхой харагддаг. Хөдөөний нэг дархан өвгөн АН-2 буюу царцаа ногоон онгоцыг анх үзчихээд “Хийхийн хувьд бол дажгүй хийчихэж, өө хэлбэл хадаасыг нь дэндүү олдуулчихаж” гэж хэлсэн гэдэг шиг би Б.Цогтбаярыг шүүмжлэх л гэж шүүмжилж байгаагаас биш “Харанхуй хад” өнөө цагийн өнгөн дээр бусдаас ялгарахуйц сонин содон тавилттай өвөрмөц сонирхолтой зохиомжтой, үзэгчдэд өгөөжтэй, Монгол хүн бүхний зүрхний галыг бадраасан сонгодог хийцтэй бүтээл болж чаджээ.

 

Ихэнх уран бүтээлчид маань арав таван төгрөг, аяга хоолны эрэлд хатан “халтуур” хийж яваа өнөө цагт өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар “Богд хаан”, “Харанхуй хад” зэрэг сонгодог шийдэлтэй томоохон хэмжээний бүтээл хийсэн кино найруулагч өнөөдөр Монголд Цогтбаяраас өөр бараг алга гэж хэлэхэд хилсдүүлэг болохгүй биз. Б.Цогтбаяр бол кино хэмээх эхлэл төгсгөлгүй далайд эрэл хайгуул хийж яваа хөлөг онгоцны залуухан ахмад. Гадаад далайд аялах Монголын далбаатай тэр гурван шурагтай хөлөг онгоцон дээр Нарангэрэлт түмэн наст Богд гэгээн, Их Нацагдорж тэргүүтэн залран дэлхий ертөнцийг халиан харж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж явна. Нацагдорж, авгай хүүхдээсээ хагацан ажил албанаасаа халагдан улс төрийн хэрэгт сэрдэгдэн сэтгэлийн тэнцвэрээ алдсан боловч угаасаа гэрийн болон Германд боловсрол эзэмшсэн төв эрхэмсэг сэхээтэн элит байсан учраас хэзээ ч ухаан, малгай хоёроо гээтэл архидан согтуурч байгаагүй тухай Баатар ван Наваан-Юндэн гуай тэргүүтэй олон хүмүүс бичиж үлдээсэн байдаг. Монголын шинэ цагийн уран зохиолыг үндэслэгч тэр гайхамшигтай хүн Монголын уран зохиол туурвил зүйл төдийгүй нийгмийн сэтгэлгээ, хүмүүсийн сэтгэл зүйд шинэчлэл хийж чадсан юм. Түүний үргэлжлэл болсон үе үеийн зохиолчид өнөөдөр ч гэсэн их Нацагдоржоосоо суралцсаар байгаа нь бодит үнэн буюу. Нацагдоржийн “Харанхуй хад” хэмээх тэр хэдхэн хуудас богино өгүүллэгт кино жүжиг, дуурь, дуу хөгжим, зураг дүрслэл, бүжиг жүжгийн бүх элемент ая эгшиг, манер, агаар амьсгал бий. Харин түүнийг тэр бүр тэмтэрч мэдэрч чаддаг авьяастан тийм ч олонгүй байж мэдэх юм. Гэвч энэ бүхнийг найруулагч Б.Цогтбаяр муугүй уншиж чадсан нь түүний бүтээлээс тод харагддаг. Алив зохиол, кино, жүжгийн эхлэлээс төгсгөлийг нь төгс төгөлдөр бодож олох нь илүү түвэгтэй, адармаатай байдаг. Морин тэргээр хаанаас ч юм бэ ертөнцийн хязгаараас давхин ирсэн Нина хээр хөдөө тэр их хад асга, зүг чиггүй цонж чулуун дунд согтуу унтаж байгаа Нацагдоржийг сэрээн элдвээр ятган байж тэргэндээ суулган авч одоход чөдрийг нь авч сул тавьсан морь нь хойноос нь дагалгүй араас нь харан үлдэнэ. Киноны төгсгөл хэсэгт зүүд, бодит амьдрал хоёр хоорондоо сүлэлдэн уусч Ниначка нэгэн гоё улаан алчуурыг Нацагдоржийн хүзүүнд уяж өгөх бөгөөд хөдөө хээр ганцаараа нойрноос сэрэхэд нь тэр алчуур нь хүзүүнд нь зангидаастай хэвээр байх нь үүнийг үзэгчид өөрсдийн итгэл үнэмшил, дээд мэдэрхүйгээрээ тайлж унших ёстой уран сайхны гэнэтийн бэлэг болох байсан болов уу.Нацагдоржийг нойрноос сэрэхэд дэргэд нь хэзээ хэн ирж асаасныг мэдэхгүй нэгэн бяцхан түүдэг гал дүрэлзэн байх бөгөөд их зохиолчийн зургаа дахь долоо дахь мэдэрхүйгээр бичигдсэн зөн совингийн зохиол гэдэг нь энэ мэт ер бусын зохиомжоороо үзэгчдэд илүүтэй ойлгогдоно. “Харанхуй хад”-ыг гэрэлтүүлсэн хайр сэтгэлийн дуулийг бүтээж Их Нацагдоржийн амьд гэгээн дүртэй үзэгч олон түмэн та биднийгээ уулзуулсан авьяаслаг кино найруулагч Б.Цогтбаяртаа баяр хүргэе.

 

 

Ардын уран зохиолч Балжирын Догмид