25-аас дээш насны эмэгтэйчүүдэд үрчлээнээс гадна батгаших асуудал тулгарах нь элбэг. Эмэгтэйчүүдийн 54 хувь, эрэгтэйчүүдийн 40 хувь нь энэ насандаа дээрх асуудалд өртдөг байна.

Батга гарах нөхцөл 

25-аас дээш насны бүсгүйчүүдийн нүүрэн дээр батга гарах нь ихэвчлэн стресстэй холбоотой. Сэтгэл зүйн өөрчлөлт арьсан дээр илэрдэг бөгөөд элдэв төрлийн батга гарч, арьс өнгөө алддаг. Удаан хугацаанд стресстэж явсаас арьсны халим нэмэгддэг. Ингэснээрээ арьсыг гадны нөлөөнөөс хамгаалагдах чадваргүй болж, элдэв бохирдол орох шалтгаан болдог. Мөн арьсны гадарга дээр бактери олноор үржиж эхэлдэг байна. Хүрээлэн буй орчны бохирдол арьсанд их хэмжээний хор хохирол учруулдаг. Агаарын бохирдол, тамхи, озоны нимгэрэлтээс үүссэн хэт ягаан туяа зэрэг нь арьсанд маш хурдан сөрөг нөлөө үзүүлж чаддаг юм. 

Арьсны асуудалтайгаа хэрхэн тэмцэх вэ? 

Арьсны асуудлыг тодорхойлох эхний алхам: Таны арьс хэтэрхий хуурайшиж эсвэл хэтэрхий тослогжоогүй биз? Арьс тань гадны нөлөөллийг амархан мэдэрдэг үү? Хэрвээ таны арьс цаг агаар, гоо сайхны бүтээгдэхүүн, салхи зэрэг гадны үйлчлэлд маш амархан хариу урвал үзүүлдэг бол хамгийн түрүүнд өнгөгүй, үнэргүй харшил хөдлөгдөггүй гоо сайхны бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.

Гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв сонгох нь чухал

Арьсыг таталдуулж, улайлгахгүй зөөлөн үйлчилгээтэй цэвэрлэгч тоник хэрэглээрэй. Мөн тайвшруулагчтай шөнийн тос, хэт ягаан туяаны хамгаалалттай өдрийн тос зэргийг хэрэглэх нь зүйтэй. Арьс тань үе үе хуурайшиж, загатнаж хорсдог бол тэжээлийн бодис агуулсан хуурай арьсны бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. 

Тослог арьс

Тослог арьс бол батга гарах нөхцлийг маш амархан бүрдүүлдэг. Тиймээс тослог арьсанд зориулсан тусгай бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Тослог арьстай хүний тослогийн булчирхай идэвхтэй ажилладаг учир их хэмжээгээр тослог ялгарч, бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс тослог арьстай хүмүүс бактерийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн сонговол илүү сайн үйлчилгээ үзүүлж, элдэв асуудал үүсэхээс сэргийлж өгнө. Мөн арьсаа долоо хоног тутам гуужуулж хэвшсэнээр арьс бохирдохгүй, илүү өнгөлөг толигор харагддаг. Хоол хүнсээ зөв сонгож хэрэглэж чадвал арьсны асуудал үүсэх нь бага байх болно. Ялангуяа тослог арьстай хүмүүс аль болох өөх тостой хоолноос татгалзаарай. 

30-аас дээш насны бүсгүйчүүд насандаа тохирсон бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй

Арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнд юу, юу багтвал зохистой вэ? 30-аас дээш насны бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүндээ үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдийг нэмэх хэрэгтэй. Гэхдээ элдэв асуудалтай арьс маш эмзэг, мэдрэмтгий байдаг тул тэр болгон үрчлээний эсрэг бүтээгдэхүүн таарахгүй. Тиймээс гоо сайханчийн зөвлөгөө авч, харшил өгөхгүй, зөөлөн бүтэцтэй хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

Хар, цагаан батга болон арьсны бусад асуудлаас хэрхэн сэргийлэх вэ? 

Төгс цэвэрлэгээ бол арьсан дээр батга үүсч, арьсны халим нэмэгдэхээс сэргийлэгдэг. Зарим бүсгүйчүүд батгаа эмчлэхийн тулд элдэв төрлийн хатаагч бүтээгдэхүүн хэрэглэж арьсны бүтцээ улам дордуулдаг. Дээр зөвлөсөн шиг стресст бага өртөж, машин замын ойролцоо явахаас зайлсхийгээрэй. Учир нь тэнд маш их тоос шороо, бохирдол бий.