“WhatsApp”-ыг үүсгэн байгуулагч албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ
2018/05/01
“WhatsApp” апликейшнийг үүсгэн байгуулагч, тус компанийн захирал Ян Кум албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн байна.
“Вашингтон пост” сонины мэдээлснээр, тэрбээр “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний удирдлагатай санал зөрөлдсөний улмаас ийм шийдвэр гаргасан аж.
“Брайан бид хоёр “WhatsApp” компанийг байгуулснаас хойш бараг 10 жил өнгөрчээ. Энэ хугацаа миний хувьд гайхалтай сайхан аялал байлаа. Гэсэн хэдий ч миний хувьд цааш ахих цаг үе иржээ. Хүмүүс “WhatsApp”-ын тусламжтайгаар миний төсөөлж байснаас ч илүү ихийг хийж бүтээж байна. Манай компанийн баг хамт олон урьд урьдыхаасаа илүү хүчирхэг болсон бөгөөд илүү гайхалтай зүйлүүдийг хийж бүтээсээр байх болно” хэмээн тэрбээр “Фэйсбуук” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“WhatsApp”-ыг “Facebook” компани 2014 онд худалдаж авч байсан юм. “WhatsApp” нь 1 тэрбум давсан хэрэглэгчтэй аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг