2016 оны статистик мэдээллээс үзэхэд Бүгд Найрамдах Турк Улсад нийт 4000 монгол иргэд амьдарч байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк Улсад оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авч байна. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ноогцохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байгаа.  Тиймд хоёр улсын хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцон эхний шатны хэлэлцээг Улаанбаатар хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд, 2 дугаар шатны хэлэлцээг Бүгд Найрамдах Турк Улсын Анталя хотод 2016 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулж, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтсон юм.

Хэлэлцээрт Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж олгох зэрэг асуудлыг тусгажээ.

           

 Хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн.

Асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 02-р сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тиймээс асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх юм. Хэлэлцэх үед бид эргэж мэдээлэх болно.