Солонгосын виз мэдүүлэхдээ хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй талаар холбогдох газруудаас мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд НДЕГ, БНСУ-ын Элчин сайдын яам, ЦЕГ-ын албаныхан оролцсон юм.

НДЕГ-ын дэд дарга Г.Саран хэлэхдээ, “Монгол, Солонгос хоёр улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёлын олон салбарт идэвхтэй харилцаж байна. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад Монгол Улсын нийт хүн амын нэг хувьтай тэнцэх буюу 30 мянга орчим иргэд оршин сууж байгаагийн 5 мянга гаруй нь оюутан юм. Солонгост сурч, хөдөлмөрлөх зорилгоор түр оршин суугаад буцсан 300 мянга гаруй иргэд байна. Хоёр улс хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн судалгаа бий.

Иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, тус улсыг зорих сонирхолд дөрөөлөн зарим нэг хууль бус үйлдэл гарч байна. Тухайлбал, БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг  хуурамчаар үйлдэх тохиолдол буурахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага болон тус улсын ЭСЯ хамтран ажиллаж, хяналт тавихаар боллоо. Тодруулбал, Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилсэн. Мөн ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий програм хангамжийг шинээр нэвтрүүллээ. Энэхүү програмаар Төрийн үйлчилгээний цахим машин/ТҮЦ/-аас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагааны үнэн эсэхийг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой код, иргэний регистрийн дугаарыг  http://data.ndaatgal.mn:8080/checklav оруулж нягтлах боломжтой. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа тодорхойлолт үйлдэх явдлыг бууруулна гэж үзэж байна” гэлээ.

БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг,  “Сүүлийн үед БНСУ-д зорчих визийг мэдээлэхдээ төрийн болон хувийн хэвшлийнхний тодорхойлолт нийгмийн даатгалын шимтгэлийг хуурамчаар үйлдэх болсон.  15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа нь харамсалтай. Тухайлбал иргэд виз мэдүүлэхдээ  гэрлэлт, нийгмийн даатгал, урилга, дансны хуулга банкинд таван сая төгрөг байршуулсан гэх тодорхойлолт, БНСУ-д суралцаж буй оюутан гэсэн хуурамч бичиг баримтыг бүрдүүлэх нь нэмэгдлээ. Хамгийн аюултай нь  европын орнууд руу зорчсон гэсэн хуурамч виз хүртэл авч ирж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хуурамч материалын тоо 400-500-д хүрсэн. Хуурамчаар бичиг баримт үйлдвэл хамгийн багадаа  1 жил, цаашлаад хугацаагүйгээр Солонгост виз мэдүүлэх эрхийг нь хаана. Цахим сүлжээгээр дамжуулан 100-5 сая төгрөгөөр бичиг баримт гаргадаг  хүмүүс байна. Эдгээр хүмүүст залилуулан эд, хөрөнгөөрөө хохирохгүй байхыг хүмүүст анхааруулья. Улмаар гэмт хэрэгтэн болох нөцөл үүсч байгаа учир Солонгосын ЭСЯ-нд таньдаг хүнтэй виз гаргаж өгнө гэсэн хүмүүсээс болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ямар ч мөнгө авдаггүй. Гагцхүү иргэн та визний хүсэлт гаргахдаа ном ёсоор нь бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх явдал нь гэмт хэрэг. Тиймээс үүнийг газар авахуулахгүйн тулд хяналтыг маш сайн тавьж байна. Визийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх нь  нийгмийн итгэлцлийг алдагдуулж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн этгээд  бус виз мэдүүлсэн хүнд эрүүгийн хариуцлага үүрэх учир үүнд маш болгоомжтой хандах ёстой. Түүнчлэн иргэд эмчилгээний аяллын виз буюу С-3 авахдаа заавал ГХЯ-ны нот бичиг шаардлагатай гэж ойлгодог. Гэтэл энэ нот бичиг нь заавал байх шаардлагагүй”гэв.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр, “Цагдаагийн байгуулагад хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх асуудлаар 2013-2018 онд 11 гэмт хэрэг шалгагдсан. Хуурамчаар бичиг баримт үйлдэж буй хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлгийн 14-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм . Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох 6-1 жилээр зочих эрхийг хязгаарлах,  2-6 жилээр хорих ялаар шийтгэнэ. Тиймээс Цагдаагийн байгууллагаас хэрэв та аль нэг улсад очиж хөдөлмөр эрхлэх гэж байгаа бол хуулийн дагуу мэдүүлэг, бичиг баримтаа бүрдүүлж, өгсний дагуу улсын хилээр нэвтрэхийг Цагдаагийн байгууллагаас сануулж байна” хэмээв.

 

Б.Заяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг